"Вакцин хийлгэсэн ахлах ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна" гэв
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “13-аас дээш настай хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж байгаа. Тиймээс бид вакцинаа хийлгэсэн ахлах ангийн 20 хүртэлх хүүхдийг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна. Эцсийн шийдвэр, тушаалыг БШУ-ны сайд гаргана. Дүүрэг, орон нутгийн зүгээс гарсан тушаалыг хэрэгжүүлж ажилладаг.
БЗД-ийн хэмжээнд Ерөнхий боловсролын 75 мянга гаруй сурагч, цэцэрлэгийн насны 37 мянга гаруй хүүхэд 2021-2022 оны хичээлийн жилд суралцана. Дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 35 сургууль, 51 цэцэрлэг, хувийн өмчийн 30 сургууль, 145 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Өнөөдрийн байдлаар 14, 44-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна. Мөн 2 болон 26 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн барилгын ажил 40-55 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ барилгыг есдүгээр сарын 12-нд багтаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
301, 302, 296, 297, 291, 63 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажил өрнөж дуусаж байна. Манай дүүрэг нийслэлийн томоохон дүүргийн нэг юм. 84, 133 дугаар сургуульд анги дүүргэлтэд хүндрэлтэй байдал ажиглагдаж байна. Энэ намар хоёр ээлжээр хичээллүүлэхээр ажиллаж байна” хэмээв.