Т.Амарсайхан: Найраагүй наадахын тулд л улсын цолтнуудыг барилдуулахаас татгалзлаа
Засгийн газрын зүгээс спортын уралдаан тэмцээнийг задгай талбайд үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргасан. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс салбар холбооддоо хандаж баяр наадмын бөхийн барилдааныг наймдугаар сард багтаан тус тусын орон нутагтаа зохион байгуулах санал хүргүүлсэн юм.
Улмаар Ховд аймаг баяр наадмын бөхийн барилдаанаа наймдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулах тов гарчээ. Бид Ховд аймгийн үндэсний бөхийн холбооны гарын даа Т.Амарсайханаас тодруулга авлаа.
-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж аймгуудын баяр наадам хойшлоод байсан. Харин Ховд аймгийн тухайд баяр наадмын бөхийн барилдаанаа зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс 21 аймгийн салбар холбооддоо хандаж наймдугаар сард багтаан баяр наадмын бөхийн барилдаанаа зохион байгуулах санал хүргүүлсэн байгаа. Энэ ажлын хүрээнд бид аймгийн онцгой комисстоо хандаж хүсэлт гаргасан юм. Аймгийн комиссын зүгээс халдвар хамгааллын дэглэм баримтлаад зохион байгуулах шийдвэр гарсан.
-Баруун бүсийн наадмыг наймдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулах шийдвэр гарсан байна лээ. Наадмын талаар тодруулахгүй юу?
-Бүсийн наадмыг наймдугаар сарын 6 болон 9-ний өдрүүдэд хоёр барилдааныг зохион байгуулах шийдвэр гараад байна. 6-ны өдөр аймгийн цол чимэг олгох 128 бөхийн барилдааныг зохион байгуулна. 9-ний өдөр бүсийн уралдаанд зориулсан улсын аймгийн цолтнуудын 128 бөхийн барилдааныг тусад нь явуулна. Гурав хоногийн зайтай хоёр барилдааныг явуулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна.
-Аймгийн цол чимэг олгох барилдаан бөхчүүдийн анхаарлын төвд байна л даа. Ямар журмаар явуулахаар шийдвэр гараад байна вэ?
-Энэ удаа аймгийн цол чимэг олгох барилдаанд зөвхөн Ховд аймгийн бөхчүүдийг барилдуулах шийдвэрийг аймгийн бөхийн холбооны зүгээс гаргасан. Барилдах бөхчүүдээ PCR шинжилгээнд хамруулаад л аймгийн цол олгох барилдаанд оролцуулна.
-Аймгийн цол чимэг олгох барилдаанд улсын цолтнуудыг барилдуулахгүй гэх шийдвэр гарсан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу. Ямар учраас зөвхөн аймгийн цолтнуудыг барилдуулах шийдвэр гаргасан юм бэ. Нөгөө талд улсын цолтнуудын эрх ашиг зөрчигдөөд байна шүү дээ?
-Аймгийн бөхийн холбоо хуралдаж байгаад л дээрх шийдвэр гаргасан юм. Шууд хэлэхэд, жил бүрийн өдийд улсын олон цолтнууд Ховд аймагт аялал зугаалгаар явж таардаг юм. Энд тэндхийн олон улсын цолтнууд аймгийн наадамд барилдахад өнөөх цолны найраа гэж асуудал их хэл дагуулдаг. Олны дургүйцлийг хүргэдэг. Улсын цолтнууд аймгийн цол авах гэж жижиг наадамд барилдахгүй нь хэнд ч ойлгомжтой. Тийм учраас залуусаа дэмжих зорилгоор зөвхөн аймгийн цолтнуудыг барилдуулах шийдвэр энэ удаа гарсан. Наадам найраа дагуулаад ирэхээр үүний цаана энэ их өв соёлын маань нэр хүнд асар их унадаг. Үзэгчид ч худлаа барилдаан үзэхийг хүсэхгүй биз дээ. Ховдын аймгийн арслан цолтнууд pcrшинжилгээнд хамрагдаад барилдахад нээлттэй. Цолоо хурцлаад эрэмбээ ахиулах боломжтой. Улсын цолтнуудын тухайд цол ахиулахаар аймгийн наадамд барилдахгүй нь хэнд ч ойлгомжтой асуудал. Энэ удаа бид залуу бөхчүүддээ боломж олгож найраагүй, шударга өрсөлдөөнийг дэмжсэн баяр наадмыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь энэ. Орон нутгийн телевизээрээ шууд дамжуулна. Үзэгчид ч аймгийн наадмаас шударга өрсөлдөөн л хүлээж байгаа. Цар тахлын хүнд нөхцөл байдалд зон олныг цэнгүүлж, дархлааг жаахан ч гэсэн дэмжээд өгөөсэй гэж л ийм шийдвэр гаргасныг улсын том цолтнууд маань ойлгоно гэж найдаж байна гэв.
Энэ үеэр урианхай болон үндэсний сурын харваа наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Түүнчлэн хурдан морины уралдаан нь Ховд аймгийн Буянт сумын нутаг “Цалуугийн дэнж” гэх газарт наймдугаар сарын 6-8-ны өдөр зохион байгуулагдах аж. Мөн төвийн бүсийн хурдан морины уралдаан “Сэлэнгэ хурд-2021” энэ сарын 6-наас 8-ны хооронд зохион байгуулагдана. Энэхүү уралдаанд морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар болжээ. ММСУХ-ны 25 жилийн ой, Гиннесийн уралдааны найман жилийн ойн хурдан морины уралдаан Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд наймдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд явагдана. Уг уралдаанд морьдыг мөн сэрвээний өндрөөр хэмжих аж.