Орхон аймгийн 17-р сургуулийн өргөтгөлийн барилга цуурч, нуралт үүсэн талаарх мэдээлэл цахим орчинд түгээд буй. Эл барилгыг 2017 онд ашиглалтад оруулсан бөгөөд хоёр жилийн өмнөөс бага хэмжээний цууралт үүсэж, гүйцэтгэгч компанийн хөрөнгөөр засвар, үйлчилгээ хийж ирсэн аж. Гэвч өнгөрсөн шөнө орсон усархаг борооны улмаас хана, тааз нь цуурч, шал нь цөмөрсөн байна. Үүнээс болж 280 хүүхдийн цогцолбор сургууль цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм. Одоогоор тухайн сургуулийн бага ангийн сурагчид цахимаар хичээллэж байгаа гэнэ.
Ашиглалтад оруулаад таван жилийн нүүрийг үзэж буй эл барилга ганцхан өдрийн бороогоор эвдэрч буй нь харамсалтай. Хэрэв сурагчдыг хичээллэж байх үед бороо орсон бол яах вэ. Дээвэр, хана нь нурж, хүүхдүүд гэмтээхгүй гэх баталгаа алга. Бяцхан үрсийн амийг дэнчинд тавьсан эл барилгыг улсын комисс яагаад хүлээж авав. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэсийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Балжиннямаас тодруулахад “Тухайн үед манай байгууллага барилгыг хүлээж аваагүй. 2013-2018 онд барьсан барилгын чанар МХЕГ-т хамааралгүй. Тухайн сургуулийн өргөтгөлийн барилгыг орон нутгийн удирдлагууд, эсвэл Боловсрол, шинжлэх ухааны яамныхан захиалж, бариулсан байх” гэв. “Мэргэжлийн”, “ерөнхий” гэх тодотголтой, улсын хэмжээнд чанар, стандарт нь зөрчигдсөн аливаа зүйлсэд хяналт тавих үүрэг бүхий газар нь сурагчдын эрх ноцтойгоор зөрчигдсөн энэ үйлдэлд хариуцлага хүлээхгүй гэв.
Үргэлжлүүлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Шинэбаяраас тодруулахад “Манай яамны зүгээс тухайн сургуульд өргөтгөл хийлгэх захиалга өгөөгүй. Тус бүтээн байгуулалтыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьсан юм билээ. Тиймээс хүлээж авсан хүмүүс нь орон нутгийн удирдлагууд болов уу” гэв. Ямартай ч эвдэрч, хэмхэрсэн дээрх бүтээн байгуулалт Боловсрол, шинжлэх ухааны яамтай мөн л холбоогүй болж таарах нь тэр.
Тэгвэл барилгын насжилт богино, чанаргүй байгаад хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ талаар асуухаар холбогдоход Засаг даргын нарийн бичиг харилцуурыг авав. Тэрбээр “Засаг дарга одоогоор алга. Энэ талаар Боловсрол, соёл, урлаг, биеийн тамир, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн А.Отгонбаяраас мэдээлэл авах боломжтой” гэв. Харин А.Отгонбаатар “Урагшлах” гэх компани гүйцэтгэгчээр нь ажилласан юм билээ. Би энэ талаар сайн мэдэхгүй. Боловсролын газрын дарга мэднэ” гэв. Үүнээс Орхон аймгийн удирдлагууд мөн л сургуулийн өргөтгөл нэртэй чанаргүй бүтээн байгуулалтын хариуцлагаас “бултаж” буй нь харагдана.
Харин Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлтээс тодруулахад “Одоогоор мэдээлэл алга. Тухайн үед ямар хүмүүс барилгыг хүлээж авсныг мэдэхгүй. Би тодруулаад эргэн холбогдъё” гэж хэлээд мөн л алга болох нь тэр. Үүнээс гадна 17 дугаар сургуулийн захиралтай холбоо барих гэсэн боловч мөн л нарийн бичиг нь гар утсыг нь авч, “Хуралд оролцож” байна гэв. Түүнээс “Сургуулийн барилга цууралт өгсөн нь үнэн үү, одоогоор нөхцөл байдал ямархуу байна вэ” хэмээн тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй. Энэ талаар захирал, сургалтын менежерээс тодруулах хэрэгтэй. Гэвч одоогоор бүгд хуралд орсон байгаа. 2-3 цагийн дуусах байх” хэмээв.
Хоёр жилийн турш хөл хорионд байсан сурагчид хичээлдээ явж эхлэхтэй зэрэгцэн сургуулийн барилга “балгас” болсон нь харамсалтай. Хүүхдүүдийн дээрээс нурж, гэмтээгээгүй нь аз. Гэвч тэдний сурах эрх ийнхүү зөрчигдөж байхад холбогдох албаныхан нь асуудлыг яаралтай шийдвэрлэхийн оронд хариуцлагаас зугтааж, бие бие рүүгээ чихэж буй нь гутамшигтай. Барилга нурж, хүүхдүүд хохирсон ч хариуцах эзэн алга.