Тэр чигтээ үнэт эрдэнээс бүтсэн солир руу НАСА судалгааны хөлөг илгээхээр болжээ
Калифорнийн Технологийн Институтын эрдэмтэд "Psyche 16" хэмээх солирыг хэт ягаан туяаны тусламжтай судалсан аж. Үүний үр дүнд тус солирыг 10 мянган квадриллион буюу нэг сая тэрбум ам.долларын үнэ хүрэх үнэт метал агуулагдаж байгаа болохыг тогтоож чадсан байна Тиймээс Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв (NASA) тус солир руу 2022 оны 8-р сард тусгай хөлөг илгээхээр болсон бөгөөд төлөвлөгөөний дагуу "Psyche 16" солирт 2026 онд хүрэх гэнэ.
1852 оны 3-р сарын 17-нд Италийн одон орон судлаач Аннибале де Гаспарис жижиг гарагийн хэмжээтэй нэгэн астеройд илрүүлсэн бөгөөд үүнийгээ Грекийн домгийн бурхны нэрээр "Психе" хэмээн нэрлэжээ. Тус астеройдын нийт өртгийг 10 мянган квадриллион (1015) доллар хэмээн тооцоолж байгаа ба энэ нь дэлхийн бүх хүмүүсийг долларын тэрбумтан болгохуйц хэмжээний үнэтэй гэсэн үг.
"Psyche 16" нь Бархасбадь, Ангараг гарагийн хоорондох солирын бүсэд оршдог. Одоогийн байдлаар NASA-ийн зорилго бол тус солирын гарал үүсэл, бүтэц зэргийг нарийн тодорхойлон олж мэдэх явдал юм. Бэлэн байгаа мэдээлэлд үндэслэн эрдэмтэд үүнийг жижиг гарагийн цөм байсан гэж үзэж байгаа гэнэ.
Шинэ температурын зураглал нь "Psyche"-ийн гадаргуугийн дор хаяж 30 хувийн металаас бүрдэх бөгөөд гадаргуу дээрх чулуунууд нь металл ширхэгээр бүрхэгдсэн болохыг нотолж байна.
Эрдэмтэд тус солирыг нарны аймаг үүсэх явцад мөргөлдсөний улмаас сүйрсэн жижиг хэмжээтэй гарагийн үлдэгдэл гэж үздэг. Бусад чулуурхаг, мөсөн биетүүдээс ялгаатай нь энэ солир алт, цагаан алт, зэрэг үнэт металл болоод төмөр, зэс, никелээс бүрддэг аж. Хэрвээ тус солир дээрх үнэт металлыг олборлох юм бол дэлхийн эдийн засаг сүйрэх юм.
NASA тус солир руу нислэг үйлдэхийн өмнөхөн Калифорнийн эрдэмтдийн баг хэт ягаан туяаны тусламжтай солирын цацрагийн түвшин, дулааныг нарийвчлан судалсан байна. Энэ нь тэдэнд "Psyche 16" -ийн анхны температурын зургийг нэгтгэх боломжийг олгосон бөгөөд үүний тусламжтай бүтэц болон чанарыг нь тодорхойлж чаджээ.
"Psyche" бол М төрлийн солирууд дундаа хамгийн том нь юм. М төрлийн солирууд нь үнэт металлаар баялаг бөгөөд манай нарны аймаг үүсэх явцад задарсан олон гарагуудын цөмийн хэлтэрхийнүүд байж болзошгүй гэдэг.
Дэлхийгээс алс хол оршдог ийм харьцангуй жижиг биетүүдийг судлах нь судлаачдын хувьд томоохон сорилт болдог байна. Ихэвчлэн хэт улаан туяаны тусламжтай л тухайн биетээс ялгарч буй цацраг болоод дулааны хэмжээг эрдэмтэд тэмдэглэж авдаг. Гэвч тэдгээр биетүүд хэт хол зайд байдаг тул судлаачдын гаргаж авсан зураг ганцхан пикселийн хэмжээтэй байдаг аж. Гэсэн хэдий ч энэхүү ганц пиксел нь солирын дулааны инерци эсвэл нарны гэрэлд хэрхэн хурдан халж, харанхуйд хөрдөг гэх мэт маш олон мэдээллийг агуулдаг байна.
Тухайн солирын гадаргууг тал бүрээс нь судалсны хүчээр илүү нарийвчлалтай мэдээлэл цуглуулах боломжийг олгодог. Үүний ачаар NASA -ийн хөлөг тус солирт хүрэхээс өмнө бид илүү найдвартай таамаглал гаргаж, дараа нь илүү найдвартай мэдээлэл цуглуулах боломжтой болно. Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Де Клэр, Камбиони нар Пенсильванийн Блумсбургийн их сургуулийн судлаач Майкл Шепардтай хамт Чили дэх ALMA Atacama радио дурангийн цогцолборыг ашиглан ийм мэдээлэл олж авсан байна. Нийт 66 ширхэг радио дурангийн тусламжтайгаар дээрх эрдэмтэд "Psyche 16" -ийн бүх гадаргуугийн дулааны цацрагийг 30 километрын нарийвчлалтайгаар (1 пиксельд 30 км талбай багтана гэсэн үг) зураглах боломжтой болсон юм. Тэд нийтдээ 50 пикселийн хэмжээтэй тус солирын зургийг буулгаж авсан байна.
Энэхүү судалгаагаар "Psyche"-ийн дулааны инерци нь ердийн солиртой харьцуулахад хамаагүй өндөр байгааг батлан харуулсан байна.
Гадаргуугийн цацрагийн хэмжээ нь гадаргуу дээр хэр их метал байгаагаас хамаардаг тул уг судалгаагаар Psyche-ийн гадаргуугийн дор хаяж 30 хувийг метал эзэлж байгааг тогтоосон юм.
Цацрагийн хэмжээнд дүн шинжилгээ хийснээр судлаачид тэрхүү гадаргуу дээрх метал яг ямар хэлбэртэй болохыг тодорхойлоход тусалсан юм. Гөлгөр хатуу гадаргуутай биет сансарт нягт гэрэл ялгаруулдаг боловч "Psyche" -ээс ялгарч буй гэрэл нь сарнисан байжээ. Эндээс харвал тус солирыг тун жижиг хэмжээтэй, бараг үйрмэг гэж болохоор металл бүрхсэн аж.
Судалгааны үр дүнг Planetary Science сэтгүүлд нийтэлсэн байна.