ААН-үүд шатахууны үнэ нэмэх хүсэлтээ өгчээ
Наймдугаар сард шатахууны үнэ дахин өсөх магадлалтай ба, аж ахуйн нэгжүүд шатахууны үнээ нэмэх хүсэлтээ өгсөөр байгаа ажээ.
2020 оны дөрөвдүгээр сард цар тахлын улмаас дэлхийн зах зээлд түүхий газрын тосны үнэ буурсан. Тавдугаар сард нэг тонн АИ-92 202 ам.долларын үнэтэй болсноор бензиний үнэ 1300-1320 төгрөг болж буурсан. Харин энэ сард АИ-92 нэг тонн нь 690 ам.долларын хилийн үнэтэй байна. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 73 орчим ам.доллар байгаа учраас гадаад зах зээлээс хамааран шатахууны үнэ ийнхүү өсчээ.
Нэг баррель тосны үнэ 40 ам.доллар, хилийн үнэ 400 ам.доллар байхад нэг литр шатахууныг 1450 төгрөгөөр худалдах боломжтой гэж АМГТГ-ын газрын дарга Ц.Эрдэнэбаяр хэлж байсан. Гэтэл энэ оны нэгдүгээр сараас нэг баррель нь 50 ам.доллар, хилийн үнэ 470 ам.доллар болж өсжээ.
Одоогоор ААН-үүд 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа учраас өнгөрсөн нэгдүгээр сараас хойш шатахууны үнээ нэмэх хүсэлтээ холбогдох байгууллагуудад өгсөөр байж. Гэвч АМГТГ-аас нийгмийн хариуцлагаа хүлээгээд үнээ нэмэхийг хойшлуулна уу гэсээр энэ сарын эхэнд литр тутамд 300 төгрөгөөр нэмжээ. Мөн шатахуун импортлогч ААН-үүдийн үнийг удаан хугацаанд доогуур баривал хомсдол үүсэх, чанарын шаардлага хангахгүй шатахуун худалдах эрсдэлтэй байна.