Цагаанхад-Гашуунсухайтын боомтын нүүрс тээврийг эхлүүлнэ гэв
Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нүүрс авахаа 14 хоног зогсоон автомашин нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг БНХАУ-ын тал гаргасан. Тэгвэл хоёр тал зөвшилцөн, коронавирусийн шинжилгээ нь сөрөг гарсан манай 250 жолоочоос өнөөдөр урд хөршийнхөн ахин шинжилгээ авч баталгаажуулан хилээ нээхээр болсныг “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ.
Ингэснээр Цагаанхаднаас Гашуунсухайт-Ганцмодны боомт хүртэлх “богинын тээвэр”-ийг эхлүүлэх хугацаанаас дөрөв хоногийн өмнө нүүрс гаргах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ч БНХАУ-ын тал хилээ нээн, шинжилгээнд хамрагдсан 250 жолоочтой тээврийн хэрэгслийг эхний ээлжид нэвтрүүлэхээр тохиролцсон гэлээ. Ташрамд дурдахад, Цагаанхад суурьшлын бүсэд ажиллаж, амьдарч буй 1400 гаруй иргэнээс сүүлийн хоёр сард гурван удаа коронавирусийн шинжилгээ авахад өвчлөл илрээгүй бөгөөд “ногоон бүс” болсноо зарлан, нүүрс тээврийг хэвийн үргэлжлүүлэх боломжтойгоо БНХАУ-ын талд удаа дараа илэрхийлжээ.