Дөрвөн жилийн хугацаанд Цахим орчин дахь залилах гэмт хэргийн улмаас 27.4 тэрбум төгрөгийг гадаад руу шилжүүлэн, алджээ
Цахим орчин дахь залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Монголбанк, Монголын Банкны Холбоо, ЦЕГ-ын хамтарсан хэлэлцүүлэг боллоо.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван "Дэлхий дахиныг хамарсан цар тахлын нөлөөгөөр иргэдийн цахим орчинд өнгөрүүлж буй цаг нэмэгдэж, үүнээс улбаалан цахим гэмт хэргийн тоо өссөөр байгаа. АНУ-ын холбооны мөрдөх товчооны мэдээллээр 2020 онд олон улсад цахим халдлага өнгөрсөн жилтэй харьцуулахад 300 гаруй хувиар нэмэгдсэн нь яах аргагүй анхаарал татах асуудал болж байна.
Мэдээлэл технологийн хурдацтай хөгжил нь санхүүгийн салбарт тэр дундаа төлбөр тооцооны хэрэгсэлд амжилттай нэвтэрч тэдгээрийн хэрэглээг хялбарчилж буй сайн талтай хэдий ч мэдээллийн аюулгүй байдал, технологийн зохистой хэрэглээг давхар шаардаж буй. Монгол Улсын хүн амын бүтэц нь харьцангуй залуу ба цахим орчны хэрэглээгээр Ази тивд өндөртөө ордог.
2021 оны эхний зургаан сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн залилах гэмт хэргийн тохиолдлын тоо өмнөх онуудтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа ч өндөр дүнтэй гадаад мөнгөн гуйвуулга шилжүүлгээр иргэд, ААН-үүд их хэмжээний хохирол амссан хэвээр байна.
Энэ нь дийлэнхдээ мэдээллийн үнэн зөв эсэхийг нягтлаагүй, энэ талын мэдлэг, мэдээлэл хомс, мэргэжлийн хүнтэй зөвлөхгүй гаргасан түргэн шийдвэрийн үр дагавар юм. Санхүүгийн залилан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг бид бүхэн 2020 оны нэгдүгээр сараас хойш хэрэгжүүлж байгаа.
"Ятгах тусам нягтал" гурван цуврал аяныг Монголбанк, ЦЕГ, Монголын банкны холбоо хамтран 2020 оны турш амжилттай зохион байгуулсан. Улсын хэмжээнд бүртгэгдсэн залилах гэмт хэрэг 2020 оны эцэст өмнөх оны мөн үеэс 2.4 дахин буурсан нь тус аяны үр дүн юм. Хэдий ахицтай үр дүн гараад байгаа ч урьдчилан сэргийлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай.
Иймд "Ятгах тусам нягтал" 2021 аяныг энэ оны долдугаар сарын 19-нөөс аравдугаар сарын 31-ны өдрийг дуустал зохион байгуулж байна. Иргэд санхүүгийн харилцаанд оролцох зөв дадал хэвшилтэй байх нь чухал" гэлээ.
ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир
"Цахим залилангийн гэмт хэргийн тоо өсөж, олон хүн хохирсон нөхцөл байдалтай байна. Цагдаагийн байгууллага, Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран "Ятгах тусам нягтал", "Нягтлах тусам аюулгүй" зэрэг аяныг үе шаттайгаар зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоо ямар чухал болохыг батлан харуулж чадсан гэж үзэж байна.
Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэг 2019 онтой харьцуулахад нийт бүртгэгдсэн гэмт хэрэг энэ онд есөн хувиар буурсан бол хэргийн шийдвэрлэлт 597 буюу 26.2 хувиар өссөн эерэг үр дүн гарсан" гэв.
"Цахим орчин дахь хайхрамжгүй байдлаас үүдэн гэмт хэрэг гарч байна. Ямар нэгэн азтан шалгаруулах ч юм уу, шаардлагагүй холбоос дээр дараад орохоор таны хувийн мэдээлэл тухайн гэмт этгээдэд 100 хувь шилжинэ. Үүнийг дагаад таны фэйсбүүкийг 100 хувь эзэмшиж, ойр дотны хүн рүү тань мөнгө гуйсан хүсэлт явуулдаг.
2017-2021 оны байдлаар энэ төрлийн гэмт хэргийн улмаас 27.4 тэрбум төгрөгийг гадаад руу шилжүүлж алдсан. Нэгэнт алдсан мөнгийг эргүүлж олж авахад хэцүү. Олон нийтийн газар фэйсбүүкээ хэрэглээд хаалгүй орхисноор гэмт хэргийн хохирогч болж байна. Цахим гэмт хэргийн хувьд учруулсан хохирлоос хамаараад хүлээлгэх хариуцлага янз бүр. Хоёроос найман жил хорих ял оноох тохиолдол ч бий" гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө.