"Мөрөөрөө байхад чинь оролдоод цохиж, зодоод байх үед ёс зүйтэй байх гээд үз дээ" (Бичлэг)
"Хорь ч хүрээгүй хонгор зүстэй хүү Риогийн олимпт шагналт байрт шалгарахад амтай бүхэн шагшиж байлаа. Гай гишгэдлийг нь отож хайрлах зүрхгүй өсөрхөгчдөд машинаар мөргүүлэн, тархиндаа 32 оёдол тавиулаад заяа нь түшиж хөл дээрээ өндийв. Гэвч алдааг нь амдаж суусан зарим нөхдийн гадуурхал, ард түмний амнаас үсчих шүлсний өөдөөс, хүүхдийнхээ живхний мөнгийг олохын тулд хар ажилд махран зүтгэсэн тэр.
Уусан эмэндээ солиорч гудамжинд нүцгэн гүйхэд нь бүгд шоолж суув. Санаанд нь багтсан ч дэлхийн аваргыг аргагүйн эрхэнд өнжихдөө цээжин цаана гунигтайгаар мэгшин, өнөөгийн мөчийг дөрвөн жил хүлээхээр болсон. Токиод язганаж, тулаанч чанараа дэлхийд тунхагласан ч ялалт түүнийх байсангүй.
Ийм л тамирчин ирмэгээсээ жаахан л эмтэрчээ. Харамсалтай нь түүний хүсэл мөрөөдөл, агуу их сэтгэлийг хүлчихлээ. Маш их харамсаж байна."
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж, тамирчны сахилга хариуцлага алдсан гэж Боксын холбоо үзэн, үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргав. Гэтэл энэ нь нөгөө л гүтгэлэг, худал хуурмагийн нэг жишээ байсныг сэтгүүлч Ч.Лодойсамбуу "Улаан бал" нэвтрүүлгээрээ илчлэх эсэхийг бид харах болно. Ямартаа ч Цэндбаатарын "танхайрсан" гээд байгаа орой яг үнэндээ юу болсныг харуулсан камерын бичлэг дэлгэгдсэн юм.