Эхлээд бичлэг дэх яриаг сийрүүлье.
О.Баасанхүү:
-Би бол сая 129 саяар хурал хийсэн. Одоо бол ний нуугүй хэлэхэд хоёр жилд ядаж жилдээ 100 сая байхад явна. Жилдээ шүү. Тэгвэл болж байна, хоёр жил гаруй. Жилдээ 100 саяар яах юм бэ. 100 сая хаб хаб гээд л 100 сая доллар л өгчих. Би зүгээр 100 мянган доллар байхад бол ална.
Т.Бадамжунай:
-Жилдээ 100 мянган доллар чинь 250 сая болно шүү дээ.
О.Баасанхүү:
-Үгүй яахаараа, биш ээ, 250 биш, хэрвээ доллараар яривал жилдээ 100 гэж байгаа. Төгрөгөөр яривал жилдээ 100 сая.
Т.Бадамжунай:
-Сардаа найм гэсэн үг үү.
О.Баасанхүү:
-Тийн, тэгээд би хэлж байгаа юм. Тэр чинь хэрвээ бөөнөөрөө байвал би түрээсээ хийгээд, нэгдүгээрт түрээсээ хийнэ, цалингаа өгнө.
Т.Бадамжунай:
-Жилийн дотор та яг ямар ямар үүрэгтэй ажиллах юм бэ гэдгээ сайн ярьчихъя.
О.Баасанхүү:
-За яахав, генерал бид хоёр учраа олчихно шүү дээ.
Т.Бадамжунай:
-Энэ хүн чинь ингээд аягүй бол алга болоод өгнө.
О.Баасанхүү:
-Энэ хүн хурдан Солонгос руугаа яваасай. Тэгвэл бүр их мөнгө олох юм байна л даа. (Инээлдэв).
Т.Бадамжунай:
-Бараг явчих байх аа, тээ?
Б.Хурц:
-Явчих байх.
О.Баасанхүү:
-Энэ хүн явахгүй байхаар чинь надад хэцүү байна шүү дээ. Би бол одоо Солонгос яваагүйд нь жаахан бухимдаад байна шүү дээ. Тийм. Ямар сайндаа хувь хүний бүх зардлыг төлөөд байх чинь онцгүй байгаа байхгүй юу. Аа, хэрвээ яг явна гэвэл тэгээд шийдчихмээр байна. Яадгийн, 200 сая төгрөг. Гэхдээ доллараар өгчих. Ний нуугүй хэлэхэд 100 мянган доллар л байхгүй юу. Эхлээд 50 мянган доллар өгчих. Би тэгээд тэрүүгээр тоглоё, казиногоор. Ялагдвал тэгээд больчихъё л доо. 100-гаа больчихъё, шударга хэлэхэд. Гэхдээ би хичээнэ, ний нуугүй хэлэхэд та бол миний ах шүү дээ, нутгийн. Тийм биз. Би ийм шүү дээ.
Т.Бадамжунай:
-За энэ яриаг ингэж хаагаад, та үүн дээр ажиллана, би ингэж ойлголоо. 100 саяыг өгнө. Зөв үү. Өөр гоё юм ярья.
О.Баасанхүү:
-Би бол хулгайч биш. Зоригтой ажиллана. Зоригтой шийднэ. 100 мянган долларын өрөнд орвол орно л биз.
Т.Бадамжунай:
-За ах нь ганц хоёр хүнтэй яриад цаас маасыг нь өгье мэдэв үү.
О.Баасанхүү:
-Та өөрөө мэдэж байгаа. Би бол 50 мянган доллар аваад тоглоод sevenluck-д тавихад дараагийн тоглолт бол бодитой болно. Та нар өөрсдөө мэднэ шд. Би алдана. Үнэхээр удаан. Би бол урьдчилаад 100 мянган доллар авчихъя гэж байгаа байхгүй юу.
Б.Хурц:
-За солиороод, бодитой юм ярья
О.Баасанхүү:
-Үгүй ээ, мөнгөний тухай яриагүй. Гэхдээ энэ бас чухал байхгүй юу. Бензин дуусчихаад байна шүү дээ. Тэрийгээ шийдвэл шийдээд, шийдэхгүй бол тэгээд дараагийн арга хэмжээ рүүгээ орно шүү дээ.
Т.Бадамжунай:
-Наад Эрдэнэтийн юм юу болж байна?
О.Баасанхүү:
-Миний ойлгож байгаагаар 30 сая доллараар сахал Эрдэнэбилэг худалдаад авчихсан байна, 51-ийг нь.
Т.Бадамжунай:
-Аа, бас болж байна. Тэгээд хүлээн зөвшөөрсөн юм уу.
О.Баасанхүү:
-Хүлээн зөвшөөрөөгүй байна. Сахал Эрдэнэбилэгийг шоронд явуулахгүй тоо бодоод сууж байна шүү, энүүхэндээ.
Б.Хурц:
-Шалгагдаж байгаа ч гэсэн бас дахиад 30 сая доллар гаргаж л байгаа байхгүй юу.
Т.Бадамжунай:
-Энхболд даргатай ойрхон байгаа юу. Ямар байгаа вэ.
О.Баасанхүү:
-Үгүй ээ, ойрхон. Яахав дээ, хөөрхий. Зовлонтой шүү дээ.
Б.Хурц:
-Жаахан байдаг юм аа, ийм юманд.
О.Баасанхүү:
-Байдаг юм. Түс тас түмпэн шанага гэдэг шиг нэг юм асууя. Би гэхдээ генералын өмнө, би түрүүнд хэлсэн шүү дээ. Генерал согтвол би муужирна гэсэн шүү дээ. Тэгээд би цэрэг нь учраас, энэ хүн миний дарга. Ойлгож байгаа биз. Би энэ хүний өмнө ёсолж байна.
Б.Хурц:
-Одоо ингээд ойлголцвол та ажлаа хий.
О.Баасанхүү:
-Миний нам хамаагүй. Нэг л зүйлийг хэлье. Би энэ хүнээс дуртайгаараа зээлнэ. Тэгэхээр та энэ хүнийг хохироож болохгүй шүү. Тэгээд л боллоо. Энэ чинь л гол юм.
Б.Хурц:
-Тохирчихсон шүү дээ, тохирчихсон.
О.Баасанхүү:
-Энэ хүний зөв гээд. Бид ялмаар байна. Би ялмаар байна. Генерал ялах ёстой. Генерал татаач. (Инээлдэв). Та нар намайг тэгээд ухаантай гэж битгий бодоорой. Гэхдээ би бас ёоёотой хүн биш шүү. Генерал согтсон бол би үхсэн юм байна л даа. (Инээлдэв). Би бол дэслэгч шүү дээ, генералын нүдэнд бол, тийм ээ. Нээрэн. Гоё байна.
Т.Бадамжунай:
-Аа, тэр юун дээр бодоорой та хоёр. Эрдэнэтийг. Миний саяын хэлдгээр, за юу.
О.Баасанхүү:
-51, 49 да да да.
Т.Бадамжунай:
-Тийм.
Б.Хурц:
-За
О.Баасанхүү:
-Танай өрөөнд орж ирэхээр заавал бэлэг авах гээд боддог болчихлоо, уучлаарай.
Т.Бадамжунай:
-Одоо байнга бэлэг авна. Наадмаар очно, өгнө. Наранхүү гишүүнтэй ярьсан уу.
Ингэж ярьсан бичлэг интернет даяар тарсан. Одоо ч байна. Сайд асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын албан тушаалтай байх үедээ буюу 2018 оны үед “буу халж” буй энэхүү аудио бичлэг 2020 оны хавар задарч байв. Өнгөрсөн жил АН-ын Их хурлууд “энд тэнд” болсон шиг 2017 оны сүүлчээр О.Баасанхүү МАХН-ын Их хурал гээчийг Баянгол зочид буудалд зохион байгуулсны дараахан уг яриа болжээ.
Бичлэг тарснаас хоёр хоногийн дараа тухайн үеийн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “...Сонгуулийн тухай хуулиар 2020 оны УИХ-д сонгуульд нэр дэвшихээр намаасаа мандатаа авсан. Нэр зарласантай зэрэгцээд сошиалд орчинд Б.Хурц, Ж.Бадамжунай буюу МАНАН бүлэглэлийн зохион байгуулалттай гэх бичлэг цацагдсан. Энэ бичлэгийг мэргэжлийн хүмүүсээр үзүүлэхэд улс төрийн тусгай албадад ажилладаг этгээдүүд техник хэрэгсэл ашиглан, эвлүүлж зохион байгуулсан гэх үндэслэлтэй байна. Тиймээс энэ бичлэг хэзээ хаана хийгдсэн, ямар зорилгоор хэн хийсэн, үүнд хууль хүчний байгууллага орсон эсэх асуудлаар техникийн үзлэг хийх хэрэгтэй байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулдаг хэдхэн л байгууллага байгаа шүү дээ. Тусгай ажлын хэсэг гаргаж, иймэрхүү зүйлийг таслан зогсоох хэрэгтэй” гэсэн юм.
Харин Т.Бадамжунай, Б.Хурц нар ямар нэг тайлбар хийгээгүй. Үүнээс хойш жил гурван сар өнгөрлөө.
О.Баасанхүүгийн яриад байсан “хохирогчид” хуулийн байгууллагад хандсан эсэх нь тодорхойгүй үлдэв. Учир нь тэд хууль, хяналтын ямар байгууллагад хандсан нь өнөө хэр нь тодорхой бус байна. Ямар нэг мэдээлэл алга. Тэгэхээр тэд гомдол гаргаагүй бололтой.
Гэтэл уг бичлэгт маш ноцтой зүйлүүд яригдсан. Тэгэхээр Монголын хууль хяналтын байгууллага анхаарал хандуулж, шалгалтын үйл ажиллагаа явуулах уу гэдэг асуудал өнөөдөр хөндөгдөөд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, “Хоёр Б-гийн яриа” хуулийн байгууллагын хаалга татаж магадгүй гэх мэдээлэл яригдаад хэд хонолоо.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин