Б.Жавхлан: Гурван хувийн хүүтэй зээл ЖИНХЭНЭ ЭЗЭДДЭЭ очсон
Монгол Улсын Засгийн газрын "ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ"-нд тусгагдсан "АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ" өнгөрсөн гуравдугаар сард олгогдож эхэлсэн. Бизнес эрхлэгч иргэнд 50 сая хүртэл, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатайгаар олгож буй уг зээлд энэ жил 2 их наяд төгрөгийг гаргахаар төсөвлөсөн.
Тэгвэл уг санхүүжилт дууссан гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар уг зээлд 5121 ААН, 17 мянган иргэн хамрагджээ. Анх төлөвлөхдөө 3500 ААН-д гурван хувийн хүүтэй зээлийг олгоно гэж тооцоолж байжээ. Энэ зээл жинхэнэ эзэддээ очсон. Гурван хувийн хүүтэй зээл халамж биш мөн тэтгэмж биш гэдгийг тэрбээр тодотгоод "Цар тахлын үед хүндрэлд орж, орлогоо алдах нөхцөлд хүрсэн ААН-үүдэд очиж буй хөнгөлөлттэй хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээл юм. Арилжааны банкуудаар дамжсан учраас банк шалгуур, шаардлагаа тавьсан.
Төрөөс тавьсан ганц шаардлага нь НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид олгоно гэж тусгасан нь зөв болсон. Уг шаардлагыг тавьснаар НӨАТ төлөгч ААН-үүд нэмэгдэж, энэ жилийн НӨАТ-ын орлого нэмэгдсэн.Энэ зээлийг олгосноор 90 мянган ажлын байрыг хамгаалж, маш сайн үр дүнгээ өгсөн.Энэ жил олгохоор төлөвлөсөн 1 их наядын санхүүжилт нь дууссан учраас нэмж 1 их наяд төгрөг олгохоор ярьж байгаа" гэлээ.