Монгол, Швейцар, Тажикистан Олон улсын крикетийн зөвлөлийн гишүүд болжээ
ЛОНДОН. /Sportstar/. Олон улсын крикетийн зөвлөлийн /ICC/ 78 дахь удаагийн жил тутмын хурлаар Монгол, Тажикистан, Швейцарыг шинэ гишүүдээр баталжээ.
Ингэснээр Монгол, Тажикистан нь Олон улсын крикетийн холбоонд Азийн бүсээс нэгдсэн 22, 23 дахь гишүүн болсон бол Швейцар нь Европын 35 дахь гишүүн болж байна. Ийнхүү тус байгууллага 106 гишүүнтэй болжээ.
Монголын крикетийн холбоо /MCA/ 2007 онд байгуулагдсан бөгөөд 2018 онд улсынхаа крикетийн спортын албан ёсны төлөөлөгч болжээ.
Швейцар улсын хувьд, крикетийг 1817 онд анх тоглож байсан түүхтэй бөгөөд "Швейцарын крикет" байгууллага /CS/ 2014 онд байгуулагдсан байна. Тус байгууллага нь Швейцарын крикетийн холбоог 2012 онд татан буугдснаас хойш өнгөрсөн долоон жилийн хугацаанд уг спортыг нэгтгэх ажлыг манлайлж иржээ.
Харин Тажикстаны крикетийн холбоог /TCF/ Спортын яам, Олимпын хорооны дэмжлэгтэйгээр 2011 онд байгуулж, түүнээс хойш эмэгтэйчүүд, залуу үеийн дунд уг спортыг хөгжүүлэхэд чиглэсэн дэд бүтэц, барилга байгууламжуудыг байгуулахад анхааран ажиллаж ирсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг