Х.Болдбаатар: Манай тамирчдаас эмнэлгийн тусламж аваагүй хүн байхгүй
Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр (2021.07.31) болж байна. Монголын баг эхний шатанд БНСУ-ын багтай таарч, 4:1-ээр ялсан. Дараа нь ОХУ-ын багтай барилдаж 2:4 харьцаагаар, дагах барилдаанд Германы багт мөн 2:4 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Хэдий манай багаас Ц.Цогтбаатар, Саеид Моллаи нар 100 хувийн амжилт үзүүлсэн ч багийн ялалтад энэ нь хангалтгүй байсан юм. Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар энэ талаар:
- Багийн барилдаанд медаль авчих болов уу гэж найдаж байлаа. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр сая Д.Сумъяа маань мөрөө гэмтээчихлээ. 100 хувь барилдаж чадсангүй. Бидний зорилго алтан медаль байсан. Гэхдээ өнгөрсөн жилийн хавраас бид маш хүнд байдалд бэлтгэл хийж ирлээ.
Оны эхэнд бэлтгэлгүй шахуу Дохагийн мастерст явсан. Дараа нь гэр гэртээ бэлтгэл хийж байгаад хүүхдийн Найрамдал зуслан руу сарын бэлтгэлд явсан. Европын тэмцээн рүү явж, сайн байсан боловч багаараа Covid тусч, бүгд муудсан. Сар гаран хоригдсон. Ирээд бэлтгэлээ яг санасан хэмжээндээ хийгээгүй. 100 хувь ачаалал авахад асуудалтай байсан. Аль болох л бэлтгэл хийсэн. Ямар ч байсан нэг мөнгө, хоёр хүрэл гээд гурван медаль авлаа.
Ё.Басхүүгийн хувьд хүрэл медаль авна гэж бодож байсан ч Абэг ялж чадсангүй. Хүрлийн төлөө ч чадсангүй. Ц.Цогтбаатарыг Оног ялна гэж бодож байсан шүү. Ерөнхийдөө гайгүй байсан. Эмнэлгийн тусламж аваагүй хүн байхгүй. Япон эмч маань сайн ажилласан. Даанч олимпод ирж чадаагүй. Чиний ач гавьяа энд их байсан шүү. Би шигшээ багийн дасгалжуулагч болсноосоо хойш багтаа залуу дасгалжуулагч нарыг авсан. Баг маань залуужсан. Бэлтгэл хангасан тамирчдадаа баярлалаа. Бидний захыг мушгисан ард түмэндээ баярлалаа. Алтан медаль авах зорилготой байсан ч чадсангүй. Гэхдээ зорьж, тултлаа ажилласан.