Саеид Моллаейгийн Германы “Deutsche Welle”-д өнгөрсөн 2019 онд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Токио хотноо болсон ДАШТ-ий үеэр Израилийн бөхтэй хүч үзэхгүйн тулд хагас шигшээд санаатайгаар ялагдахаас өөр аргагүйд хүрсэн. Тухайн үед гаргасан шийдвэртээ одоо харамсдаг уу?
-Баку хотноо 2018 онд болсон ДАШТ-ий дараа би дэлхийд жиндээ чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байсан. Тиймээс энэ жил ч гэсэн ДАШТ-д дахин амжилт гаргана гэдэгтээ эргэлзэхгүй байлаа. Тэмцээнд оролцохоор нисэхийн өмнө болон тэмцээний өмнөх өдөр хэд хэдэн бэрхшээл тулгарсан. Учир нь, тэмцээний үеэр барилдах бүртээ Ираны холбогдох албаныханаас зөвшөөрөл авах хэрэгтэй болсон юм. Хэрэв дээрээс ирсэн үүрэг, даалгаварыг зөрчвөл юу болохыг нь зөвхөн би ч бус дэлхий нийтээрээ мэдэж байсан. Тиймээс би өөртөө болон гэр бүлийнхэндээ асуудал үүсгэхгүйн тулд хуулиа дагаж мөрдсөн. Санаатайгаар ялагдаж байгаа минь дүрс бичлэгүүдээс илхэн харагдана.
-Ираны Засгийн газраас бөхчүүдээ израильчуудтай хүч үзэхийг хориглодог ч энэ талаар хуульчилсан бичмэл баримт бичиг байдаггүй гэж сонссон юм байна?
-Энэ талаар цаасан дээр хараар бичсэн хууль байхгүй. Олон жил дагаж мөрдсөөр ирсэн уламжлал. Гэхдээ өнөөг хүртэл хэн ч энэ хуулийг өөрчилж чадаагүй. Абу Дабигийн Их дуулгын үеэр индэр дээр Израилийн бөхийн хажууд зогсохгүйн тулд би хүрэл медалийн төлөө барилдаагүй. (2018 оны аравдугаар сард болсон Абу Дабигийн Их дуулгын тэмцээний үеэр Израилийн бөх Саги Муки нэгдүгээр байрт, орж Саеид Моллаей хүрлийн төлөө барилдаж ялсан тохиолдолд индэр дээр зогсох эрхтэй болох байсан юм.) Парисын Их дуулгын үеэр би жиндээ хүрэл медаль хүртсэн. Гэхдээ израильчуудтай индэр дээр хамт зогсохгүйн тулд хөлөө гэмтээсэн болж жүжиглэсэн.
-Хэрэв Ираны Засгийн газрын шийдвэрийг үл тоон Израилийн бөхтэй барилдсан бол юу болох байсан бэ?
-Яг юу болохыг хэлж мэдэхгүй ч би болон гэр бүл минь асуудалд орох байсан гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Тухайн үед би маш их айсан. Харин тэмцээний дараа болсон явдлын дараа дэлхий нийтэд мэдэгдэж, чөлөөтэй амьдрахыг хүссэн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар шуугиад эхлэнгүүт би Иран руу буцах ямар ч боломжгүй болсон. Ингээд ДАШТ-ий дараа шууд Герман руу явсан.
-Зорилгодоо хүрч, амжилтын үзүүрээс бараг л атгачихсан хэрнээ санаатайгаар ялагдах тэр мөч ямар байдаг вэ?
-Би 2017 онд хүрэл, 2018 онд алтан медаль авсныхаа дараа ДАШТ-ээс гурав дахь медалиа авахад ойрхон байсан. Тийм ойрхон ирчихээд боломжоо алдана гэдэг үгээр илэрхийлэх аргагүй хүнд. Токиод болсон ДАШТ-ийг би хэзээ ч мартахгүй. Нэг талаас Токиогийн ДАШТ миний амьдралын хамгийн бараан үе байсан ч нөгөө талаас бүхнийг шинээр эхлэх урам зориг өгсөн.
-Олон улсын жүдогийн холбооноос энэ асуудалд таныг хэрхэн дэмжиж байв?
-Олимпын далбаан дор эсвэл бусад улсын нэрийн өмнөөс олимпод оролцох 100 хувийн баталгаа гаргаж өгсөн. Токиод болсон ДАШТ-ий дараа Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр намайг ХБНГУ-аас орогнол хүссэн, цагаачилсан мэтээр бичиж, мэдээлж эхэлсэн. Би Германы олон удаагийн орох хоёр жилийн визтэй байсан. Тиймээс Олон улсын жүдогийн холбооны шийдвэр гартал аль боломжтой орон руугаа явсан минь энэ.
-2019 оны ДАШТ-д таны жинд алт авсан Израилийн бөх Саги Муки “2020 оны Токиогийн олимпод таньтай хүч үзнэ гэж найдаж байна” хэмээсэн. Харин та ямар бодолтой байна?
-Саги Муки бид хоёр бусад тамирчдын адил сайхан нөхөрлөдөг. Намайг үргэлж дэмждэгт нь талархдаг. Хэн ялж, ялагдах нь хамаагүй. Нөхөрлөл хамгийн чухал.
-Иранд байгаа гэр бүлийнхэндээ хэр санаа зовж байна. Хэрэв та эх орон руугаа буцвал таньд юу тохиолдох бол?
-Би Иранд хэзээ ч эргэж очихгүй. Токиод болсон ДАШТ-ий дараа би олимпын наадамд түрүүлэх зорилго тавьсан. Мэдээж, олимпын наадамд түрүүлнэ гэдэг амаргүй. Өөртөө тавьсан зорилгоо биелүүлж, гэр бүлийнхэндээ баяр баясал авчрахын тулд бүх хүч чадлаа дайчлах болно. Эцэг эх, найз нөхдөөсөө хол байна гэдэг амаргүй. Гэхдээ би энэ бүгдийг даван туулах ёстой.