Машины үнэ 2-3 сая төгрөгөөр нэмэгдсэн шалтгаан ийм ажээ
Хөл хөдөлгөөн ихтэй байдаг Да Хүрээ автомашины зах бусад үеэсээ сийрэг байна. Учир нь хил гаалийн ачаа тээврийн гацалт, үнийн нэмэгдлээс болж худалдаалагдаж байгаа машины тоо эрс багассан гэнэ. Нийслэлд томоохонд тооцогдох Да Хүрээ, 22-ийн товчоо авто зах дээр Монголд явж байсан болон орж ирсэн тэрэгнүүд өмнөх онтойгоо харьцуулахад даруй 2-3 сая төгрөгөөр нэмэгджээ.
Монголын нөхцөлд тохирч эдэлгээ сайн даадаг учраас Япон машины гүйлгээ их байдаг. Түүнээс хамгийн түгээмэл нь приус маркын машин байдаг. Харин энэ нь бүтэн G, G гэх мэтчилэн үйлдвэрлэсэн оноосоо болон харилцан адилгүй байдаг. Приус 30 машин 16,5 саяас 21 сая хүртэлх үнээр худалдаалагдаж байна.
Харин приус 20 машин 16,5 саяас 19 сая хүрч байна. Харин энэ үнийн өсөлтийг доллар юанийн үнийн хэлбэлзэл болон хил гааль дээрх ачаа тээврийн үнэ хэт дахин нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.
Иргэн: “Тяньжин боомт дээр л удааж байна. Бид нар удаагаагүй, Япон удаагаагүй. Нэг машин дээр сая төгрөг бол шууд автоматаар нэмэгдэж байгаа гэсэн үг. Тэгээд тэр сая төгрөг нэмэгдсэнээс нь болоод айгаад машин оруулж ирэхгүй байж байна. Яахав зориг гаргаад авсан ганц хоёрхон машинаа зарж байна.
Өмнө нь чихцэлдээд чи наашаа би цаашаа гээд байж байдаг байсан бол одоо тийм юм алга. G touring 14.5 саяд зарж байсан бол одоо 16,5 сая гэж байна. Бид нарыг дураараа үнэ нэмээд байна гэж ярьдаг юм шиг байгаан. Үгүй шд. Адаглаад тээврийн зардал, контейнер, гааль, доллар иень гээд. Доллар нь байнга өснө.
Сая нэг хэсэг машины үнэ буурсан болоод хүмүүс аягүй их машин хайж яваад байсан зах нэлээн хоосорсон. Тээврийн зардал нэмэгдсэн болохоор үнэ нь буураад олигтой шалихгүй байхөө” гэв.
Түүнчлэн ОХУ-д баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашин ашиглахыг зөвшөөрсөн. Тиймээс хойд хөршийн худалдаачид Японыг зорьж автомашин авах болсон байна. Том зах зээл худалдаанд орж ирсэнийг өрсөлдөөн болж үнэ хөөрөгдөх бас нэг шалтгаан болсон гэнэ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Японоос 2019 онд 585 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлосон бол 2020 онд дээрх тоо 406,7 сая ам.доллар болж буурсан байгаа юм. Импортын барааны 70 гаруй хувийг автомашин эзэлдэг байна. Тэгвэл дээрх тоо буурсан үзүүлэлэттэй гарч байгаа нь автомашины борлуулалт тэр хэрээрээ буурсан гэдгийг харуулж байна.
Харин тансаг зэрэглэлийн автомашины борлуулалт эсрэгээрээ өндөр үзүүлэлттэй байна. 2007 оноос хойш шинэчлэгдээгүй Тоёота компаний Ланд Круйзер машины загвар энэ онд шинэчлэгдэн Ланд 300 аа худалдаанд гаргасан. Энэ машин нь албан ёсны борлуулагч компаниудын захиалгаар Монголд ирэх 8-р сард орж ирнэ. Борлуулалагч компаниуд нээлттэй зэрэгцэн цахим захиалга авсан нь ганц хоёрхон цагийн дотор 100,200-аараа зарагджээ.
Үүнээс харахад автомашины үнийн нэмэгдэл энгийн дундаж амьдралтай, хөл дүүжлэх унаатай болох иргэдэд хүндхэн тусаж байгаа болохоос хэд хэдэн тэрбумаар нь халааслаж байдаг эрхэмүүдэд төдийлөн хямрал хүндрэл үүсгэхгүй байна. Худалдаачдын хэлж байгаагаар хилийн боомтоор нэвтрүүлэх ачааг нэмэгдүүлж, тээвэрлэлтийн зардлыг бууруулсан цагт автомашины үнэ буурах байх гэсэн хариултыг өгч байна.
Эх сурвалж: ТВ9 телевизийн мэдээ