Т.Доржханд: Нөхөн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт ХҮН-аас Б.Найдалааг нэр дэвшүүлэхээр болсон
УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.
-Танай намаас нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан гэж сонссон. Хэн хэнийг нэр дэвшүүлэхээр намаас дэмжээд байна?
-Зөв ХҮН электорат эвсэл энэ удаагийн сонгуульд мөн эвслээрээ орж байна. Нөхөн сонгуульд нийт есөн нам, нэг эвсэл орж байгаа. Сонгуульд оролцох улс төрийн бусад хүчнүүдтэй харьцуулахад бид үнэт зүйл, зарчимдаа нэгдэж эв нэгдлээ хангаж яваа ийм эвсэл. Эвслийн Төлөөлөх зөвлөлийн хуралдаан өчигдөр боллоо. Уг хуралдаанаар бид нөхөн сонгуульд орж ялалт байгуулна гэсэн итгэл үнэмшилтэйгээр шийдвэрээ гаргалаа. Энэ шийдвэрийг гаргахаас өмнө нөхөн сонгуульд орно гэсэн намуудын хүрээнд уулзалт хийсэн. Монгол Улсад өнөөдөр эрх барьж байгаа нам 64 суудалтай байна. Хоёр ч удаа 60 гаруй суудал авлаа. Гэвч иргэдийн хүлээлтэд хүрэхгүй байна. Өнөөдөр парламентад эрх барьж байгаа намд суудал хангалттай байна. Гагцхүү ажлаа л хийх хэрэгтэй байгаа юм. Нөгөө талд, хүчтэй цөөнх, сөрөг хүчний орон зай маш их үгүйлэгдэж байна. Чуулганы хуралдаанд тухайн асуудалд гишүүн хоёрхон минут үг хэлэх нь хангалтгүй байна. Тэр дундаа манай эвсэл, намын хувьд. Тиймээс цөөнхийн суудлынхаа тоог нэмэх, Засгийн газрын үйл ажиллагаанд илүү хяналт тавих тэнцвэртэй парламент чухал байгаа. Илүү их үр дүн гарах чиглэлд парламент ажиллах хэрэгтэй байна. Гэвч ковидын үед парламентын үйл ажиллагаа суларчихлаа. Ковидын урт нэртэй хуулиар Засгийн газар хөрөнгө хуваарилах эрх мэдлийг өөртөө авчихлаа. Ийм тохиолдолд бид нэгэнт парламентын засаглалыг бэхжүүлнэ, парламентын ардчиллыг цаашид хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа бол парламент нь илүү бодитой ажил хэрэгч байдлаар ажилладаг, намууд нь ч үзэл бодолдоо үнэнч, бодлого боловсруулах чадвартай төлөөллөө парламентад оруулах нь зүйтэй байна. Энэ агуулгаараа Улаанбаатар хотын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Бадрахын Найдалааг нэр дэвшүүлж байна. Бид уг тойрогт судалгаа хийхэд Засгийн газрын өнөөдрийн үйл ажиллагаа, ковидын үеийн ажил зохион байгуулалт нь иргэдийн өндөр хүлээлтэд нийцэхгүй байна. Эрх баригч нам биш, харин сөрөг хүчнийг дэмжих хандлага илүү их байна гэж дүгнэсэн. Тиймээс энэ хариуцлагатай сонгуульд хамгийн сайн гэсэн хүнээ дэвшүүлж байна.
-18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт хэнийг нэр дэвшүүлж байгаа вэ?
-Хэнтий аймагт нэр дэвшүүлэхдээ бусад намуудын төлөөллүүдтэй уулзаж, тэдний байр суурийг анхаарч шийдвэрээ гаргалаа. МАН болон бусад гэсэн ийм цаг үе улстөрийн орчинд бодитой бий болсон.Өөрөөр хэлбэл, нэг том нам гэсэн 1990 оны өмнөх нөхцөл байдал руу бид орчихлоо. Нэг нам дангаараа олон суудалтай, мөн олонхын суудалтай намаас Ерөнхийлөгч гарчихлаа. Орон нутагт мөн л олон суудалтай байна. Хоёр парламентын хугацаа дамнаж үнэмлэхүй олон суудалтайгаар эрх барьж байгаа нь бидний хүсээд байгаа ардчилсан нийгэм яавч биш. Ялангуяа парламентын ардчилал бүр биш байна. Парламентын ардчилал гэдэг бол намуудын мэтгэлцээний талбар байх ёстой. Олон намууд олон талаас тэнцвэртэйгээр үгээ хэлж, бодлогоо ярьж хэрэгжүүлж байх учиртай. Гэтэл үгүй болчихлоо.
Ийм тохиолдолд бид бусад намууд, бие даагчдад боломж өгөх нь зүйтэй гэсэн бодлогын шийдвэр гаргасан. Энэ агуулгаар Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Зөв ХҮН электрат эвслийн бодлого чиглэлтэй нийцсэн тэр нам, эвслийг эсвэл үнэт зүйл, зарчмаа өндөрт авч явж чаддаг бие дааж дэвших зөв хүнийг манай эвслийн зүгээс дэмжиж ажиллана гэсэн шийдвэр гаргалаа.
-Тэгвэл 18 дугаар тойрогт танай намын зарчимтай аль нам илүү нийцэж байна вэ?
-Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөх намууд ямар хүнийг дэвшүүлэх вэ гэдгийг анхааралтай ажиглаж байгаад хэнийг нь дэмжиж ажиллахаа шийднэ. Харин танай сониноор дамжуулж бусад намууддаа уриалж байна. Засгийн газар, эрх баригчдад сайн хяналт тавьдаг байх ёстой. Зөв залуурддаг байх ёстой. Энэ агуулгаар цөөнхийн боломж бололцоог парламентад нээх чиглэлээр ажиллах хэрэгтэй. Тиймээс 28 дугаар тойрогт ХҮН-аас нэр дэвшигч Б.Найдалааг дэмжиж ажиллаач ээ гэж бусад намууддаа уриалмаар байна. Ямартаа ч 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийнхээ шийдвэрийг гаргалаа. Ялна гэж бодож байна. Иргэдийнхээ хүлээлтэд нийцсэн, Сонгинохайрхан дүүргийн сонгогчдыг төлөөлж чадах, цаашлаад парламентад хяналт тавих, хүчний балансыг бий болгох сайн мэргэжилтэн, зөв хүнийг нэр дэвшүүлэх болсондоо манай эвслийн хувьд баяртай байна. 2024, 2028 он гээд цаашид ХҮН-ыг олон сонгууль хүлээж байна. Манай нам, эвслийн онцлог нь өөрийн үнэт зүйлтэй, итгэл үнэмшилтэй, ур чадвартай хүнийг дэвшүүлдэг. Эрдэм мэдлэг, туршлага нь Монгол Улсад илүү их хувь нэмэр оруулах боловсон хүчний нөөц манай эвсэлд хангалттай байдаг. Монголын социал демократ нам бол багш, эмч гээд Монголын анхны сэхээтнүүдийг төлөөлдөг нам. Маш олон академич, эрдэмтэд байна. Зүй ёс намд Японд төгссөн инженерүүд олон байна. ХҮН-ын хувьд анхнаасаа л мэдлэг боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн асуудлыг түлхүү ярьдаг, энэ чиглэлээр мэргэшсэн олон сайн мэргэжилтнүүдтэй нам учраас улсынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж чадна гэсэн итгэлтэй байна.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар АН-ын болоод хэд хэдэн гишүүн гарын үсэг зурсан тухай мэдээ гарсан. Таны нэр ч тэр дунд байсан. Энэ тухайд тодруулахгүй юу?
-Хэн нэгэн гишүүн надад Засгийн газрыг огцруулъя гэж санал, бичиг танилцуулаагүй. Ямар үндэслэлтэйг нь сайн мэдэхгүй байна. Ээлжит бус чуулган хуралдах эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Тиймээс аравдугаар сарын 1-нээс энэ асуудал тодорхой болох болов уу. Одоогоор надад энэ талаар ямар ч мэдээлэл алга. Танилцаагүй учраас би яаж гарын үсэг зурсан байх вэ.
-Засгийн газрын 200 хоног саяхан боллоо. Өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна?
-Хийх ёстой ажлаа хангалттай сайн хийж чадахгүй байна. Тухайлбал, өнөөдөр нүүрсний үнэ урьд өмнө байгаагүй хамгийн өндөр байна. Ийм өндөр үнэтэй байхад нүүрсээ зарж чадахгүй байна. Өдөрт 50-100-хан машиныг л гаргаж байна. Үүний учир шалтгааныг “Монгол Улс ковидтой болохоор Хятадын талаас нүүрсэнд хязгаарлалт хийж байна” гэдэг. Хилийн бүсийг ногоон бүс болгож, онцгой ач холбогдол өгч ажиллах ёстой байтал тэр зохион байгуулалтаа хийж чадахгүй байна гэж дүгнэж байгаа. Энэ том боломжийг алдаж байгаа нь буруу гэж бодож байна. Хоёрдугаарт, мэдээж ковидын хүндрэл дэлхий даяар байлгүй л яахав. Гэхдээ үүнтэй тэмцэхдээ эрс шийдэмгий байдлаар тэмцмээр байна. Гарсан шийдвэрийнхээ үр дүнг хармаар байгаа юм. Гэтэл олон нийтэд таалагдах байдлаар шийдвэрээ гаргаад байна уу гэсэн хөндлөнгийн дүгнэлт байна. Тухайлбал, хичээл, сонгууль танхимаар орох эсэх асуудал. Дельта хувилбарын тархалт өндөр, дараагийн давлагаа эхлэх гэж байхад хүүхдээ яаж сургуульд нь явуулах вэ. Цахимаар яаж хичээллэх вэ. Танхимаар хичээллэх нь тодорхой юу. Мөн л шийдвэрээсээ эргэж буцаад, тодорхой биш байх вий дээ гэж иргэд эргэлзэж байна. Тиймээс шийдвэрээ тухайн салбарын судлаачдын дүгнэлтэд үндэслэж гаргадаг баймаар байна. Энэ чиглэлд Засгийн газар анхаарч ажиллах хэрэгтэй байна. Эдийн засаг богино хугацаанд өснө гээд байсан. Бодит байдал дээр тийм дүр зураг алга. Дэлхий нийтээр цар тахалтай байгаа үед яаж ЖДҮ-ээ бодитоор дэмжих вэ. Хөнгөлөлттэй зээл өгөхөөс өөрөөр ямар хувилбар байна гээд судалж байгаад арга хэмжээ авахгүй бол энэ хүндрэл ужгирах гээд байна. Иргэдийг хичнээн ч жил халамжаар торгоох вэ дээ. Татвар төлөгчдийн мөнгийг халамж болгож тараагаад байвал эдийн засгаа хөлдөө чирнэ. Төсвийн хоёр төгрөг тутмын нэг нь халамж болж байна. Үлдсэн нь үр ашиггүй баахан цемент, хөшөө дурсгал, соёлын төв гэх мэт. Замын-Үүдээр гарч байгаа ачааны урсгал нарийссантай холбоотойгоор барилгын материал, бүх юмны үнэ өслөө. Үр дүнд нь юмны үнэ өсөх нь тодорхой болчихлоо. Үнэ өссөн тохиолдолд ямар юмных нь бүтээн байгуулалт байх вэ дээ. Энэ жил тавигдсан төсвийн хөрөнгө оруулалтын объектууд бүгд гацна шүү дээ. Хагас дутуу юм барьчихдаг заримыг нь нураах юм уу, эсвэл төсвийг нь нэмэх юм уу гэх мэт олон асуудал байна. Үүнийг шийдэхийн тулд тогтолцооны өөрчлөлтийг шуурхай хийх хэрэгтэй.
-УИХ-ын дарга том мөнгөн дэвсгэрт хэвлэх санаачилга гаргаад байсан. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ам.доллартай харьцуулбал төгрөгийн ханш уначихсан. Үүнтэй холбоотойгоор цаасан мөнгө хэвлэх зардлыг бууруулах агуулгаар том мөнгө байж болно гэж бодож байна. Гэхдээ цаг хугацаа нь өнөөдөр биш. Өндөр инфляцитай байгаа үед буруу шийдвэр. Иргэдийн төгрөгийн худалдан авах чадварт итгэх итгэл суларна.