Нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хууль хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Байсхийгээд л огцруулдаг тоглоомын Засгийн газрыг тогтвортой байлгах, парламентаас хэт хамааралтай байдлыг арилгалаа. Шүүх эрх мэдлийг Ерөнхийлөгчийн институц болон улс төрөөс хараат бус байхад чиглэсэн өөрчлөлтүүд орлоо.
Үндсэн хуулинд уг нь байн, байн гар дүрээд байх ёсгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар найман жилийн дотор дахин гар хүрэхгүй байхаар заасан. Мөн ч олон жил ярьж байж хийсэн нэмэлт, өөрчлөлт. Одоо л нэг тогтвортой Засгийн газартай болох нь гэж бодоцгоосон. Гэтэл амар тайван байлгахгүй нь. Аль дээрээс бор шувуу нисгээд эхэллээ. Бүр нарийндаа эрх баригч намын зүгээс энэ бор шувуу нисч байх юм.
Давхар дээлтэй сайдын тоог нэмэхгүй бол дэндүү цөөдөөд байна гэж ирээд ярих болов. Болж өгвөл давхар дээлгүй, салбарынхаа ажлыг хийгээд явж байгаа сайд нараас өө сэв олчих гээд зүтгээд байх юм. Засгийн газрын сайн, муу ажиллаж байгаа тухайд энэ удаа өгүүлэх гээгүй. Алдаа, оноо аль аль нь л байна. Хамгийн гол нь нисгээд байгаа бор шувууг хаана очиж буулгахаар тооцов. Үндсэн хуульд гар дүрэх нь ямар зорилго байна вэ гэтэл ердөө л бялуу хувааж ирсэн зарчмаар нь явахгүй, хэнхэглээд байсанд л учир байж.
Энэ Засгийн газраас “шүд сугална” гэж нэг хэсэг ярьцгаасан. Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, Байгаль орчин, Соёлын, Барилгын, Уул уурхайн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын гээд давхар дээлгүй сайдуудыг “нүдээд” эхэлсэн. Олоон жилийн өмнө чих хатуу нэгэн цэрэг наадамд нэгийн даваанд аваргатай таарч, хэлсэн үгийг нь сонсолгүй унагачихсан гэдэг яриа сонссон л байлгүй. Түүн шиг энэ хэд нь улс төрөө мэдэхгүй хэнхэглэж ажил хийгээд ашиг гаргаж өгдөггүй бололтой юм. Соёлын сайдын улаан хүрэмтэй ноцолдож, жийп унасан саятнуудыг халамжаас хассаных нь төлөө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын талаар ам дамжин цуурав. Угтаа Соёлын сайд өглөө зургаан цагт ажилдаа оччихсон хэнхэглэж суудаг юм байна. Тэрээр ажлаа салбарын хуулиасаа эхэлсэн. Хавтгайрсан халамжийг цэгцлэх гэж байгаа нь А.Ариунзаяа сайдын зөв. Монгол халамжийн улс болоод удаж байна. Хөдөлмөрлөхгүй хөгжиж дэвшинэ, баяжна гэж угаас байхгүй. Хөл, гар нь бүтэн бол ажиллах л хэрэгтэй. Үүнийг цэгцлээд ажил хөдөлмөрлөх бололцоог нь олгох тал дээр бодлогоо чиглүүлж ажиллах л хэрэгтэй. Байгаль орчны сайд Н.Уртнасан сүүлийн үед элдвээрээ дуудуулж байна. Байгаль орчны салбарын үе, үеийн удирдлагуудын ашиг унагадаг ховор ан агнах зөвшөөрлийг нь цахим болгож хэнхэглэж. Сэм хуйвалдаж, ашиг унагадаг бизнесийг нь түмний нүдэнд ил болгохоор яамны хэдэн түшмэл нь ууртай байлгүй ч яахав. Хоолноос нь салгахаар хэн ч эгдүүцэх биз. Харин сайдын ааш аягийн талаархи асуудал бол одоо бичиж байгаа сэдвээс тусдаа асуудал тул хойш тавья. Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан гэж өөрийнхөөрөө нөхөр байна. Энэ салбарыг дэмжсэн гадны төсөл хөтөлбөрүүдийг хүрэх ёстой эздэд нь хүргээд зогсохгүй, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах ургац авахаар болж байна. Өмнө нь ЖДҮ яасныг бид бүгд мэднэ. Дээгүүрээ хувааж авчихаад жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэдээ юу ч хялайлгадаггүй байсан шүү дээ. Үүнд цэг тавив. Хөдөө аж ахуйн бүх бүтээгдэхүүнийг ченжийн гараас салгаж биржээр арилжаалахаар боллоо. Шахааны бизнесийг хааж, олон шахаачдын дургүйг хүргэв. Эрүүл мэндийн сайд С.Энхболд байна. Гүйцэтгэлийн санхүүжилт, даатгалын тогтолцооны шинэчлэл, эрүүл мэндийн үйлчилгээг бүхэлд нь цахим хэлбэрт шилжүүлэх ажлууд хийж байгаа гэнэ. Энэ бүхнээ хийчихвэл энэ салбарт нэлээд ахиц гарна. Хүнд суртал арилна. Өмнөх сайдууд нь бүгд парламентын 76-д ямар нэг юмаараа базуулчихдаг байв. Дан дээлтэй хэдэд ухаж, төнхөх “но” бага болохоор улстөрчид бүр ч ууртай байна.
Энэ мэтээр улстөрчдийн бялуу хувцаалцдаг ойлголтыг мэдэхгүй, сайд гэхээр ажлаа л хийх юм бодоод зүтгээд байхаар ад шоо бололгүй яах юм. Өгцөө, авцаа, наана, цаанаа ойлгохгүй, “Салбарын ажлаа сайжруулаад бужигнуулаад өгнө дөө” гэж ханцуй шамлаад ажил хийж давхиад байвал улстөрчид та нарыг өөд нар харуулахгүй санаа өвөрлөлгүй яахав. Тэдний халаас, араа шүдэнд зуулгачихгүй бол улсдаа хэрэг болох юм даа.
“Дан дээлтэй” сайд нар бол улс төр дэх “дүлий цэрэг” юм. Тиймээс л дуншиж, дуншиж төрсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бялуунд дуртай улстөрчид яриад эхэлсэн хэрэг. Парламентаас биш тухайн салбараас эсвэл чадалтай боловсон хүчнийг сайд болгосон нь улстөрчдийн уурыг барах нь аргагүй. Иргэдэд бол улстөрч сайдаас өнөө ад болоод байгаа нөхөд нь сайд байсан нь дээр. Нөгөө олон улстөрчийн үгийг тэр бүр хүлээж авахгүй, Ерөнхий сайдаасаа үүрэг аваад явахад л болж байгаа юм. Гэтэл дасал болсон шахаа, өчүүхнээс унац гаргаж сурсан түшмэдүүдэд энэ хэдэн сайдын хэнхэглэл тэнэглэлийн дээдтэнэглэл санагдана шүү дээ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж дахин давхар дээлтнүүдийг нэмэх гээд байгаа нь ердөө л энэ. Бялууны зүсмийн дахин хуваарилалт хийх дараагийн ээлжнийхний шуналаас эхтэй. Нийтлэлийн эхэнд дурдсанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулсан заалтуудад найман жил дахин гар хүрэхгүй. Гэвч өөрчилье гэвэл бас өөрчилж болох юм. Дахиад л өнөөх Засгийн газар унагадаг цикл, бахь байдгаараа үргэлжлэх биз. Дахиад л ЖДҮ шиг сэм хуйвалдсан хуваарилалтууд эхэлнэ. Мэдээж давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх гээд байгаа улстөрчид гаргалгаагаа олчихоод л ингэж дуугарч эхэлсэн байж таарна. Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулсан заалтуудад найман жил гар хүрэхгүй гэдгийг хасаад л эхлэх биз. Алийн болгон ингэж өөрийн өчүүхэн эрх ашгаа урдаа тавьж, өөртөө тааруулж хууль өөрчилж байх юм бэ. Өнөөх “дүлий цэрэг” шиг шударгаар “барилдах” дан дээлтэй сайд нар нь дээр юм байна шүү.