Монголчууд цөөхөн хүн амтай жижиг улс орон хэдий ч уг чанараараа том үндэстэн гэдгээ харуулж нацист үзэл санаа, фашист дэглэмийн эсрэг хүн төрөлхтөнг аврахын төлөө их дайн-Дэлхийн хоёрдугаар дайнд бүхий л хүч бололцоогоороо оролцжээ. Энэ бол том үндэстэн болохоо ухаарч ойлгодог ард түмэнд байдаг нэн үнэт чанар билээ...
Энэ түүхэн том үзэгдэлд зохих ёсоор хандаж, хүн төрөлхтөнг фашизмын хар тахал, зэрлэг санаархлаас аврах их хэрэгт Монголчууд огтхон ч тээнэгэлзэлгүйгээр, бүр АНУ ба Англиас аль өмнө шуудран оролцож эхэлсэн нь Монголын улс төрийн уламжлалт соёлын хаялга мөн байлаа.
Европ тивийг бүхэлд нь шахам сөгдүүлж чадаад дээр нь Японы милитаристуудтай холбоотон болсон фашистууд цэрэг зэвсгийн асар их хүчээр Зөвлөлт Холбоот Улсад халдан довтолсон тэр үеийн олон том улс төрчдийн үзэж байснаар “Орос орон дайнд ялагдах нь тодорхой” гэгдэж байжээ. Чухам ийм хүнд, эгзэгтэй цаг үед Оросын талд орж фашизмыг эсэргүүцэх нь Монголчуудын хувьд том эрсдэл, аюултай алхам гэдэг нь тодорхой байв.
Хэдийгээр үзэл суртлын их нөлөө, шахаа байсан боловч Монголчууд гол нь шудрага ёсны төлөө, фашист дарангуйллын эсрэг ухамсартайгаар тэмцсэн байна. Нацизм фашизм нь Монголчуудын уугуул зан чанар, хүмүүжилд харш байв. Монголчууд зөв талд байгаагаа ойлгож байжээ.
Дайнд ЗХУ ялагдсан бол Гитлер Монголчуудыг толгой дараалан хядаж ч мэдэх билээ. Чингисийн Монголыг хүйс тэмтрэн устгахаас үл няцах шалтгаан Гитлерт байх, олдох нь ч тодорхой.
Энэ том дайнд зөвхөн Ар Монголчууд оролцсон биш юм. Монгол угсааны олон ястан, Монгол цустай олон цэрэг эрс энэ дайны баатрууд болон тодорсон түүхтэй.
Дайнд ЗХУ ялахын ач холбогдлыг тэр цагийн Монголын улс төрчид мөн сайн ойлгож, Японы талаас ирж болох аюулыг ч бас мэдэрч, тооцож байжээ.
Дайнд ялах аваас Герман, Япон хоёр Азийн эзэд болж, Монголчууд колони орон болохын хувь заяаг эдлэх байв. Хятад дахь хэрэг явдал ч огт өөрөөр эргэж Мао Зедуны төлөвлөгөө ч бүрэн сүйрэх байсан бизээ. Япон эх газрын эзэн болж бэхжиж аваад фашистуудтай хүч хавсран дэлхийг эзэгнэх их аянаа эхлүүлж ч мэдэх байв. Ази дахины байдал ер нь л тун их хүндрэх байсан даа...
Японы эзэмшлийн баруун, баруун хойд хил шууд Шинжаан, Монгол Алтай, Уралын наана хүрчихэж ч болох байсан...
Дэлхийн том дайны бүх хүндийг үүрч гарсан, мөн цэрэг зэвсгийн хувьд нэн их хүчирхэгжсэн байдалдаа тулгуурлан бас Монголчуудын оролцоо, гавъяаг бодолцон Сталин Өвөр Монголыг Монгол Улстай нэгтгэж Өмнөд, Зүүн өмнөд хилийнх хамгаалалт, бамбайг бараг л “эгнэгт гэж үнэлж болохоор” бат бэх болгож болохоор байв.
Ингэж чадаагүйнхээ горыг Орос орон Оросын ард түмэн XXI зуунд амсаж, эдэлж эхэллээ...
Монголчууд нэгдэх түүхэн боломжоо алдаж, Орос орон түүхээр олгогдсон бамбай, халхавчаа нимгэлж, доройтуулсан нь Сталины “холын хараа” муудсаныг нотолсон баримт мөн болно. Гэвч бид түүхэн шинэ нөхцөлд дасаж, ашиг, сонирхлоо ухаалгаар хамгаалж, хэрэгжүүлж, өөртөө эзэн болж, өрөөлд нөхөр болж, найдвартай түнш гэдгээ нотолсоор байх аваас XXI зуун Монголчуудын хувьд сайн цагийн нигуураа инээмсэглэл дүүрэн харуулж, боломж бүхнийг бэлэглэх болно. Ухаан, соёл, үнэнч чанар, хүмүүнлэг сэтгэл, хоёргүй ааш авир, итгэл төрүүлэх хичээл, зүтгэл л биднийг “нэр нүүртэй” байлгаж чадна. Төр ч, түмэн ч энэ болзолд тохирохоор түвшинд бие, сэтгэл, ажил үйлсээ авч явах ёстой.
Судлаач, профессор Д.Чулуунжав