Чингэлэг тээврийн терминал ашиглалтад орвол нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэнэ
Ковидын үеийн эдийн засагт гэгээ татуулсан мэдээллийн нэг нь Гашуунсухайт боомт дээр баригдсан нүүрсний чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалт болж байна. Төр засгийн зүгээс Замын-Үүдийг чөлөөт бүс болгохоор ажиллаж эхлээд долоо, найман жилийг үдсэн ч өнөөг хүртэл төвөвлөсөн ажлууд нь ахиж гавиагүй яваа. Гэтэл нөгөө талд хувийн хэвшлийнхэн, нүүрс экспортлогч компаниуд хоёрхон сарын дотор 30 га талбайд чингэлэг тээврийн терминал барьсан нь эдийн засагт өгөөжөө өгсөн том бүтээн байгуулалт боллоо. Төр, хувийн хэвшлийн түншлэл сайн хэрэгжиж чадвал ямар давуу талтайн тод жишээ нь энэ бүтээн байгуулалт боллоо гэж албаныхан онцолж байна.
Засгийн газар өнгөрсөн долдугаар сард нүүрсний экспортын гол хоёр боомт болох Гашуунсухайт, Шивээхүрэнд чингэлэг тээврийн терминал байгуулах тогтоол баталж байв. Манай улсын нүүрсний 95 орчим хувь нь энэ хоёр боомтоор гардгийг онцолъё.
Дахин тодотгоход, Засгийн газар уг терминалыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хүч оролцоогоор байгуулах шийдэл гаргасан юм. Шивээхүрэнгийн нүүрсний чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалт бүрэн дуусчээ. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас хамаарсан ажлууд л үлдээд байгаа гэнэ. Яг одоо уг бүтээн байгуулалтыг хүлээж авахаар Улсын комисс ажиллаж байгаа аж. Энэ сараас ажиллаж эхлэх хүлээлттэй байгаа уг терминалыг Таван толгойн бүлэг ордод олборлолт явуулдаг “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой”, “Таван толгой” компаниуд хөрөнгө оруулж бүтээн байгуулсан гэх мэдээллийг салбарын яамнаас өглөө.
Төсвийн тодотголд өнөө жил 28.7 сая тонн нүүрс эспортолж, 1.3 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэж төсөвлөсөн ч гүйцэтгэл нь 40 орчим хувьтай яваа аж. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Хятадын зах зээл дээр түүхий эдийн үнэ зарим тохиолдолд түүхэн хэмжээндээ хүрч өсч байгаа. Нүүрснээс гадна зэсийн баяжмал, төмрийн хүдрийн үнэ нэлээд өндөрт хүрч өссөн. Зарим тохиолдолд бүр сүүлийн арваад жилд ажиглагдаагүй өсөлт анзаарагдах болсон. Энэ утгаараа түүхий эдийн экспорт биет хэмжээний хувьд бага байсан ч үнэ өссөн учраас мөнгөн дүнгийн хувьд чамлахааргүй тоо харагдаж байгаа. Наймдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар Сангийн сайдын өгсөн мэдээллээс энэ нь их тод анзаарагдсан. Улсын төсөв гүйцэтгэлээрээ 105 орчим хувийн биелэлттэй яваа гэсэн тоо дуулдана лээ. Улсын төсвийн 25-30 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлдэг. Тодруулж хэлбэл, уул уурхайн салбарт ажиглагдаж буй түүхий эдийн үнийн өсөлт төсөвт эерэгээр нөлөөлсөн гэсэн үг” хэмээн онцоллоо.
“Ковид-19”-ийн тархалт хэзээ намжих нь тодорхойгүй энэ үед урд хөршийн жолооч нартай ямар ч контакт үүсгэхгүйгээр нүүрсээ экспортлох боломжийг бүрдүүлж өгч буйгаараа энэ бүтээн байгуулалт эдийн засагт том өгөөж өгнө гэж албаныхан онцолж байна. Бүр тодруулж хэлбэл, хилийн боомтуудад чингэлэг тээврийн терминал байгуулснаар хүн хоорондын шууд харилцаа багасч, жолооч нар хил нэвтрэхгүйгээр шуурхай ажиллах боломж бүрдэх аж.
Чингэлэг тээврийн терминал барьснаар зөвхөн Гашуунсухайтын экспорт гэхэд л жилд арван сая тонноор өсөх тооцоо гарчээ. Дашрамд онцлоход, чингэлэг тээврийн зэрэгцээ задгай тээвэр ч өмнөх шигээ хэвийн явагдах юм байна. Тийм учраас ковидын тархалт намжвал нүүрсний экспорт мэдрэгдэхүйц өсөх нь тодорхой болжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдлаас нүүрсний чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын талаар тодруулахад “Бид Таван толгойн бүлэг ордод олборлолт явуулж буй гурван аж ахуйн нэгжтэйгээ хамтраад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хоёрхон сарын дотор ийм том бүтээн байгуулалтыг хийж дуусгалаа. 25-30 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр, 17 аж ахуйн нэгж 420 ажилчинтайгаар 24 цаг тасралтгүй ажилласны эцэст энэ ажлын ард гарлаа. Чингэлэг тээврийн нэг давуу тал нь экологид маш ээлтэй шийдэл. БНХАУ урт хугацаандаа чингэлгээр нүүрсээ гаргах шаардлагыг тавьсаар ирсэн. Тийм учраас бид ковидын нөхцөл байдлыг харгалзаж үзээд чингэлэг тээврийн терминалыг ашиглалтад оруулж байна” гэлээ. Гашуунсухайтын чингэлэг тээврийн терминалын тухайд туршилтын тээвэр нь эхэлсэн яваа гэх мэдээлэл байна. Төрийн байгууллагуудтай холбоотой зөвшөөрөл гэх мэт асуудлууд шийдэгдчихвэл бүрэн хэмжээний туршилтаа эхлүүлэх боломж бүрдэх гэнэ.
Терминалын талбайд ачиж буулгах төхөөрөмж тавыг байгуулжээ. Өдөрт 800 орчим контейнер нүүрс хилээр гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалт нь дуусаад буй Гашуунсухайтын терминалаар гэхэд л жилдээ 8-10 сая тонн нүүрс экспортлох нь. Шивээхүрэнгийн чингэлэг тээврийн терминал ашиглалтад орчихвол энэ хэмжээ өснө гэсэн үг. Гашуунсухайтын хувьд терминалаар гарах нүүрсний хэмжээг дахиад ч өсгөх боломж бий аж. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Эрдэнэс Таван толгой гэхэд л нүүрсээ уурхайн амнаасаа зардаг байсан. Харин одоо энэ компани Гашуунсухайт нөхцөлөөр нүүрсээ зардаг болно” хэмээн тодотгов.
Гашуунсухайтын төмөр замын талаар сонирхоход Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд “Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монголын нүүрсний зах зээлд нэлээд дэвшил гарна. Жилд 30 сая хүртэлх тонн нүүрс тээвэрлэдэг болно. Л.Халтар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Хятадын талтай тохиролцоо хийж эхэлсэн. Огтлолцлын шугам хаагуур байх вэ гэдэг дээр ажлын хэсэг ажиллаж байгаа” гэсэн хариу өглөө.
Шивээхүрэн боомтын хувьд гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгснөөр чингэлэг тээврийн терминалын зам талбайн ажил эхэлжээ. Тодруулж хэлбэл, Шивээхүрэн боомтод барих чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалт газар шорооны ажлынхаа шатанд яваа аж. Нэмж хэлэхэд, Шивээхүрэн боомтод барих терминалын хүчин чадал Гашуунсухайтынхаас хоёр дахин бага байх ажээ.