"Надад ажил хийдэггүй 30-н хүнээс илүү 30-н сайн багш хэрэгтэй"
Боловсролын сайд Л.Энх-Амгалан 25ТВ-ийн "Ам нээвэл" ярилцлагад орохдоо БШУЯ-ны ажилтнуудаа цомхотгосон талаараа ярив.
Тэрбээр "Яамны 30 хувь нь цахимаар ажиллаад үзлээ. Болж байна. Яам дээр цөөхөн хэдэн сэтгэлтэй, чадварлаг хүмүүсийн нуруун дээр яамны ажил явдаг юм байна. 122 хүнээс ажил хийхгүй байгаа 50 хувьд би тэгж татвар төлөгчдийн мөнгийг зүгээр үр ашиггүй зарцуулж болохгүй шүү дээ.
Надад энэ яамны ажил хийдэггүй 30 хүнээс, 30 сайн багш илүү хэрэгтэй. Энэ хэмнэсэн мөнгөөр цалинг нь нэмэх.
Өөрөөсөө манлайлал үзүүлье гэж байгаа юм. Сайд хоёр зөвлөхтэй байдаг. Би нэг зөвлөхтэй ажиллахад болно. Сайд хоёр туслах, нарийн бичигтэй байдаг, надад хоёр хэрэггүй нэг байхад болно. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёр дундаа нэг нарийн бичигтэй байхад болно.
Одоо манай яаманд зөвхөн шагнал хариуцсан мэргэжилтэн байгаа. "Боловсролын тэргүүний ажилтан" гэсэн шагнал хариуцсан мэргэжилтэн байдаг. Ажлын ачаалал байхгүй, онц шаардлагагүй хүмүүс бол төрийн алба цомхон чадварлаг байх хэрэгтэй гээд ийм зарчмаар л ажиллах ёстой." гэв.