О.Цогтгэрэл "М.Тулгатын АН"-ыг Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарын наймаалцагч нам гэв
М.Тулгат даргатай гэх АН-аас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргатай АН болон бусад улс төрийн нам, эвслүүдэд хандан уриалга гаргаж, УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэгдэн оролцохыг уриалсан билээ.
Мөн АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн энэ тухайд утсаар ярьсан, уулзалт эхэлсэн хэмээсэн юм.
Гэвч УИХ-ын гишүүн, АН-ын дарга гэх О.Цогтгэрэл өөрийн цахим хуудастаа энэ тухай: "АН-аас гэх хаягтай эзэн биегүй, гарын үсэггүй албан бичгийг “УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд” гэж хандан ирүүлжээ.
Миний хувьд байр суурь тодорхой. “Ардчилсан намын дүрмийн хүрээнд бүх гишүүдээсээ сонгогдож, Их хурлаар батламжлагдсан, Дээд шүүхээр баталгаажаагүй байгаа дарга”-ын хувьд ярилцая гэвэл уриалгыг нээлттэй хүлээн авч оролцоно.
Харин “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон АН-ын дарга асан С.Эрдэнэ нарын ялах зорилгогүй, наймаалцагч нам гэх хоршлыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ АН-ын нэрийн өмнөөс дүрмийн дагуу дэвших аливаа нэр дэвшигчийг дэмжиж ажиллах” байр сууриудыг АН-ын төлөөллийн төв байгууллагад удахгүй илэрхийлнэ." гэжээ.
Өөрөөр хэлбэл М.Тулгат даргатай гэх АН, О.Цогтгэрэл даргатай гэх АН УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгуульд хамтран оролцох боломжгүй нь тодорхой болж байх шиг байна.