Бүү яар. Өсвөр насны охидод зориулав. Охидоо гэр бүлийн амьдралд, хүүхэдтэй болох гэж бүү яар.
Яагаад гэж үү?
Гайхалтай дурсамж сонихон түүх бүтээх, хэтэрхий сайхан залуу насан дээрээ гэрт бүү суу, охидоо. Дөнгөж 16-20 насандаа хүнтэй сууж, гэрт сууж яах гэсэн юм бэ? Энэ амьдралд яарахаасаа өмнө хорвоо дэлхийд хичнээн сайхан зүйл байдаг гэдгийг үзээд хараад мэдрээд сураад туршлага суугаад хүнтэй сууж, хүүхэд төрүүл.
Эхлээд өөрийгөө ойлго, өөрийгөө судал, мөрөөдөл зорилготой бол, хүмүүстэй танилц, туршлага судал, өөрийгөө сорь. Өдөр бүр хичээ, зүтгэ, шамд, суралцаад, өөрийн чадлыг үз.
Өөрийгөө ч сайн таниж мэдээгүй байж, хэзээ ирэх нь ч тодорхойгүй хүн хүлээж, хүүхдийн даавуу угааж, амьдралын хатуу хөтүүд ийм эрт нухлагдаж яах гэсэн юм бэ? Залуустай үерхэж, дурлаж, хайрлаж болно ш дээ. Гэхдээ амьдрал зохиоход дэндүү эрт байна. Урт удаан хугацаандаа шийдвэр гаргах чадвар хүний 23 наснаас дээш төлөвшдөг.
Эрт хүүхэдтэй болж бас аав ээждээ харуулж, тэднийгээ зовоох гэж бүү яар. Тэд чинь бас өөрийн гэсэн амьдралтай хүмүүс шүү дээ. Өөрийгөө өсгүүлчээд, аз жаргалаас нь бүү хумсал. Хүүхэд гэдэг чинь тэр чигтээ үүрэг хариуцлага шүү дээ. Чадал тэнхээ муутай хүмүүс балчир хүүхдийн араас гүйнэ гэдэг хэцүү шүү. Хүүхэд ч хайр үгүйлж зовно.
Өөрөө хүүхэд байж хүүхэдтэй болох гэж юунд яарна вэ? Нойргүй олон хонож чадах уу? Хүүхдээ өсгөх хангалттай туршлага байгаа юу? Амьдралын хатуу хөтүүг даах сэтгэлийн тэнхээ байгаа юу? Хүүхэд өвдөхөөрөө ямар хэцүү гэдгийг мэдэх үү? Хүүхдээ орхиод явахад аав ээж нь ямар их ядардаг гэдгийг чи тооцоолсон уу? Хүүхдэдээ зориулах мөнгө, ирээдүйг нь баталгаатай болох нөөц бололцоо чамд байгаа юу?
Насны залуу дээр газар үз, аяал. Эйфелийн цамхаг, Альфийн нуруу, Финландын цагаан шөнийг үз. За больё, эх нутгаараа аяал. Мөнгөтэй болохоороо гадаадад аяал.
Мөнгө хаана байна гэж үү? Залхуу хүнд боломж харагддаггүй юм. Залуу халуун насаараа аархаж, гал цогтой хичээж зүтгэ. Эзэн хичээвэл, заяа хичээдэг юм. Заяагүй хүн гэж угсаа гаралгүй ядуу хүнийг хэлдэггүй юм. Заяагүй хүн гэж залхуу арчаагүй хүнийг хэлдэг юм.
Дөнгөж өсөж, төлжиж байгаа биеээ хүүхэд төрүүлж эвдэж яах гэсэн юм бэ? Өтлөхийн цагт өвчин ээрэх буй за. Өөрийгөө арчилж тордож сураад, дараа нь хүүхэд төрүүлээ.
Нэг хүүхэд гаргаад гэрт суухаараа өөртөө итгэх итгэлээ алдаад, дахиад хүүхэдтэй болоод, эмэгтэй хүн өөрийгөө хаячдаг юм. Өөрийгөө хаяж болохгүй. Хэтэрхий залуудаа хүүхэдтэй болж гэртээ суух зан эрчүүдэд байхгүй. Үргэлж дэргэд байна гэж андуу бүү бодоо. Хайрлаж, дурлалгүй л яахав, гэхдээ нас чинь болоогүй л гэж хэлэх гэсэн юм.
Залуу хүн гэрээс гармаар санагдана. Хүүхдээ орхиод гарах хэцүү, хамт олонтой ч байж болохгүй, юм бол гэрлүүгээ л яарсан бүсгүй болно. Нэг л мэдэхэд гэртээ суудаг эмэгтэй болдог. Зүгээр л сайхан насаа мэдэрч, амьдралд буцал. Хойшоо санаа зовох зүйлгүй, дураараа сайхан бай.
Хүүхэд төрүүлэхэд маш том төлөвлөгөө хэрэгтэй шүү
Аавын бийд хүнтэй танилц
Агтны бийд газар үз гэдэг дээ...
Хорвоо дэлхий уужим, хийх зүйл их, харах үзэх газар мөн их байна даа.
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ