20 настай залуу тамирчин Болдсайханы Хонгорзул энэ олимпийн наадмаар юм юм л үзлээ. Урамтай сайхан барилдаанаар ялалт байгуулж үзлээ, Олимп, дэлхийн аваргуудтай халз тулж үзлээ. Хамгийн гол нь Олимпийн наадмын медаль тийм ч хол биш гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ.
Хүрэл медалийн төлөө Олимп, дэлхийн аварга америк бөх Х.Мароулист яах аргагүй туршлага, ур чадвар дутан 11:0 оноогоор цэвэр ялагдлаа. Гэхдээ Олимпийн дэвжээнд хийсэн эдгээр барилдаан түүнд том туршлага, сэтгэл зүйн том итгэл найдвар авчрах биз ээ.
Ямартай ч тэрбээр дайчин, зоримог барилдаантай, өсөх ирээдүйтэй бөх болохоо энэ өдрүүдэд бидэнд хангалттай харуулав. Жаахан туршлагажаад ирвэл дэлхийн медаль ойрхон байна даа, түүнд.
Ийнхүү өнөөдөр медалийн төлөө барилдсан Монголын гурван бөх бүгд дийлдлээ. Гэхдээ найдвар тасраагүй байна. Өнөөдөр хагас шигшээд ялагдсан М.Лхагвагэрэл, Б.Болортуяа нар маргааш хүрлийн төлөө барилдана. Маргааш Монголын багийн медалийн тоо нэмэгдэхийг ерөөж, бөхчүүдийнхээ дээлийн захыг мушгин сууя.