Хүүхдээ алдаа гаргахаас бүү сэргийл. Хүн алдаа гаргаж байж л юм сурдаг
ЭЭЖ ААВУУДЫН АНХААРАЛД:
1. Эхний асуулт: “Би хүүхдээ ямар хүн болгож хүмүүжүүлмээр байна вэ? Ноомой юу эсвэл амжилттай юу?”
2. Хүүхэд чинь үгэнд чинь орохгүй байх үе бий. Тэглээ гээд түүнийг загнах гэж бүү яар... харин эхний асуултыг өөрөөсөө асуу.
3. Ямар ч бага насны хүүхэд хэрэгцээгээ сайн мэддэг. Тиймээс түүнийг өлсөөгүй байхад нь хооллож, даараагүй байхад нь дулаалж, унтмааргүй байхад нь хүчээр унтуулах гэсний хэрэггүй.
4. Хүүхэд аав ээжийгээ л дуурайдаг. Тиймээс сул талыг чинь дуурайлаа гээд түүнийг зэмлэх нь утгагүй хэрэг.
5. Хүүхдээр өөрөөр нь аливаа сонголтыг хийлгэж бай. Юу идэж, юу өмсөж, хаана яаж тоглохоо хүүхэд чинь өөрөө шийдэг л дээ... тэгж байж л тэр юм сурна шүү дээ.
6. Хүүхдээ алдаа гаргахаас бүү сэргийл. Хүн алдаа гаргаж байж л юм сурдаг.
7. Хүүхдээ энд тэнд авирч тоглоход нь “унаж бэртчихнэ” гэж айлгахын оронд дэргэд нь байж, хэрэгтэй үед нь тосоод ав. Эхний асуултыг санаж байгаа биз дээ?
8. Хүүхдийнхээ урдуур орж, чаддаг юмыг нь бүү хийж бай. Түүнд чаддаггүй юманд нь л тусалж бай.
9. Аливааг зааж сургах хамгийн сайн арга бол хамтдаа хийх.
10. Хүүхдээ нас бага гэж чамлалгүй аливааг хэрхэн яаж хийхийг зааж өгч бай.
11. Хүн л юм хойно хүүхдэд чинь хэцүү байх үе гарна. Тэр үед нь түүнийг сургамжлах биш харин халамжлах нь чухал.
12. Том хүн гэхээр л үргэлж таны зөв байх албагүй гэдгийг ямагт санаж яв.
13. Хүүхдээ зурагтнаас холдуулья гэвэл дуртай секц, дугуйланд нь явуул.
14. Хүүхэд асрагч, гэрийн багш авахадаа хүүхдэд хайртай эсэхийг нь голлон анхаарч байгаарай. Хүүхдэд хайртай байна гэдэг нь үргэлж хошуугаа дэвсээд байхыг хэлэхгүй.
15. Хүүхэддээ халаасны мөнгө бэлэн өгөх хэрэггүй. Түүний оронд цалин, урамшуулал өгч байвал тэрээр гэрийн ажилд дуртайяа оролцдог болно.
16. Та хүүхдээ хэдий их хүндэлнэ, тэрээр бусдыг төдий чинээ хүндэлдэг болно. Дээр нь насанд хүрсэн хойноо бусдын хүндэтгэлийг хүлээсэн нэгэн болно. Эхний асуултыг санаж байгаа биз дээ?
17. Та үргэлж бүхнийг мэднэ гэж байхгүй... тиймээс бүхнийг мэддэг, чаддаг хүн шиг царайлах гэсний хэрэггүй.
18. Хэн нэгэн хүн хүүхдэд чинь юм хэлж байхад та дундуур нь орж “хошуу нэмэрлэх” хэрэггүй. Харин хүүхдээ сайн зүйл хийхэд нь магтаж байгаарай.
19. Хүүхэддээ аливааг бэлэн хэлж өгөхийн оронд өөрт нь асуулт тавьж бай. Тэгж байж тэрээр сонирхсон зүйлийнхээ талаарх мэдээллийг бие даан хайж сурна.
20. Хүүхдийнхээ төлөө амьдрах гэдэг нь өөрийгөө гаргуунд нь хаяхын нэр биш. Таны үзэл бодол, ашиг сонирхол танд чухал гэдгийг хүүхэддээ ойлгуулж бай. Хүүхэд чинь ч таныг хараад суралцаг. Эхний асуултыг эргэн нэг хараарай.
21. Зарим аав ээжүүд хүүхэддээ өвдсөн үед нь л анхаарал хандуулж халамжилдаг. Энэ нь буруу юм... учир нь аав ээжийнхээ анхаарлыг татахын тулд хүүхэд өвдөмтгий болчих гээд байдаг.
22. Аав ээждээ байнга зэмлүүлж шийтгүүлдэг хүүхэд өөртөө итгэлгүй, ноомой нэгэн болж төлөвшдөг гэдгийг бүү март.
23. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хүүхэддээ бүү тулга. Хүүхэд чинь өөрийн гэсэн мөрөөдөлтэй байх ёстой.
24. Буруу юм хийсэн үедээ хүүхдээсээ уучлалт гуйж бай.
25. Хүүхдээ буруу юм хийвэл шийтгэнэ гэсэн л бол хэлснээрээ хийж бай. Эс бөгөөс та хүүхдээ хуурсан болно... харин хүүхэд чинь танаас юу сурах нь ойлгомжтой.
26. Эцэст нь, хүүхдийн төрөлхийн зан характер ямар ч хүмүүжлээс хүчтэй гэдгийг санаж яваарай. Нэг айлын хүүхдүүд еер өөр байдаг нь ийм учиртай...
Эх сурвалж: Счастливый психолог сайт
Орчуулсан: Өлзийбатын Уянга