9-р сарын 1 боллоо, миний маш том айдастайгаа нүүр тулах цаг ирлээ...
Эцэг эхчүүдээ, та бүхэн хүүхдүүдтэйгээ хүний ялгаатай байдал, хөгжлийн бэрхшээлийн талаар ярилцсан уу? Хүүхэд тань ангид нь хөдөлгөөний бэрхшээлтэй, аутизм болон даунтай, бүр саажилттай хүүхэд орж ирээд суралцахад шоолж гадуурхахгүй хамт суралцахад, нөхөрлөхөд БЭЛЭН ҮҮ? ТА ӨӨРӨӨ БАС БЭЛЭН ҮҮ?
"9 сарын 1 боллоо, миний маш том айдастайгаа нүүр тулах цаг ирлээ. Маш их эмзэглэж байна.
Охин маань сурагч болоод сайхан байх ч охины маань ангийн хүүхдүүд, ер нь үеийнх нь балчир үрс намайг харж айгаад охиныг минь ялгаварлан гадуурхаж шоолохвий гэдэг АЙДАС байна.
Магадгүй энийг уншиж байгаа та "за юун сүртэй юм, юу гэж тэгэхэв" гэж шоолонгуй бодож суугаа байх. Гэхдээ энэ бол бодит үнэн, байдаг асуудал. Охиныгоо гадаа тоглуулах гээд цуг гарахаар зарим хүүхдүүд нь танай ээж ямар сонин юм гэнэ, зарим нь чи галзуу ээжтэй юм байна гээд шоолдог. Яг тэр үед миний охины харц ямар өрөвдмөөр болдог гэж санана.
Яг 4-10 насны хүүхдүүд намайг хараад их айдаг, гайхдаг. Гаднах байдал маань буюу гар хөлийн савчих хөдөлгөөн, толгойны огцом хөдөлгөөнүүд нь согтуу нэгэн шиг харагддаг болохоор, ихэнх хүүхдүүд сэтгэцтэй мангар тэнэг гэж хараад зугтдаг, аав ээжийнхээ ардуур орж чичирхийлж зогсож байгааг нь олон удаа харсан болохоор бичиж байгаа юм.
Саяхан нэгэн ээж 2, 3 дугаар ангийн гэмээр хүүхдээ дагуулаад дэлгүүрт юм авах гээд зогслоо, нөгөө хүүхэд нь над руу эргэж харчихаад маш их айсан, уйлах гээд хэцүү байхад нь ээж нь надаас санаа зовоод хүүхдээ тэврээд чихэнд нь тайлбарлаад байх шиг байсан гэвч хүүхэд нэгэнт айсан учир тусыг олоогүй. Тэр ээж хурдхан юмаа бичүүлж аваад надаас уучлал гуйгаад гараад явсан.
Энэ ээж ч яахав тайлбарлах гээд аргаа ядсан, харин ихэнх эцэг эхчүүд дуугүй бай, чимээгүй бай гээд аваад явдаг юм. Та бүгдээс гуйя ТАЙЛБАРЛАЖ, ОЙЛГУУЛААД ЯРИЛЦАЖ БАЙГААРАЙ.
Би ингэж нэг бэрхшээлийг онцолж ярих дургүй гэхдээ яг ийм асуудалтай нүүр тулж яваа олон саажилттай залуус, олон саажилттай ээж аавууд байгаа болохоор өөрөөрөө төлөөлүүлэн хэлж байна.
Эцэст нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд минь хүүхэдтэйгээ энэ сэдвээр "хүн бүр адилхан биш, хүн бүр хоёр гартай, хоёр хөлтэй байх албагүй" гэх зэргээр өөрсдийнх нь ойлгох түвшинд ярилцаарай гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Би охиндоо орой бүр үлгэр ярьж өгөхдөө хүнийг гаднах төрхөөр нь шоолж гадуурхаж болохгүй гэж, мөн хүний ялгаатай байдлын талаар ярилцдаг. МЭДДЭГ ХЭЛЭЭР НЬ ОЙЛГУУЛААРАЙ.
Багш нарт ч энэ хамаатай асуудал. Ангид чинь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахаар ороод ирсэн бол анги хамт олныхоо хандлагыг эерэг болгож, нөхөрсөг харилцаа бүрдүүлэх нь таны маш том үүрэг юм шүү.
Хүндэтгэсэн: Буянжаргалын Болороо