Брэдли Бийл коронавирусийн халдвар авч, олимпод оролцох боломжгүй болжээ
“Токио-2020” 32 дахь удаагийн зуны олимпын наадамд АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүнээр сонгогдоод байсан Брэдли Бийл коронавирусийн халдвар авч, ээлжит олимпын наадамд оролцох боломжгүй болсон байна. Энэ талаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч Грег Попович “Брэдли Бийлийг алдсанаар манай шигшээ багт асар том гарз тохиолоо. Тэр бүх зүйлийг ойлгож, мэдэж, багтаа үнэхээр сайхан ууссан байлаа” гэжээ.
Токиог зорих шигшээ багийн гишүүн коронавирусийн халдвар авснаар дахин шигшээ багийн гишүүн дуудах юм. Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-ын Олимпын хорооноос Үндэсний сагсан бөмбөгийн холбооны гурван тамирчин руу хүсэлт илгээгээд байгаа гэнэ.
АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг “Токио-2020” олимпын наадмыг эхний тоглолтоо энэ сарын 25-нд Франц Улсын шигшээ багийн эсрэг хийх хуваарьтай байгаа бөгөөд Япон Улсыг зорихоосоо өмнө Лас Вегас хотод хоёр тоглолтод оролцох юм.