Газрын тосны үнэ ДӨРӨВ ДАХИН нэмэгдсэний улмаас дотоодод шатахууны үнэ нэмэгджээ
Шатахуун импортлогчид энэ сарын 8-ны өдөр литр шатахууны үнийг 300 төгрөгөөр үнээ нэмсэн. Жишээлбэл, АИ92 бензин 1750 төгрөг болсон байна. Учир нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосны үнэ хэд дахин нэмэгдсэн гэнэ.
Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр сард нэг баррель газрын тос 18.38 ам.доллар байсан бол одоо 76.69 ам.долларт хүрээд байна. Өөрөөр хэлбэл дөрөв дахин өссөн гэсэн үг. Харин ААН-үүд цар тахлын хүнд нөхцөлд дотооддоо шатахууны үнийг тогтвортой барихыг жил гаруй хугацаанд хичээсэн. Гэвч энэ нь удаан хугацаанд үргэлжилснээр их хэмжээний алдагдалд хүрч, хэвийн ажиллах боломжгүй болсон тул үнэ нэмэхээс аргагүйд хүрчээ. Шатахууны үнийг тогтвортой барихад төрөөс ямар нэг дэмжлэг болон үнэ тогтворжуулах бодлого байгаагүй гэдгийг шатахуун импортлогчид онцлов.
Цаашдаа ч дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөх хандлагатай байна. Учир нь шатахууны эрэлт олон улсад нэмэгдэж, өдөрт есөн сая гаруй баррельд хүрчээ.