Япончууд Хакухо М.Даваажаргалыг харь нутгийнх гэж харж, ойлгодог хэвээрээ юү?
“Анх удаагаа мэргэжлийн сумо бөхийн аваргын ёслолоор олимпын эв нэгдлийн наадмыг нээхээс япончууд татгалзсан цаад шалгаан юу байв-
Иргэншлээ сольж, Япон Улсын иргэнтэй гэр бүл болсон ч Хакухог япончууд харь хүн гэж хардаг хэвээрээ бололтой. М.Даваажаргал “Токио-2020” зуны олимпын наадмын нээлтийг мөн ч олон жил хүлээлээ дээ. Тэр хэдхэн хоногийн өмнө ч, хэдэн жилийн өмнө нь ч “Өнөөдөр ч зодог тайлахад бэлэн байна. Гэхдээ зодгоо мөрөөдөлтэйгөө тайлчих гээд болохгүй юм” гэж хэлж байлаа. Түүний олон жил тэвчиж, хоног тоолон хүлээсэн ганцхан мөрөөдөл нь аавынхаа оролцож байсан Токиогийн олимпын наадмын нээлтийг нээх байсан юм. Тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёд 45 дахь удаагаа түрүүлсэн. Харамсалтай нь, түүнд хүн төрөлхтний бэлгэ тэмдэг болсон олимпын наадмын нээлтийг нээх эрх өгсөнгүй, япончууд.
Хакухо М.Даваажаргал 2017 онд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үедээ ингэж ярьж байв.
Тэрбээр “Чөлөөт бөхийн тамирчин, олимпын дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичотой ярилцаж суулаа. Тэр хийдгээ хийчихсэн учраас “Барилдахаа болимоор байна” гэж байсан. “Гэтэл Токиогийн олимп гэж 2020 онд болохоор болчихлоо” гэж байна лээ. Би ч гэсэн маргааш ч хамаагүй зодог тайлахад бэлэн байна. Токиогийн олимп 2016 онд болсон бол хэчнээн сайхан бэ.
Монгол Улс Токиогийн олимпод анх удаа 1968 онд оролцож байлаа. Миний аав тэр олимпод тугчаар оролцож, мөнгөн медаль хүртэж байсан. Би бодоод байдаг юм. Би гурван жил намбайгаад сайхан барилдах юм бол “Токио-2020” олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааг нээж магад. Аваргын ёсолгоогоороо нээдэг уламжлалтай юм л даа. Аваргын бүсээ бүслээд хөлөө газар буулгахад газарт байгаа муу муухай зүйлийг дэвсэж, алга болгож, ариусгаж байна гэсэн утгатай. Тийм учраас би олимпын наадмын нээлтэд аваргын ёсолгоогоо хийж магад. Хэрэв тэгвэл аав, хүү хоёр Токиогийн олимпын дэвжээнд хамт гарч байсан гэсэн үг. Хэдийгээр би тамирчин биш, дэвжээнд гараагүй ч гарсантай ижилхэн болох гээд байгаа юм л даа. Миний мөрөөдөл энэ болчихоод яваад байна” хэмээн ярьж байв.
Тэр ингэж яриад хоёр жилийн дараа бэртлээсээ болоод нэг жил башё өнжсөн. Харин олимпын наадмын сарын башёд зодоглож, 45 дахь түрүүгээ авлаа. Харин тэр түрүүлснийхээ дараа дөрвөн жилийн өмнө ярьж байсан үгээ давтаж хэлсэн юм.
“Бэртэл, гэмтлийн улмаас зургаан башё дараалан өнжлөө. Жил тойрлоо. Энэ жил өвдөгний хагалгаа хоёр удаа хийлгэлээ. Үнэндээ их аварга цол авснаас хойш 15 жил зүтгэж, 44 удаа цом өргөсөн надад дахин түрүүлэх шунал, дэвжээнд хоргодох санаа огт байхгүй болжээ. Би ердөө л ганц л зорилготой энэ башёд зодоглосон. Энэ бол “Токио-2020” зуны олимпын нээлтийн тугийг өргөж жагсах. Зодог тайлчихвал энэ хүсэл мөрөөдлөө давхар тайлчих гээд байлаа. Тиймээс цар тахал туссан ч, гэмтэж бэртсэн ч, жил тойрон энэ л башёг тэсэн ядан хүлээлээ. Олимпын сарын энэ башёг би тэнгэрт хальсан Монголын тэнгэрлэг бөх, Мехикогийн олимпоос мөнгөн медаль авч Монгол Улсаа олимпын тэнгэрт мандуулсан, “Токио-1964” олимпод Монголчууд анх удаа оролцоход Монголынхоо далбааг өндөрт өргөн жагссан, дархан аварга, аав Ж. Мөнхбатдаа зориулж байгаа юм. Аав минь олимпод оролцож Монгол Улсын далбааг олимпын тэнгэрт мандуулсан.Тэгвэл би олимпод оролцоогүй ч, олимпын наадмын тугийг өргөвөл мөн л оролцсоноос ялгаагүй болох юм гэж санана” хэмээсэн билээ.
Бэртэлтэй хэр нь дэвжээгээ орхиж чадахгүй тэвчиж хүлээсэн түүний мөрөөдөл биелсэнгүй. Их аваргаараа олимпын наадмын нээлтээ нээлгэдэг япончуудын өв уламжлал алдагдав. Уг нь М.Даваажаргал усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр япон эмэгтэйг гэргийгээ болгон сонгосон. Мөн Монгол Улсынхаа иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл, их аварга маань их наран улсын иргэн болсон гэсэн үг. Гэтэл Хакухо М.Даваажаргалын мөрөөдлийг япончууд биелүүлсэнгүй. Уг нь мэргэжлийн сумо бөхийн домогт аварга шүү дээ. Ямар ч цаг үед үндэсний бөхийн домогт аваргынхаа ёсолгоогоор олимпын нээлтийг хийж болох байсан. Гэвч М.Даваажаргалаар нээлт хийлгэхээс татгалзлаа. Түүнийг Япончууд одоо хүртэл харь элгийн хүн гэж хардаг хэвээрээ байгаа юм байна. Д.Дагвадорж шиг эсвэл Д.Бямбадорж аварга шиг харамсалтайгаар зодог тайлах хэцүүхэн хувь тавилан хүлээж байгаа нь түүнд хандаж буй хандлагаас нэвт мэдрэгдэх ажээ.
Уг нь олимпын нээлт хийчих гэж мөн ч их хичээсэн юм сан. Харамсалтай нь, санаснаар болсонгүй. Сэтгэлдээ гуниг тээсэн Хакухо М.Даваажаргал Саид Моллайг дэмжихээр монголчууд дээрээ ирчихсэн сууж байна лээ.