Монгол Улсын баг тамирчид “Токио-2020” зуны олимпийн их наадамд маш амжилттай оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргав. Ингэснээр дэлхийн 206 орноос медалийн чанар, тоогоор 71 дүгээр эрэмбэлэгдээд байна.
Ердөө гуравхан сая хүнтэй атлаа олимпийн их наадамд бахдам амжилт үзүүлснийг өндрөөр үнэлж, Олон Улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах МҮОХ-ны удирдлагуудыг тусгайлан хүлээн авч баяр хүргэснийг та бүхэн харж байна.
МҮОХ-ныхон энэ наймдугаар ээлжит сард их хурлаа зарлан хуралдуулж, “Токио-2020” зуны олимпийн их наадмын амжилт, үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ, МҮОХ-ны шинэ Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах товыг 2021 оны арваннэгдүгээр сард зохион байгуулахаар товлох юм байна.
МҮОХ-ны дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох хамгийн өндөр магадлалтай гурван хүнээр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ЕНБД Э.Бадар-Ууган нар нэрлэгдэж байна. Дээрх хүмүүс нь олимпийн их наадамд Монгол Улсын нэрийн өмнөөс хамгийн олон буюу 43 хүнтэй багийг оролцуулсны зэрэгцээ нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг гаргасан тул дараагийн Ерөнхийлөгчид дээрх гурван эрхэм нэр дэвшин өрсөлдөх байх гэсэн таамаг явж байна.
Мөн МҮОХ-ны шинэ Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ дэвшүүлнэ гэсэн албан бус мэдээлэл мөн өнөөдөр цацагдаад эхэллээ. Тэрбээр УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшээд ялж чадахгүй бол МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшиж, өрсөлдөөнийг сонирхолтой болгох нь тодорхой байна.