Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд гадаад дахь анхны айлчлалаа Их наран улсаас эхэллээ. Энэ удаагийн айлчлал зуны 32 дахь олимпийн нээлттэй давхцсаныг олон нийт янз бүрээр л хүлээж авч байна. Нэг хэсэг нь цар тахлын хүнд үед олимпийн нээлт үзэж, “айл” хэслээ хэмээн шүүмжлэнгүй байсан бол нээлтэн дээр Монгол тамирчдаа дэмжээд гар даллаж суусныг нь хараад дэмжих хүмүүс ч олон байлаа. Тэгвэл олимпийн нээлттэй давхцсан Л.Оюун-Эрдэнийн айлчлалыг дипломатууд, судлаачид арай өөрөөр харж байна. Үүний нэг илэрхийлэл нь цар тахлаас болж сүүлийн хоёр жил тасалдаад байсан дээд түвшний айлчлалын салхийг Л.Оюун-Эрдэнэ хагалж олз омог дүүрэн явааг харууллаа.
ОЛИМПИЙН НЭЭЛТ БА ОЛОН ЗОЧИНТОЙ УУЛЗАХ ЗАВШААН
Ерөнхий сайд Японд очсоныхаа маргааш тус улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй уулзаж 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлах, хоёр улсыг 2021-2025 онд хөгжүүлэх хөтөлбөрийг тодорхой болгожээ. Мөн Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цогцоор нь өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, Мэдээллийн технологийн чиглэлийн хамтын ажиллагааны хүрээнд IT салбарын 1000 инженер бэлтгэх, энэ чиглэлийн компаниудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Улаанбаатар хотыг тойрсон 71 км хурдны зам, “Богдхаан” төмөр зам, нүүрсний ордыг түшиглэн Устөрөгчийн цахилгаан станц байгуулах, ТЭЗҮ дээр ажиллах, Хөнгөн галт тэргийн ТЭЗҮ боловсруулах зэргийг ярьж удахгүй хэрэгжүүлж эхлэхээр албан ёсоор тохирох зэргээр улс төр, эдийн засгийн чамгүй олон асуудлыг ярьж, тохирсон байна. Түүнчлэн цаашид улс төрийн харилцаа, айлчлалын давтамжийг идэвхижүүлэх, цар тахлын эрсдэл буурахаар эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсад, бүс нутагт нэгнээ дэмжих талаар ярилцсаныг судлаачид онцолж байна.
“Токио-2020” олимптой холбоотойгоор Японд дэлхийн өнцөг булан бүрээс нэр нөлөө бүхий хүмүүс цуглараад буй. Ялангуяа Японы эзэн хааны урилгаар дэлхийн улс орнуудын угсаатнууд олноороо очсон нь зөвхөн Япон гэлтгүй бусад улс орнуудын нэр нөлөө бүхий хүмүүстэй уулзах завшаан тохиох зэргээр айлчлалыг ач холбогдлыг улам тодотгож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баасан гаригт Японы эзэн хаан Нарухитод бараалхлаа. Мөн энэ өдөр Ерөнхий сайд АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден, Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макронтай уулзсан байна. Тэд 30 орчим минут яриа өрнүүллээ. Түүнчлэн өмнөх өдөр нь Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэгийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хийсэн уулзалт хэлэлцээрийг тус улсын хэвлэлүүд “Ерөнхий сайд Суга Ёшихидэ бусад улс орны удирдагч, төлөөлөгчидтэй 15 минут орчим уулзаж байсан бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ач холбогдол 30 минут уулзлаа” хэмээн онцолжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитод Олимпийн нээлтэд оролцож буй хүндэт зочдын хамт бараалхав. Цог жавхлант эзэн хаан Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол орон, ард түмний талаарх дурсамжаа хуваалцжээ. Цог жавхлант эзэн хаан угсаа залгамжлах хунтайж байхдаа, 2007 онд Монгол Улсад айлчлах үеэр болсон Улсын филармонийн хамтарсан тоглолт сэтгэлд нь үлдсэн тухай, мөн монгол хаадын эртний өлгий нутаг Хархоринд зочилж байснаа дурсан ярив. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд болох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Цог жавхлант эзэн хааныг Монгол Улсад айлчлахыг урьжээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЯПОНЫ COVID-19-ТЭЙ ТЭМЦЭЖ БУЙ ТУРШЛАГЫГ СУДЛАВ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “COVID-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай уулзаж, цар тахлын эсрэг хариу арга хэмжээний асуудлаар санал солилцлоо. Энэ үеэр цар тахлын үеэр төр засаг, эрүүл мэндийн байгууллагаас авч буй арга хэмжээ, цар тахалтай тэмцэх чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд дэлгэрэнгүй ярилцжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар “COVID-19” цар тахлын үед манай улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, нэн ялангуяа манай өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулж байгаад талархал илэрхийлэв. Японы Халдварт өвчин судлалын үндэсний төв ХӨСҮТ-өөс тус төвд илгээгээд буй SARS-CoV-2 вирусын генийн өөрчлөлтийг шинжлүүлэх ажлыг түргэтгэж өгөхийг хүсэв.
Японы тал тус улсад хэрэглэж байгаа гол эмнүүд хөнгөн шинж тэмдэгтэй өвчнүүдэд илүү үр нөлөөтэй, мөн цар тахлын эсрэг эм шинээр бүтээж байгаа талаараа танилцуулж, дельта вирусын тархалт нийт тохиолдлын 30-40 хувьтай тэнцэж байгаа, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахихын сацуу хавьталд орсон иргэдийн бүртгэл мэдээллийг нарийвчлан гаргаж байгааг танилцуулав. Сайд Я.Нишимура Монгол Улс цаг алдалгүй вакцинжуулалтын асуудлыг шийдвэрлэснийг дурдаад Японд энэ оны 10-11 дүгээр сард багтааж хүн амынхаа 60 орчим хувийг вакцинжуулалтад хамруулахыг зорьж байгаа, үүний дараа эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж нэмэгдэнэ гэж харж байгаа гэв.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин