“Их” койноос үүссэн ДОРГИЛТ
Б.Идэр-Од, О.Мөнхжин тэргүүтэй нийгмийн сүлжээний дагуулагч залуус криптовалютын дөрвөн биржээр дамжуулан IHC койн арилжиж, нэг цагт 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж чадлаа. Нэгж нь 30 мөнгөний үнэтэй уг койныг худалдаж авахаар дөрвөн биржийн дансанд 200 орчим тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Монголын хөрөнгийн зах зээлийнхний гуйгаад, гүйгээд олддоггүй их мөнгөөр IHC койныг худалдаж авах захиалга ирүүлсэн нь нэг талаар гайхширал төрүүлэв. Нөгөөтээгүүр, Монголын санхүүгийн зах зээлд доргилт боллоо. Богино хугацаанд их хэмжээний мөнгө Банкнаас гадагшилсан. Цаашдаа зах зээлд олон койн гаргавал мөнгө гадаад руу урсах шинж анзаарагдаж байна. Учир нь Б.Идэр-Од, О.Мөнхжин нар босгосон мөнгөөрөө гадаадын биржээс үнэ цэнтэй криптовалют худалдаж авах гэж буй юм билээ. Мөнгө хил давах нь улсын макро эдийн засагт ихээхэн хохиролтой.
Хүмүүс койн худалдаж авахаар хошуурч буй нь хөрөнгийн зах зээлийнхэнд аливаа компанийн IPO-г хийвэл мөнгө босохгүй юм биш байгаа гэж болгоомжлох сэтгэгдэл тө рүүлэв. Хөрөнгө оруулагчдад виртуал хөрөнгө, хувьцаа, бонд гэх мэт хэрэгслээс сонголт хийх нөхцөл бүрдлээ. Монголын зах зээлд “Ард”, IHC койн гэсэн виртуал хөрөнгө бий болж байна. Өөрөөр хэлбэл, хувьцаа, бондын зах зээлд өрсөлдөгч хэмээн мэдээллийн технологид суурилсан санхүүгийн шинэ хэрэгсэл үүсэв. Хойшид ч олон койн гаргах нь дамжиггүй.
IHC койныг 35-аас доош насны залуус худалдан авчээ. Койны анхдагч арилжааг хийсэн өдөр буюу өнгөрсөн лхагва гарагт “Эрдэнэс Тавантолгой” компанийн бондын хоёрдугаар транчийн 200 сая ам.доллартой дүйх мөнгийг татан төвлөрүүлэх захиалга авах хугацаа дуусаж байлаа. Монголын хөрөнгийн биржийн арилжааны цаг дуусах үед бондынх нь дөрөвхөн хувийг худалдаж авах захиалга ирүүлээд байв. Гадаадын хөрөнгө оруулагч их хэмжээний бонд худалдаж авснаар захиалга нь биелжээ. Түүнээс биш, хэцүүдэх нөхцөл үүссэн гэж мэргэжилтнүүд ярьж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийнх маш найдвартай бонд. Бараг Засгийн газрын бондтой адил гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, өгөөж нь тодорхой, эрсдэл багатай санхүүгийн хэрэгсэл гэсэн үг. Гэтэл олон мянган залуу “Эрдэнэс Тавантолгой” бондыг биш, виртуал хөрөнгө эзэмшихийг илүүд үзэж байна. Эндээс залуусын хөрөнгө оруулалтын хандлагыг анзаарч болно.
Залуус эрсдэлээс айхгүй байна. Виртуал хөрөнгийн харилцааг зохицуулах эрх зүйн ямар нэг баримт бичиг одоогоор байхгүй. Үүнээс гадна койноо алдах магадлалыг хэн ч хааж чадаагүй. Ийм үед эрсдэл үүрч, алдвал юу ч үгүй алдана, олбол том ашиг хийнэ гэж сэтгэж байх шиг. Тэд энэ эрсдэлийг бү рэн мэдэж, мэдэрч байгаа. Мөн залуус арилжаа хийхэд хялбар, ямар нэг хүнд сурталгүй сан хүүгийн хэрэгслийг сонгож байна. Тэгэхээр санхүүгийн зах зээлийн бусад бүтээгдэхүүнийг хөрөнгө оруулагчдын хандлагад нийцүүлж, өөрчлөх хэрэгтэй болох нь. Худалдаж авах, арилжихад ямар ч төвөггүй систем бүрдүүлж байж, хөрөнгийн зах зээлийнхэн койнтой өрсөлдөх нь. Койных бол хамгийн төвөг багатай солилцоо хийдэг арилжаа юм. Хөрөнгө оруулах сонирхолтой залуусын сонголт цаашид койн байх бололтой.
“Их” койны анхдагч зах зээлийн арилжааг хийсэнтэй холбогдуулан санхүүгийн зах зээлийг зохицуулах байгууллага байр сууриа илэрхийлж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалтгүй зүйлд хөрөнгө оруулаад, мөнгөө алдвал хариуцлагыг нь өөрөө бүрэн үүрэхийг сануулаад, дэлхийн зарим оронд криптовалют гаргахыг хориглож, нарийн хянаж, шалгадаг болсныг онцолжээ. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Нэгдүгээрт, криптовалют, койнууд нь ямар нэг бодит үнэ цэнгүй тул найдвартай хөрөнгө оруулалт биш гэдгийг анхаарах шаардлагатай. Тухайлбал, алт шиг байгалийн шинж чанараараа дотоод үнэ цэнтэй зүйл биш шүү дээ. Түүнчлэн ард нь үнэ цэнийн баталгаа болох төрийн институц, эсвэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж үгүй. Үнэ ханш нь зөвхөн хурдан ашиг олох гэсэн спекуляц дээр тогтож байгаа учраас маш тогтворгүй, өндөр савлагаатай бөгөөд мөнгөө оруулсан хүн хохирол хүлээх, бүх мөнгөө алдах ч эрсдэлтэй. Хоёрт, хуулийн зохицуулалтгүй, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин, дүрэм журамгүй гэдгээрээ албан ёсны мөнгөн тэмдэгт, эсвэл хувьцаа, бонд зэрэг зохицуулалттай хөрөнгө оруулалтын бусад хэрэгслээс ихээхэн ялгаатай. Өөрөөр хэлбэл, мэдээлэл багатай, зах зээлд нөлөөлөх чадваргүй жижиг хөрөнгө оруулагч нар золиос болох эрсдэл маш өндөр, үүнээс сэргийлэх хамгаалалтгүй юм” гэжээ.
Залуус золиос болохоос айхгүй байгааг дээр дурдсан. Койн сонирхохгүй байгаа хүмүүс тэднийг амархан ашиг олохын төлөө хошуур лаа гэж ярьж байна. Тэгвэл виртуал хөрөнгийн зах зээл хөгжөөд, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөний дараа тэдний зөв байсан нь илэрхий болох ч юм бил үү. Дэлхийн санхүүгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага финтект суурилах нь тодорхой болсныг мартаж болохгүй. Тиймээс муу залуус койн гаргаад түүнийг нь шуналтай нөхөд худалдаж аваад байна гэж зэвүүцэхийн оронд төр, засаг зохицуулалтыг нь хийж өгөх хэрэгтэй. Койн гаргаад ашиг олж байгаа бол татвар төлдөг, болох, болохгүйг хязгаарласан зохицуулалтын дагуу ажиллаж, хариуцлага хүлээдэг байх ёстой. Ялангуяа хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах талаас нь сайтар боловсруулсан эрх зүйн баримт бичиг батлах шаардлагатай.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусаад УИХ-д өргөн мэдүүлэхээр болоод буй. Уг хуулийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэх юм билээ. Юутай ч энэ онд багтаад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинтой болчих байх. Уг хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зохицуулж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хам гаалж ажиллах юм байна лээ. Зохицуулалт нь бий болчихвол шинээр үүсэж буй зах зээлийн талаарх олон нийтийн ойлголт сайжрах биз.
Одоогоор олон нийт виртуал хөрөнгө оруулалтын талаар ямар ч ойлголтгүй нь анзаарагдаж байна. Цахим мөнгө, виртуал хөрөнгө, урамшууллын оноо гэсэн мэдээллийн технологид суурилсан ойлголтуудыг хольж хутган ярих болов. Цахим мөнгө бол тухайн улсын Төвбанкнаас гаргасан дижитал төлбөрийн хэрэгсэл. Цаасан мөнгө шиг бараа, үйлчилгээ худалдаж авч болно гэсэн үг. Виртуал хөрөнгө бол хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Дэлхий дахин койноор илэрхийлэн арилжиж байна. Мөнгөөр койн буюу хөрөнгө оруулалтын хэрэгсэл худалдан авч байна гэсэн үг. Түүнийх нь ханш өсөж буурч, өгөөж хүртэнэ. Урамшууллын оноо бол тухай компанийн үйлчилгээг авсны шагналын “бэлэг”. Түүнийг ашиглаж тухайн компанийн бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа хөнгөлөлт эдэлж болно.
Шинээр гаргасан койны хоёрдогч зах зээлийн арилжаа ирэх сарын 13-нд эхэлнэ. Өөрөөр хэлбэл, койн эзэмшигч өөр хүнд зарах эрх нь нээгдэнэ гэсэн үг. Энэ үед зохицуулах шаардлагатай олон асуудал тодорхой харагдана гэж бодож байна. Ханшийн зохиомол хөөрөгдөл үүсэх нь үү, хүчээр хямд байлгах нь уу, хөрөнгө оруулагчийн койн алга болох нь уу гээд олон зүйл илэрхий болно. Виртуал хөрөнгийн зах зээл шинэ тутам хөгжих нь. Энэ зах зээлийн гол тоглогч бол залуус байх нь. Юутай ч Монголын анхны виртуал хөрөнгийн анхдагч зах зээлийн арилжаа олон зүйлийг илэрхийлж, эргэцүүлэх шаардлага үүсгэсэн доргилт боллоо.