Н.Наранбат: Ирэх есдүгээр сард шатахууны үнэ өсөж болзошгүй
Шатахууны үнийн асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт УУХҮЯ, АМГТГ, Монголбанкны удирдлагууд, мэргэжилтнүүд, шатахуун импортлогч ААН-ийн төлөөлөл оролцож байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: "Вакцинжуулалтыг 60 хувьд хүрэх хүртэл АИ-92 бензиний үнийг 1,450 төгрөгт барихаар ААН-үүдтэй тохирсон байсан. Энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэл ААН-үүдийн алдагдал литр тутамд 600 төгрөгт хүрсэн. Энэ хэвээрээ байсан бол бензиний хомсдолд орохоор байлаа. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээж эхэлсэн.
Цаашид эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, үе шаттайгаар өргөн хэрэглээний АИ-80, АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй болов уу. Өдөр бүр долларын ханшийн өсөлт бууралтыг мэдээлж байдаг шиг нээлттэй, үнийг чөлөөтэй зарлах зах зээлийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Харин дотоодод АИ-95, АИ-98 авто бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд бид БНХАУ-ын “China oil” компанитай хэлэлцээр хийсэн. Эхний ээлжийн шатахуунууд хил дээр ирсэн, нөөц хэвийн байх зохицуулалтыг хийгээд байна" гэв.
"НИК" ХХК-ийн захирал Н.Наранбат: "Шатахууны жижиглэнгийн үнийг хэрхэн тогтоодог нь шилэн буюу ил тод байдаг. Энэ салбарт нэг компанийг монопол гэж иргэд буруу ойлгодог. 30 жилийн өмнө өрсөлдөөн бий болж, 30 орчим ААН үйл ажиллагаа явуулж байна. Ирэх есдүгээр сард үнэ өсөж болзошгүй. Компаниуд олон сарын турш алдагдал хүлээв. Тэд нийт 10 мянган хүнийг ажлын байраар ханадаг. Хэдий алдагдал хүлээсэн ч нэг ч хүнийг халаагүй" гэлээ.