2002 онд шиг санагдана. Санагдана ч гэж, тэр жилийн 12 дугаар сард л даа. Эхнэр бид хоёр амралтаа авч хэдэн жил ажиллаж амьдарсан Берлин хотод эргэн очив. Хэд хоног сайхан амарч, ах дүүс, анд нөхөдтэйгөө уулзаж учирч, наадаж наргилаа.
Нэг орой Гааяа ирж “Хоёулаа гарч жаахан пиво ууж буу халж сууя” гэв. Би дурамжхан байсан ч эхнэр, хадам эгч хоёр ч дэмжсэн тул зөвшөөрлөө. Тэгээд Saint Petersburger strasse дэх нэгэн уушийн газарт харанхуй болсон хойно оров. Гэрээс холгүй л дээ. Хэдхэн гудамжны цаана. Хэдэн жил ойр хөрш аж төрж, жаргал зовлонгоо хуваалцаж ирсэн Берлиний монголчууд хойно хууч хөөрөх юм юу эс мундахав.
Гааяа, түүний эхнэр Шараа хоёрынх Германд олон жил амьдарч байгаа. Ерөөс тэнд оюутан болж очоод, төгсөж Монголдоо ирж хэдэн жил болоод л, ардчилал эхэлж амьдрал хэцүүдэнгүүт буцаад оччихсон. Амьдрал нь сайхан төвхнөсөн, ажилтай, ажилтай л бол Германы цалин өндөр, гурван хүүхэдтэй болсон тэдэнд өөр юу хэрэгтэй юм? Монголчуудыг залхуу, ажил хийх дургүй гэдэг. Гадныхнаас илүү бид өөрсдөө тэгж үздэг. Хэрэг дээрээ тийм биш. Цалин хөшүүрэг тийм байхад хэн залхуурах юм? Харин ч монголчууд гадаадад хамгийн ажилсаг, хамгийн чадалтай, ямарч хар бор ажлыг гололгүй хийдгээрээ ялгардаг юм.
Социализмын он жилүүдэд Германд хорин таван мянган монгол оюутан суралцаж төгссөн, тэдний цөөнгүй нь буцаад очсон доо. Берлинд олон бий, Лайпциг, Дрезден, Бонн, Мюнхен гээд зүүн, баруунгүй л монголчууд байгаа дуулддаг байсан. Тэр үед хоёр Герман нэгдсэн ч, Зүүн, Баруунаараа ялгаатай хэвээрээ байсан юм. Зүүнийхний амьдралын түвшинг Барууныхад хүргэхэд лав 30 жил хэрэгтэй дээ гэж германчууд өөрсдөө дурамжхан ярьдаг байж билээ. Тэр байтугай нэг үеэл дүү маань Мюнхенд Мерседес Бенцийн үйлдвэрт ажиллаж байсан.
За, ингээд найзтайгаа бааранд орж жаал суулаа. Юу эс ярихав. Монголын амьдрал, Германы амьдрал, германы монголчууд, миний шинэ ажил, амьдрал гээд зөндөө буу халлаа. Хэд гурван грушик пиво цөллөө. Жаахан халамцаж байна. Гэтэл хажуугийн ширээнд суусан хоёр халтар биднийг яриад байгаа бололтой. Бололтой гэж, ярьж, дооглож элэглээд байна аа. Гааяа ч сонсчихож, нэлээн дургүй нь хүрч байгаа шинжтэй:
-Энэ хоёр халтар ёстой дургүй хүргэж байна аа! гээд суудал дээрээ хавчилзаад ирлээ. Би ч хол газраас түр ирсэн болоод ч тэр үү, ер нь хүнтэй муудалцах дургүйг хэлэх үү, явах санаа төрж байна. Түүнээ хэллээ. Гэтэл:
-Юундаа яарах юм бэ? Жаахан сууя. Сайхан хууч хөөрч байна шүү дээ! гэв. Тэгснээ нөгөө хоёр руу муухай эргэж харав. Цаад хоёр ч наашаа харж байна. Хоёр бух шиг амьтад. Нэг нь тас халзан толгойтой, хүзүү нь мэдэгдэхгүй бухын хүзүү гаргасан, хуруу бүдүүн алтан гинж зүүсэн лухгар эр. Нөгөө нь ч адилхан. Бид хоёрыг ажигласныг мэдээд бах нь ханаж байгаа бололтой, бүр чанга дуугарч байна гээч!
-Энэ муусайн азиуд энд юу хийж яваа юм? Тэр Азидаа л байж байхгүй энд үхсэнээ хийж доншуучилж яваа бол? Няц гишгэх юм хуна!...
-Харин тийм ээ! Онигор царайлсан шарууд хаа бол хаа явж байх юм аа. Хандыг нь хага дарах юмсан!...
Дэргэд нь нэрийг нь хэлвэл мэдчих учраас монголчууд гадныхныг тэгж янз бүрээр нэрлэнэ. Халтарууд, харгисууд, саарал, төлөг, багууд гэх мэт. Энэ хоёр аль халтар нь юм бүү мэд. Германд туркууд хэдэн саяараа. 3-4 сая гэдэг байх. Дэлхийн нэг, хоёрдугаар дайны дараа Германд ажиллах хүчний хомсдол нүүрлэж туркуудэд хилээ нээсэн гэдэг. Берлинд гэхэд бүхэл бүтэн хороолол, дүүрэг эзлэнэ. Кройцберг, Нойкөлн гээд тэдний олуулаа оршин суудаг дүүрэгт явахад Германд биш, Туркт, арабын аль нэг улсад яваа мэт сэтгэгдэл төрнө. Тэдний дүүрэгт ганц нэгээрээ очилтгүй. “Битгий тийшээ зүглээрэй!” л гэлцэнэ. Аймаар ч, аюултай ч.
Хоёр Герман нэгдэж, ЗХУ задарсны дараа оросууд Герман руу цувсан. Берлинд гэхэд 2 сая орос ирээд байна гэж ярьдаг байсан. Нэгдүгээр Петр хааны үед Орос улс Германтай худ ураг болцгоож, хатан бэр буулгаж их сүжирсэн. Түүнээ дагаад германчууд Орост олноороо ирж суурьшсан. Тэдний удам хойчис эргээд дээдсийн нутагтаа очиж буй нь тэр. Сайхан далим л даа. Вьетнамууд хэдэн зуун мянгаараа байдаг бол сүүл рүүгээ хятадууд хүч түрэн очих болсон. Вьетнам түргэн хоолны газар нэлээд байсан бол сая ирэхэд хятад хоолны газрууд “China fanne” бий болсон нь тааралдана. За, тэгээд Иран, Ирак, Алжир, Египтийнхэн гээд арабууд хэзээнээс зөндөө.
Монголчууд ч хэрэндээ цөөнгүй. Зөвхөн Берлинд дөрвөн мянгуулаа бий гэж ярьдаг байсан. МИАТ-ын нислэгтэй өдөр Шөнөфельдийн нисэх буудалд монголчууд цуглах шиг болно. Монголоос гэр орноосоо юм хум авах, хүн үдэх, угтах, тэр байтугай зүгээр л бусадтайгаа таарч уулзалдах гэж очно. Байдгаараа гоёж аваад л очно доо. Тэндээс тэгж Монголын тухай мэдээлэл авч, бие биендээ дуулган, хэзээ хаана юу болох гэж байгаа тухай дуулган “Очно шүү!” гэлцэн болзоцгооно.
Берлинд ирж суурьшсаныхаа жилийн дараа ийм нэг шүлэг бичсэн юм:
“Museums Insel”
Музейт арал дээр гүүрийн хашлага түшин
Мөрний усанд бодлоо бэлчээн зогсохуйд
Мяралзан долгисох усны мандал дээр
Мөөхийнд шунгах шувуудын бужигнаан мэт
Миний сэтгэл догдлон хөөрч үймцэнэ.
Цагийн жамыг үзүүлэгч “хаврын унжлага” доогуур
Цагаан хөлөг онгоц жуулчин зугаацуулан өнгөрөхүйд
Унжлагат навчис уснаа шүргэн бүжиглэх нь
Урьхан улирал ертөнцийг баясган буюу за.
Есөн хэлийн улс хөлхсөн энэ газар
Ертөнцийн цаг зогссон мэт амгалан тайван,
Египтийн хаан Рамзесийн хар гантиг хөшөө
Ер бусын амарлингуй эрхэмсэг дүрээр заларч
Есөн хөлийн улс түүнтэй хөргөө татуулна.
Цагийн мананг нэвтлэн Пергамон хаус
Цаг бус, чулуу мөнхийн үлгэрийг үзүүлэн
Цасан цагаан гантигаа неон гэрлээр гэрэлтүүлж
Цадиг хайлах мэт анир гүмхэн нойрсоно.
Нэгэн цагт энэ ордонд гладиаторууд тулалдан
Ноёдын зугаа болж нэгнийхээ амийг таслаад
Нэн удалгүй өөрөө арслангийн аманд орж явсаан.
Өдгөө энэ ордон өөрөө музейд залравч
Өчнөөн зууны тэртээх цус нь арилаагүй вий...
Мөрөөдлийн диваажин болсон Коммунизм задарч
Москвагийн дэглэм төрөл арилжин мөхсөнч
Матрёшка хэмээх орос хүүхэлдэй олширч
Берлиний ханын хэлтэрхийтэй цуг
Бэлэг дурсгал болон дэлхийгээр тарж одном.
Частушкагийн ая баянхуурдах орос өвгөн
Чайна залуугийн хуучирдах гэгэлгэн аязыг тээршаана.
Чанх дэргэд нь түрэг авгайчуул бөөгнөрөөд
Чандаган малгай, эрээн алчуур наймаалцана.
Хэдэн зууны тэртээд түрэгийн өвөг дээдэс
Хятадаас болж Азиас дүрвэн нүүснийг
Хэн хэн нь мэдэх бол уу, үгүй бол уу,
Хэлж дуулгамаар санагдавч хэлээ хазаад өнгөрье дөө.
Музейт арал дээр гүүрийн хашлага түшин... Цагийн жамыг үзүүлэгч “хаврын унжлага” доогуур... Есөн хэлийн улс хөлхсөн энэ газар... Цагийн мананг нэвтлэн Пергамон хаус... Нэгэн цагт энэ ордонд гладиаторууд тулалдан... Мөрөөдлийн диваажин болсон Коммунизм задарч... Частушкагийн ая баянхуурдах орос өвгөн... Хэдэн зууны тэртээд түрэгийн өвөг дээдэс...
Нөгөө хоёрын өдөлтөнд андын маань тэвчээр барагдаж байгаа бололтой. Би ч явья хэмээн дахин шавдуулав. Явах янз алга аа. Дахиж пиво аваад л суугаад байна. Орой ч болж. Гадаа тас харанхуй. Мань хүн ч дургүйцэж байгаагаа гаднаа илэрхийлж эхэлсэн болохоор нөгөө хоёр саарал зориудаар улам өдөж галзууруулах янзтай. Манай хүн тэсэлгүй босоод очлоо шүү! Үг сөргөөд эхэллээ. Салах янзгүй. Би араас очин татаж суулгах гэсэн боловч нэмэр алга.
Тэгж тэгж өөрөө буцаад ирлээ. “-Өөрсдөө бас цагаачдаа мэдэхгүй ёстой хуцаж байна! Адилхан л хүний нутагт амь зууж байгаагаа эд ёстой мартчихаж! Үзүүлээд өгнө дөө!... хэмээн үглэнэ.
Сууж пивоо дуусгаад бослоо. “Ашгүй нэг гарах нь!” гэж бодоод би ч босч хувцсаа өмсөв. Тэгтэл Гааяа нөгөө хоёрыг гар занган дуудаж “Гарья! гэх нь тэр! Дотор палхийгээд явчихлаа. “Яаж байгаа юм бэ? Энэ хоёр мангарт алуулах нь! Яаж ч бодсон бид хоёраас хувь илүү бакь амьтад...” гэж бодсоор би шалавлан гарав. Анд маань ч гарч ирээд тэрүүхэнд эргээд зогсов. Нөгөө хоёр ч гараад ирлээ. Сууж байхыг нь харсан болохоос, босоогоороо бүр шкаф шиг амьтад юм гээч!
Бухан хүзүүтэй, халзан толгойтой нь түрүүлээд хүрч ирж том том дуугарна. Манай хүн ч хэд гурван үг хариу хэлж зогссоноо нүд ирмэхийн зуурт ухасхийн толгой руу нь гараа явуулчихав. “Яаж байгаа юм бэ? Яасан болчимгүй юм бэ? Одоо ч алуулсаан!” гэх бодол тархинд харван орж ирэх үед харвал өнөөх шкаф шиг амьтан чинь газарт гулжгасгээд тэрий хадаж байх нь тэр! Ёстой л шуудайтай элс унах шиг болов. Юу болоод байгааг би үнэндээ ойлгосонгүй. Хэдэн хором зогтусах төдийд дагаж гарч ирсэн нөгөөх нь харин нүд нь орой дээрээ гарчих шахсанаа буцаад орчихлоо. Цагдаа дуудах гэж байгаа биз!
Дөнгөж сая айж зогссон намайг дахиад л айдас эзэмдэв. Гэхдээ өөр айдас. “Хүн алчихсан юм биш биз? Яана аа!, Юу болох нь энэ вэ?” хэмээн бодож, нэг мэдэхэд цасан дээр ухаангүй тэрийн хэвтэх өнөөх бухан хүзүүт рүү дөхөн очиж толгойноос нь өргөн босгох гэж оролдов. Даадаггүй ээ. Яаж ч даах билээ. Гэтэл Гааяа:
-Орхиоч наадахаа! Гүй, зугтаагаач! гэж хашгирав. Би сая сэхээ авч өнөөх бухан хүзүүтийг тэр чигт нь хаячихаад Гааяагийн араас тэнхээ мэдэн харайлгалаа. Шөнийн харанхуйд цас чахруулан, гудамжны гэрлээс нуугдан барин гүйлдэцгээв. Хэдэн гудамж тэгж амьсгаадан харайлгасан юм, бүү мэд. Нэг мэдэхэд байрныхаа гадаа хүрч ирсэн байлаа. Гааяа амьсгаа даран зогсч:
-Чи одоо ямар мангар юм бэ! Босгох гээд оролдож байдаг!...
-Тэгэхгүй яахын! Үхчихэв үү гэж айсан юм чинь...
-Үхэхгүй ээ, жаахан хэвтэж байгаад л босоод ирнэ. Монголчууд үхрийг ингэж цохидог юм шүү дээ! гээд хүд хүд инээхэд нь нээрээ, цамнаад баригдахгүй байгаа үхэр, адууг чахалзуурыг нь тааруулж жижигхээн чулуу шидэхэд л пидхийгээд явчихдаг гэж сонссон минь санаанд оров. Гааяа:
-Цагаач цагаачийгаа ад үзэх юм уу? Ёстой үгүй л байхгүй юу! гэснээ:
-За, яахав, орж үргэлжлүүлэх үү? Жаахан сууя, тэгэх үү?
-Өө, үгүй үгүй! Одоо больё! Орой болчихлоо, орж унтья! гээд би орцны хаалга татав.
-За за, тэгвэл маргааш уулзая. Сайхан амраарай! гээд Гааяа юу ч болоогүй юм шиг захаа босгоод цааш эргэлээ. Гэр нь энүүхэнд ойрхон л доо. “Цагдаа ирээгүй байгаа?” гэж би ийш тийш хулмалзан харснаа дотогш оров.
Унтахаар хэвтсэн ч сэтгэл тайвшрахгүй байлаа. Удтал эргэж хөрвөн хэвтэх зуур өнөөх бухан хүзүүт нүдэнд харагдаад салдагггүй. Цасан дээр тэрий хадан унаж байгаа, гулдайн хэвтэж байгаа нь ээлжлэн харагдаж дэмий л “Арай ч дээ!, Яаж байгаа юм бэ?...” хэмээн хэнийг буруутгаж байгаагаа өөрөө ч үл ойлгон амандаа үглэсээр байлаа. “Үхчихсэн бол яана?” гэсэн бодол ч дахин сэтгэл эзэмдэнэ. Араас цагдаа мөшгиж ирсэнгүй, маргааш нь ч чимээгүй өнгөрсөн юм. Мань халтарууд ичиж нэрэлхсэн байх л даа.
Удтал тэгж хэвтсээр атал бас өөр бодол орж ирж байна аа. Нойр хулжаад элдвийн юм эргэцүүлэн хэвтэж байгаа нь тэр. “Харин тийм! Нээрээ тийм шүү! Хохь нь, өөрийнх нь хохь болж!” гэж хүртэл бодогдож байна. Учир нь энэ үед над “Цогт тайж” киноны хэсэг нүдэнд үзэгдсэн юм. Монгол киноны сор болсон энэ кино хэзээ ч хуучрахгүй, үеийн үед, монгол хүн байсан цагт бидний сэтгэл оюуныг цэлмээн, ухаарал, халаглал хайрлаж, бидний өвөг дээдсийн өнгөрсөн баатарлаг, эмгэнэлт түүх цадигийг өгүүлсээр байх буй заа.
Түвдүүд хоёр Монголыг хооронд нь алалцуулсан тэр гунигт түүх тэртээ 1637 онд Түвдийн наахна, одоогийн Хятадын Хөхнуур орчмын Шар хад хэмээх газарт болсон гэнэм. Монгол монголоо хядсан тэр их тулаанаар Шар хад улаан болтлоо цусанд бялдсаны учир түүнээс хойш Улаан хад нэртэй болсон гэдэг. Цогт тайжийн их цэрэг Лхасыг эзлэхээр аян дайны урт замд хөдөлж тэнд хүрэх үед Түвдийн ноёд дээдэс Ойрад буюу Баруун Монголын Гүүш хаанд элч зарж тусламж гуйжээ. Гүүш хаан ч цэрэглэн мордож очиж.
Киноны нэг хэсэгт түвдүүд чойжин бууж дайснаа номын хүчээр дарах шидэт тарнийн зан үйл хийж байгааг харж зогссон Түвдийн Засгийн газрын тэргүүнээс дэргэдийнх нь бараа бологч “Та юу бодож байна?” гэж асуухад нөгөөх нь “Гүүш хааны цэргийг иртэл энэ Арсланг яаж тогтооё доо! гэж бодож байна!” хэмээн хариулдаг. Түвдүүд чадсаан. Цогт тайжийн хүү залуу халуун Арслан тайжийг тогтоохоор барахгүй Далай ламд мөргүүлж Шарын шашинд оруулсан энэ өгүүлэмж гашуун агаад үнэн түүх. Гүүш хааны их цэрэг ирж хоёр Монголын их цэрэг шийдвэрлэх цуст тулалдаан хийж Халх ялагдаж, Ойрад ялсан. Түүнээс хойш Гүүш хаан Түвдийн хаан болж насан эцэслэтлээ тэнд суусан юм.
Кинон дээр тэр тулааны үеэр Гүүш хааны цэрэг Шар малгайт Улаан малгайтын араас үсрэн ирж барилцан авч: “Одоо хоёулаа эрэгчин эмэгчнээ үзэлцэе!” гээд дээр дороо орон ноцолддог. Чингэсээр Улаан малгайт дийлэн дээр нь гарч багалзуурдангаа: “Чи Улаан малгайт өвөг эцгээ танихгүй байна уу?” хэмээн шүд зуун хэлээд хаднаас доош шиднэ. Чухам энэ хэсэг нүдэнд үзэгдэн, өнөөх бухан хүзүүтийн дээрээс тонгойж байхдаа хэлдэг байж гэж бодогдож эхлэв. “Тийм ээ, эд өвөг эцгээн танихгүй, мэдэхгүй байна бус уу? Хаанаас ирсэн, хэн болохоо ор тас мартсан бус уу?...”
Ингэж бодмогц нойр бүр сэргэчихэв. “Нээрээ тийм! Эд юу ч мэдэхгүй дээ. Бүр ор тас мартсан байгаа! Эд байтугай хажуу хавирганд, хол ойр байгаа, сая туурга тусгаар болсон улсууд яаж байгаа билээ? “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэгч л болж байгаа биз дээ! Тэгэхэд бид яаж байгаа билээ? Ямар хариу өгч байгаа юм? Юу хэлж юугаа үзүүлж байгаа юм?” гэж бодохоос дахиад л бухимдаж эхлэв.
Бухимдахгүй яах юм? Бидний түүхийг гуйвуулж, бидний намтар цадигийг булааж, агуу их өвөг дээдсийг маань өөрийн болгож байгаа бус уу? Улайм цайм ийм юмсын эсрэг бид юу хийж байгаа юм? Юу хэлж байгаа билээ? Үнэндээ юу ч чадахгүй байна Юу ч гэж хэлж мэдэхгүй байна! Дэмий л бухамдаж байна. Тийм ээ, над шиг, яг над шиг!...
Бид одоо л хэлэхгүй бол хэзээ хэлэх юм? Одоо л бид хийхгүй бол хэзээ хийх юм? Өнөөдөр хийхгүй бол маргааш гэхэд оройтох болно! Тэр цагт хэчнээн хашгираад, хэчнээн цээжээ дэлдээд нэмэргүй байх вий! Тэгвэл бид яах юм? Юу хийх юм? Юу хийж чадах юм?...
Уг нь чадах юм их бий дээ. Гагцхүү хийх л хэрэгтэй. Их зохиолч Д.Нацагдорж “Түүхийн шүлэг” хэмээх гайхамшигт шүлгээ бичиж үлдээсэн нь их завшаан ажээ:
Түүхийн шүлэг
Манай Монгол Улс маш эртний улс аа,
Монголын яруу түүх магад их гэрэлтэй.
Гэгээн наран мандсаар хангай, говийг гийгүүлсэн,
Хэдэн мянган жилээс бид энд оршсоор.
Хэдийн балар цаг таван мянганы өмнө
Хойд газарт оршиж хол ойрыг хувьсгасан.
Хүннүгийн үед хүрээд хүчирхэг улсыг мандуулсан,
Хянган уулсын тэндээс Тэнгэр ууланд тулсан.
Энэхүү Хүннүгийн улс хоёр мянганы тэртээд
Өмнөд Нангиадыг сүрдүүлж урт хэрмийг цогцлуулсан.
Ромын улсыг хүрч Европ дахиныг сандруулсан,
Өөрийн дурсгалт зүйлээ Монгол орондоо үлдээсэн.
Сяньби, Тобагийн монгол шасдир түүхийг залгамжилсан,
Түрэг, Уйгуртай нийлж төрөлх орноо сахисан.
Харь хязгаар газарт Хитан улсыг байгуулсан,
Гадаадын дайсан алинд ч хэзээд эрэлхэг явсан.
Хаан Чингисийн үед хамаг улсын тэргүүнд
Хөх Монголын үрс хуяг дуулгаа засацгаасан.
Хоромсог саадгаа агсаж хүлэг морьдоо ташуурдсан,
Холхи, ойрхыг нэгтгэж хүний түүхнээ манлайлсан.
Мянган голыг гаталсан морин туурайн гавьяа,
Найман зүгт мандсан эцэг өвгөдийн гавьяа.
Нармай төрийг байгуулсан дэлхий дахинаа гавьяа,
Манай өнгөрүүлсэн түүх хүн төрөлхтнөө гавьяа.
Монгол хэмээх нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай,
Монголын төлөө сэтгэл манай зүрхнээ холбоотой.
Өсөхөөс сурсан үндэсний хэл орхиж болшгүй соёл мөн,
Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон мөн.
Хангай дэлхий хэвээр атал хүний явдал их хувирсан,
Хойших мөрийг харж урагших замыг давшилтай.
Харийн хөнөөл хэтрэхэд үндэсний хувьсгал гарсан,
Түмэн оны энхийг ийнхүү бид тэмцэн бүтээнэ.
За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийн тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол энэ болон өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.
2021 оны 8 дугаар сар.
Я.Ганбаатар