Платон (МЭӨ 428 эсвэл 427-348 эсвэл 347 он).
Эртний Грекийн гүн ухаанч, платонизмыг үндэслэгч. Сократын шавь, Афинд философийн сургууль үүсгэн байгуулсан. “Сократын уучлал”, “Федон”, “Пир”, “Федр”, “Засаг төр”, “Тэатет”, “Парменид”, “Софист”, “Тимей” зэрэг бүтээлүүд нь ихээхэн алдаршсан.
Платон МЭӨ 428 (427) онд Пелопоннесийн дотоодын дайны үеэр төржээ. Энэ хор хөнөөлтэй дайн ардчилсан Афин, язгууртан Спарт нар эллины засаг- полисыг ноёрхох гэж байлдсан дайн. Платон Афины язгууртан гэр бүлээс гаралтай. Түүний эцгийн өвөг дээдэс Афины сүүлчийн хаан Кодрын үр удмаас гаралтай. Түүний аав Аристоны талаар хожмын үеийнхэн бараг юу ч мэдэхгүй. Харин ээжийх нь тал Периктионууд нь Афины улс төр, нийгмийн амьдралд томоохон ул мөр үлдээсэн хүмүүс байдаг гэдэг. Жишээ нь Солон. Гэхдээ Платон болон түүний ах дүү болох Главкон, Адимант, Антифонт нарын хэн нь ч Засгийн газарт ажиллаж байгаагүй. Бүгд ном, шүлэгт дуртай, гүн ухаантнуудтай найзалдаг байв. Тэдний хэн нь ч өвөг дээдэс Солон шиг яруу найрагчийн алдарт хүрээгүй. Хэн нь ч нагац ах Критий шиг яруу найрагч, драматургч болоогүй. Хэн нь ч хамаатан Андокид шиг яруу илтгэгч болоогүй. Платон агуу философич болсон. Грекчүүд түүнийг “бурханлаг” гэж нэрлэдэг байсан.
Платон олон талт боловсрол эзэмшсэн. Тэрбээр хамгийн сайн багш нараар хичээл заалгадаг байж. Дүрмийн хичээлийн алдартай Дионисий багш, хөгжмийг Дамоны шавь Дракон, гимнастикийг Аристон бөх. Агуу бөх Аристон өөрийн шавь Аристоклид том цээжтэй болохоор нь Платон гэж нэр өгсөн. Тэгж л Аристокл нэр арилан, түүхэнд Платон нэр үлджээ.
Тэрбээр уран зураг зурдаг, эмгэнэлт зохиол болон дэгжин эпиграмм бичдэг, Дионисыг магтан дуулдаг, хүчтэй хоолойтой биш ч дуулдаг байлаа. Ялангуяа тэр хошин зохиолч Аристофан, Софрон нарыг биширдэг байсан тул өөрөө хошин зохиол бичдэг болжээ. Үүний зэрэгцээ Платон нь Истмийскийн бүх Грекийн тоглолтод бөхөөр оролцон, шагнал хүртэл авч байжээ.
Залуудаа тэр хүн бүр эн тэнцүү төрдөггүй, ёс суртахуун бол сул дорой нэгэн нь хүчтэй хүмүүсийн эсрэг тэмцэх гэж бодож олсон зүйл, бүх засаглалаас хамгийн ухаантай нь язгууртан гэж алдарт багш нараар заалгаж байжээ.
МЭӨ 408 онд тэрээр төрөлх хот Афинд, гүн ухаанч Сократтай танилцжээ. Домогт өгүүлснээр Платонтай танилцахаас өмнө Сократ өвдөг дээр нь цагаан хун ирж суугаад, сайхан дуу гарган, нисэн одож байна гэж зүүдэлжээ. Энэ бол Платоныг шавиа болгон авч, ирээдүйд нөхөрлөхийн зөн совин байж. Сократ нь Платонд дутагдаж байгаа зүйлийг нь өгсөн юм. Амьдралын үнэ цэнэ, үнэн байдаг гэдгийг хатуу ойлгуулсан. Өөрийгөө дотроосоо төгс болгох хүнд замыг туулж байж амьдралын утга учрыг олдог.
Тэдний нөхөрлөл найман жилийн дараа Платоны үеэл Критий Афинд дарангуйлал тогтоосноор тасалдсан юм. Удалгүй Сократ нас баржээ. Платон Афины ардчиллыг үзэн ядах болсон учир нь үүнээс болж түүний багш амиа алдсан. Тэрээр өөрийн амьдралын ихэнх цаг хугацааг, үхэн үхтэлээ шинэ засаглал бүтээхийн төлөө зориулсан. Өөрийн “хуулиа” дуусгаж амжаагүй тэрээр нас баржээ.
Эхэндээ Платон өөрийн багшийн нотолгоог жижиг, харилцан яриа хэлбэрээр гаргаж “сократын” гэж нэрлэдэг байж. Учир нь тэдгээр нь үнэхээр “түүхэн” Сократтай төстэй байсан. Платон багшийхаа “Сократын уучлал”-ыг дахин сэргээж, Сократыг шүүгчдийн өмнө ярьж байгаагаар оруулжээ. Эцэст нь “сократын” гэгдэх бүтээлүүдийн сүүлийх нь болох гүн утгатай “Горгии”-д Сократыг софистуудыг илчилсэн, төгс шударга хүн болгон бичжээ. Гэвч энэ шударга хүн нь шударга ёсыг гажуудуулсан ардчиллаас болж үхэхээс өөр арга зам байгаагүй гэжээ.
Багшийгаа нас барсны дараа тэрээр Сократын шавь нар цугладаг Мегарад нүүн иржээ. Тэд дахин нэг цуглаад, багшийгаа дурсаад, тал тал тийшээ тарахаар болж. Хуучны уламжлал ёсоор жинхэнэ философич хүн мэргэн ухааныг эрт дээр үеэс хадгалж үлдсэн мэргэдээс суралцах ёстой байдаг. Тэгэхээр аялах хэрэгтэй. Зарим нэг нь Платоныг Вавилонд очиж одон орон судлаад, Ассирт илбийн ухааныг суралцсан гэдэг. Харин зарим нэг нь түүнийг Финики, Иудей хүрч тэдний шашин, хуулийг судалсан гэдэг. Ихэнх нь Платоныг цагтаа Солон, Геродот нарыг алмайруулсан Египетыг тойрохгүй өнгөрөөгүй гэж үздэг. Энэ таамаглал үнэн байх магадлалтай, учир нь Египет ойрхон, грекууд тэнд их очдог байжээ. Платон мэдээж Геродотын түүхийг сайн мэднэ. Тэрээр ганцаараа аялж байгаагүй, өөрийн шавь, ирээдүйд алдартай газар зүйч, одон орон судлаач болсон Эвдокстой хамт аялж байсан гэдэг.
Платон МЭӨ VII зуунд грекуудын үүсгэн байгуулсан Хойд Африкт орших Кирен хотод очсон гэх баримт байдаг. Аристипп, алдарт математикч Феодор нар энэ хотоос гаралтай хүмүүс. Платон тэнд очоод Феодораар Сократын адил математик заалгаж байсан гэдэг.
Феодор пифагорчуудтай илүү дотно байсан ба Платон аажмаар эдгээр тооны утга учир судлаач, гүн ухаантнуудтай найзууд болж чадсан юм. Пифагорчууд түүнд онолыг бүтээхдээ тунгалаг бодолтой, хатуу дэглэмтэй, эв найрамдалтай байж юмс үзэгдлийг олон талаас нь харж сургасан.
Платон агуу Грек гэж нэрлэгддэг, грекүүд амьдардаг Италийн өмнөд хэсэгт амьдарч байсан. Сократыг нас барснаас хойш бүтэн 10 жил МЭӨ 389-387 он хүртэл Платон аялсан. Аялж явахдаа улс үндэстний амьдрал, хуулийг хараад бүх засаг ажлаа муу хийдэг юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хүн төрөлхтөнийг зовлонгоос ангижруулахын тулд засгийн эрхэнд жинхэнэ зөв сэтгэдэг гүн ухаантнууд гарах эсвэл одоо байгаа удирдагчид ямар нэгэн байдлаар жинхэнэ гүн ухаантан болох хэрэгтэй гэж Платон улам их бодох болсон гэдэг. Платон эртний грекийн гүн ухаантнуудаас хамгийн анх засаг, төр гэдэг ойлголтыг системчилсэн хэлбэрээр тайлбарласан юм. Нийгэм-улс төрийн сэдвээр тэрээр хоёр томоохон бүтээл гаргасан. Эдгээр нь “Засаг төр”, “Хууль” хоёр юм. Энэ харилцан яриа бас “Улс төр”, “Критон”-д гардаг. Түүний хүсч байсан улс төр юу вэ? “Горгии”-д өгүүлснээр жинхэнэ улс төр гэдэг бол хүмүүжлийн замаар ард иргэдийг шударга, төгс болгох. Платоны үзлээр бол төгс засаглал нь анги давхрагатай байх ёстой. Тэрээр сайн сайхны төлөө удирддаг дээд ангиас гадна хувийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө зүтгэхийг зөвшөөрдөг үйлдвэрлэгчдийн анги байх ёстой гэж үздэг. Материаллаг эд зүйлс нь хоол, хувцас, орон байр гэх мэт. Нийтлэг эрх ашиг нь бүгдэд нэг. Жишээ нь олон нийтийн зөвшөөрөл бол бүгдэд нь нэг...
Нийгмийн доод анги нь үйлдвэрлэгчид- тариаланчид, гар урчууд, худалдаачид. Дараагийн ангид цэрэг хамгаалалтыхан, удирдагч гүн ухаантнууд орно. Түүний үзлээр доод ангийхан доор ёс суртахуунтай байна. Удирдагчид ухаалаг, цэргийхэн зориг, сайн хүсэл тэмүүлэлтэй, үйлдвэрлэгчид мэдрэмжтэй байх. Платоны үзлээр төгс засаглал нь улс төр, ёс суртахууны нийгэмлэгтэй, тэр нь төрийн чухал асуудлуудыг шийдэхэд чиглэсэн байх ёстой. Тэдний үүрэг даалгавар нь дайснаас төрөө хамгаалах, ард иргэдийг системтэй хангамжаар хангах, нийгмийн соёлын сэтгэлгээг хөгжүүлэх. Сайн төгс засаглал нь дөрвөн сайн хүсэл тэмүүлэлтэй байна. Үүнд, удирдагч, гүн ухаанчид нь ухаалаг, цэрэг эрс нь зоригтой, үйлдвэрлэх ажилчид дунд зэргийн байна. Дөрөв дэх сайн хүсэл тэмүүлэл нь бүх засаглалд хамаатай, “хүн бүр өөрийн ажлаа хийнэ” гэдэгээр илэрхийлэгддэг. Платоны дэвшүүлсэн төрийн онолын схем нь нийгмийн амьдрал хатуу чанга засгийн хяналтан дор байна. Олон судлаачийн үзэж буйгаар энэ нь капиталист нийгмийн эхлэл гэдэг. Платон эрх баригчдын үзэл суртлын хатуу дарангуйллыг төсөөлж байв. “Шүтлэггүй” байвал цаазын ял сонсоно. Урлагийн бүтээл бүхэн төрийн ёс суртахуун руу чиглэж үү гэж хатуу цензурт орно гэх мэтчилэн.
МЭӨ 406 онд зэвсгийн хүчээр төрийн эрхэнд гарсан Дионисии I дарангуйлагчийн удирддаг Сиракузид Платон очиж байсан. Дарангуйллын засгийн газарт Гиппарины хүү Дион их үүрэг гүйцэтгэсэн. Дион өөрөө ухаантай, боловсролтой, язгууртан хэлбэрээр улс төрд өөрчлөлт гаргана гэж найдвар тээж явсан нэгэн. Платоныг ирэхэд тэрээр 18 настай байсан ба тэр үеэс түүнд шавь орохыг хүсч байжээ. Тэр гүн ухааны ачаар дарангуйлагчийн ёс суртахууныг дээшлүүлэх гэж Платоныг урьж авчирсан гэдэг.
Итали, Сиракузын тансаглал Платонд таалагдсангүй... Хичнээн байгалиасаа авъяастай байсан ч идэр залуугаасаа ингэж хүмүүжигдсэн залуус хэзээ ч ухаажихгүй гэж тэрээр үзэж байлаа. Засгийн ядуурал, иргэд нь тансаглал, ховдоглол, архидалт ихтэй, өөр юунд ч тэмүүлэхгүй байгаа нь Платонд илт байлаа. Хэнд ч итгэхээ больсон, хүн бүхнийг дайснаа гэж хардаг Дионисии Платоныг үл итгэсэн байдлаар сонсож байжээ. Дионисии, Платон нарын нэгэн яриа их сонирхолтой. Дионисигийн асуусан асуултад Платон итгэлтэйгээр хариулсан байдаг.
Хамгийн жаргалтай хүн хэн бэ? гэсэн асуултад Платон эргэлзэх зүйлгүйгээр Сократ гэж хариулжээ. Дионисии удирдагч хүний зорилго юу вэ? гэж асуухад Платон “Ард иргэдээ сайн хүн болгох” гэж хариулжээ. Дионисии өөрийгөө шударга шүүгч гэж үздэг тул Платоноос шударга шүүгчийн талаар асуужээ. Платоноос “шүүгчид хэчнээн шудрага байлаа ч, урагдсаныг нөхдөг оёдолчидтой адил” гэсэн хариулт сонсчээ. Дарангуйлагчдад зориг хэрэгтэй юу гэж Дионисии асуухад Платон “Дарангуйлагч дэлхийн хамгийн аймхай хүн. Учир нь үсчин хоолойг нь хэрччих вий гэж үргэлж айдаг” гэж хариулжээ. Дионисии өөрийг нь шүүмжилж байна хэмээн үзээд дургүйцлаа нуухгүй байсан гэдэг. Ордныхон нь Платоныг анхааралтай сонсож байгаа нь ч таалагдсангүй. Залуучууд бүр алмайрсан байжээ. Учир нь хэзээ ч, хэн ч урьд өмнө ярьж зүрхэлж байгаагүй зүйлийн талаар Платон ярьж байлаа. Эцэст нь Дионисиин тэвчээр алдагдан тэрээр Платоноос яах гэж Сициллд ирсэнийг нь асуужээ. “Төгс хүнийг хайж явна” гэсэн Платоны хариултад Дионисии “Бурхдын нэрийг барьж тангараглая. Чи олоогүй яваа нь илт байна” гэж дургүйхэн хэлсэн гэдэг.
Платон өмнө нь амь насаараа дэнчин тавин Этна галт уул дэлбэрэхийг харж байсан бол энэ удаа тэр бүр илүү азаа үзэж байсан хэрэг. Дионисиин хэрцгий занг мэддэг Дион маш хурдан Платоныг гэр рүү нь буцаахаар шийджээ. Спартаны элч Поллидын усан онгоцонд суун Сиракузаас хөдлөхдөө өөрийг нь алах эсвэл боолчлон зарах нууц тушаал авсныг тэрээр мэдсэнгүй. Поллид бүхний хүндэтгэл хүлээсэн гүн ухаантанг алж зүрхлээгүй ч, Дионисиигээс айн, түүнийг Эгины арал дээр боолчлон заржээ. Эгийчүүд энэ үед Афинтай байлдаж байсан ба арал дээр ирсэн афинчуудыг боол болгож байжээ. Зарим нэг домогт өгүүлснээр, Платон төрсөн гэгддэг уг арал дээр түүнийг боолын зах дээр авчирчээ. Эгины ошин суугч Анникерид нь Поллидоос алдартай гүн ухаантны талаар сонсоод гучин минутын дотор түүнийг худалдан авчээ. Худалдаж авмагцаа түүнийг шууд эрх чөлөөтэй болгожээ. Ингэснээрээ өөрөө нэрд гарах зорилготой байж. Платоныг худалдаж аваагүй бол хэн ч Анникеридыг мэдэхгүй шүү дээ. Өөр нэгэн хувилбараар бол Платоныг, түүний эртний анд, пифагорчин Архит худалдаж авсан гэдэг.
Үргэлжлэл бий.
З.Батцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин