Ардчилсан намд 2020 оны УИХ-ын өмнөөс эхэлсэн талцал хагарал улам гүнзгийрч орон нутаг дахь анхан шатны байгууллагууд руугаа шилжсэн гэж ойлгогдохоор дүр зураг харагдах болов. Тухайлбал, орон нутгийн ээлжит сонгуульд АН ялсан найман аймгийн нэг болох Архангайд тус нам засаглаж байгаа юм. Гэтэл ИТХ дахь АН-ын хоёр төлөөлөгч МАН-тай хамтран Засаг дарга Д.Золжаргалыгаа огцруулсан. Энэ нь цааш АН засаглаж буй бусад долоон аймагт халдварлах юм биш биз. Эсвэл зөвхөн С.Эрдэнэтэй зарласан “дажин”, түүний өөрийнх нь хэлсэнчлэн экс Ерөнхийлөгч Х.Баттулга нарын тактик байгаад тэр нь Д.Золжаргалыг огцруулснаар зогсох уу. Учир нь түүнийг С.Эрдэнэ Засаг даргаар томилуулж, өөрийн биеэр очиж тамга, тэмдгийг нь гардуулан өгч байв.
Хэрэв АН доторх С.Эрдэнийн эсрэг бүлэглэл хүрээгээ тэлж, түүнтэй хийх тэмцлээ хөдөө гарч үргэлжлүүлнэ гэвэл намын анхан шатны байгууллагыг бүрдүүлэгч жирийн гишүүд нь юу гэж үзэх бол. Эсвэл хүчээр шийдвэр гаргуулж С.Эрдэнийг намаас хөөнө гэх үү. Нэг бол мань хүн намаа бодоод өөрийнх нь эсрэг эвссэн бүлэглэлд тахимаа өгснөөр талцах үйл явц дуусч эв нэгдлийн найр эхлэх үү. Эсрэгээрээ АН-ыг цэвэрлэж, дараагийн залууст хүлээлгэж өгнө гэж зүтгэх үү. Энэ мэтээр АН ирэх ес, аравдугаар сарыг хүртэл дотроо талцаж дуусахгүй бололтой.
С.Эрдэнэ явах уу, үлдэх үү?
Ер нь бол 1990 оны ардчиллын эхнээс л галыг нь асаахаар өөр өөрсдийн байгаа газраас цучил барьж тэмцэлд нэгдсэний хувьд түүнд Э.Бат-Үүл, Д.Сосорбарам хоёр л үнэн ч үлдсэн. Өрсөлдөж, өшиглөж, ус цацах гэх мэтээр түүнд янз бүрийн авир үзүүлээгүй. Мөн өөрийг нь ямар ч үед дэмжиж дагаж ирсэн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нарын Баянголын хэмээгддэг хэд бий. Тэд одоохондоо арай ч С.Эрдэнээс нүүр буруулчихаагүй л байгаа. М.Тулгат нарын залуус ч мөн тулж, түшиж л байна. Цаашид хэрхэхийг таашгүй.
Ер нь бол Н.Алтанхуяг, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, З.Энхболд нарын АН-ыг С.Эрдэнээс салгаж авах санаа нь нэг гэдгийг толгойтой бүхэн ярьж, бичсээр ирсэн. Тэдний хүслээр болсон бол Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх, ийм шахалтыг МАН-д үзүүлж зөвшөөрүүлэх байтал хуулийн заалтаар боломжгүй болсон. Хэрэв Х.Баттулга нэр дэвшсэн бол бүгд дэмжиж, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлах бүү хэл бүх хүчээ дайчлан хөдлөх байсан гэлцэж буй. Хэрэв Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн бол С.Ганбаатараар хөтлөгчийг нь хийж өдийд гараад ирсэн байхыг байг гэхгүй гэцгээх нь ч байна. Гэвч энэ бүгд хожимдсон. Сонгууль болдгоороо болж, АН ялсан аймгууд Архангайгаас бусад нь намын байрныхаа хаалгыг цоожилж, жирийн иргэд нь нэр дэвшигчээ яаж дэмжихээ мэдэхгүй, ямар ч зохион байгуулалтгүй байсаар, С.Эрдэнэ эрх баригч том нам МАН-ын нэр дэвшигч, Зөв Хүн Электорат эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат нараас гадна АН доторх бүлэглэлтэйгээ өрсөлдөж эцэст нь ялагдлаар дууссан. Гэвч үүгээр нам дотроо хийх түүний тэмцэл эхэлсэн гэж зарим нь хэлдэг.
АН сөрөг хүчний байр сууриас арчигдах уу?
Уг нь МАНАН гэж шүүмжлэгддэг ч Монгол Улсын хөгжлийн бодлого МАН, АН гэсэн хоёр намын толгойгоор явагдаж ирсэн. Ээлжлэн засаг барьж, зарим тохиолдолд эвсч ямартай ч тусгаар Монгол Улсын хөгжлийн бодлогыг хөтөлж байв. АН байгаа цагт МАН хүчтэй байж, МАН байгаа цагт АН-ын тархи ажиллаж байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Гэтэл сүүлийн үед АН-ын талцал хагарал дээр дөрөөлөн сөрөг хүчний намыг байхгүй болгох оролдлого зохион байгуулалттай явж эхлэв. Тэр нь бас АН-ыг хагалах чулуу холоос шидэгдэж гэдгийн илрэл болж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулиар л гэхэд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг цагаан хуудасны ард оруулах хөдөлгөөн идэвхжсэн. “Цагаан сонголт”-ыг Н.Алтанхуягийн хүмүүс зохион байгуулсан, Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг дагагчид бүр ч идэвхтэйгээр гар бие оролцсон. Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат нарын хувьд энэ нь олз болсон. АН-ыг сөрөг хүчний байр сууриас зайлуулж, орон зайд нь өөрсдөө гарч ирж тоглох санаархлаа хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүнд нь гадаадад байгаа монголчуудаас хамгийн их санал авсан. Түүнийг дагалдаад гадныхны дэмжлэг, элдэв санаархал орж ирсэн гэсэн хардлага ч бас гарч байв.
Зарим ажиглагч, судлаачийн үзэж буйгаар АН-ыг сөрөг хүчний байр сууриас арчих санаархлын давалгаа “No наадам”, “Yes наадам” гэх залуусын хөдөлгөөн, долдугаар сарын 1-ийг санагалзаж, өдөөн турхирсан элдэв жагсаал цуглааны ард ч нуугдаж амь бөхтэй оршиж байна хэмээж буй.
С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар хэнийг дагах бол...
Гэхдээ одоо АН-д шинэ нөхцөл байдал үүсч байна. Тус намыг анх бүрдүүлсэн таван намын нэгдэл рүү эргэж харах, эвлэлдэн нэгдэх үйл явц бий болж болох юм. Дээр нь Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Сангийн дэд сайд асан Б.Болор нар шоронгоос дөнгөж суллагдаад байгаа. Бас нэг асуулт бол бүгд суллагдчихаад байхад ганцаархнаа шоронд үлдсэн М.Энхсайханы цаашид хэрхэх бол. Тэр шоронгоос АН-ынхандаа хандан “Итгэж зүтгэсэн нөхрөө хаях уу” ил захидал бичиж байв. Тэгвэл Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухын өмнөхөн түүнд хүнээр дамжуулан "Гэм буруугаа хүлээсэн өргөдлөө бичээд өгчих, чамд уучлалт үзүүлье" гэхэд нь тэрбээр "Би ямар ч хэрэг хийгээгүй учраас хэнд ч ямар ч өргөдөл бичихгүй" гэж хариулсан гэсэн мэдээлэл цацагдсан.
Хэргийн тухайд Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн удаа дараагийн зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын тогтоол зэргийг зөрчиж, “Шинхуа Энержи", "Энержи Ресурс" болон "Сумитомо" корпорацийн түншлэлд давуу байдал бий болгон Монгол Улсын эдийн засагт илт хохиролтой гэрээг батлуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүүгийнхээ болон түүний хүүгийн нэр дээр үүсгэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр буюу 130.000.000 төгрөгөөр “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжид худалдан авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шүүх түүнийг 4.6 жилийн хорих ялаар шийтгэснийг биеэр эдэлж байгаа юм.Ардчилсан үзэл санаанд тууштай байж ирсэн, зарим нь АН-ын лидер байсан энэ эрхмүүд өдгөө талцаж хоёр талд гарсан АН-ынхаа аль хэсэгт нь очиж нэгдэж нийлэх бол гэдгээс АН-ын ирээдүй ихээхэн хамаарах бололтой.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин