Монгол хүмүүс омогшлоор биш оролцоогоороо үндэсний дархлаагаа хамгаалдаг цаг ирэх болтугай...
"Үндэсний дархлаа" - Ойрд ийм үг их олныг сонслоо. Зарим нэг талаараа түүний эсрэг ч гэж загнуулж байх шиг байна. За тэр яахав. Тэгээд би бодлоо, үндэсний дархлаа гэгч энэ зүйлийн төлөө би юу хийлээ?
Дөнгөж 17-хон настай, Бээжин хотод оюутан болоод оччихсон, олон улсын соёлын өдөрлөгт бэлдэн өч төчнөөн залуусыг цуглуулан "Бид Монголын хүчийг дэлхийд таниулна" гэдэг хэнхэг гэхэд дэндүү хэнхэг, футболка өмсөөд баахан шагай, эсгий, оньсон тоглоом, морин хуур зэмсэг Монголоос вагоноор захиж авчиран хэдэн зуун орны оюутан залуусын дунд Монгол соёлыг таниулах гээд эрийн гурван наадам, босоо бичиг өв уламжлалаа ярьж явсан байх юм. Бараг төгсөн төгстлөө биднийг бараг байхгүй Өвөрмонголтой нэг муж гэж ойлгодог хүмүүс дунд хэрэлдэхтэй нь хэрэлдэж, тулж явсан байх юм. Хэний ч мэдэхгүй галт тэргэнд хэдэн халамцуу Хятадтай Монгол гэж улс байдаг юм гээд босоо бичгээр нэрээ бичиж өгч Орос, Хятадтай адилхан байна уу? гэж цамнан бөөрөлхүүлж явсан байх юм.
Миний бодлоор үндэсний дархлаа гэдэг бол ийм л энгийн зүйлээс эхэлдэг байх. Тэгэж муудалцаж явснаа бодвол 1000-с дээш Хятад, Солонгос, гадаадтай би лав тулсан байх, хэл сайжрах тусам би ялж байлаа. Учир нь тэр үндэсний дархлаа гээч зүйл миний дотор аль хэдийн суучихсан аль нэг арга хэмжээ биш Монгол хүн би өөрөө түүнийг агуулж явлаа. 9 жил би олон орноор гадаадад сурч амьдарч явахдаа Монгол хүний нэрийг унагачихгүй юмсан, нэг ч гэсэн гадны хүнд Монгол улсаа зөвөөр таниулчих юмсан, Монгол залуучууд гэхээр надаар төсөөлөөд найзууддаа яриасай гээд хичээж явсан билээ. Тэр үед би заримдаа Монголчууддаа хөтөч хийж хэл болдог байсан, Чингис хөх толбо гэж омогорхсон өнөөдөр над руу дайраад загнаад байгаатай төстэй маягийн ах эгч нар шөнөжин буудалд архидан, буудлаас нэг удаагийн шампунь саван хулгайлан Монгол гэж бүртгүүлж орсон пасспортоо нэр төрөө унаган явдаг байсан нь дэндүү олон.
Хамгийн аймаар Монгол гэж цээжээ дэлддэг хүмүүс гадны улсад очоод Монголынхоо нэрийг хамгийн ихээр унагаж шороотой хутгадаг байсан нь үнэн юм.
Сүүлд Өвөрмонголын Баруун үзэмчин хошуунд очоод л үнэхээр зүрхэндээ ортол энэ бүхнийг сэтгэлдээ хадаж үлдсэн. Одоогийн Сүхбаатар аймгаас гаралтай үзэмчин ардын 100 цагаан адуутай гэх зартай эрхэмтэй уулзаад хөдөө мал руу нь очих гэтэл бүх бэлчээрийг нь хашчихсан байсан. Цаад уулын энгэрт бараа нь харагдах бараг шууд давхиад оччих газар мөртлөө хичнээн хашаа тойрч яаж зүдэрч очив замдаа тэр буурай ингэж хэлсэн "Би ар Монголоос ирсэн хэнийг ч хайрлаж хүндэтгэнэ учир нь та нар чинь галаа манаж үлдсэн хүүхдүүд шүү дээ" ... За ингээд яриад байвал хязгаар үгүй. Үндэсний дархлаа гэдэг нь цар тахал өвчин зовлон гээд нэг удаа наадам хойшлуулах төдийхнөөр арилчихдаг, эсвэл арвиждаг эсвэл нэг удаагийн наадам хойшилчихооор гэнэт хужаа болчихдог хэврэг зүйл биш юм. Харин чи өдөр бүр түүнээ амьдралдаа шингээж, хэрэгжүүлж явдаг уу ? Аялгуут сайхан Монгол хэлээ нэг үг, нэг ухаан, нэг зүйр үг ч болов хүүхдэдээ өвлүүлэх гэж хичээдэг үү эсвэл утас бариулаад хаячихдаг уу ? Дээл өмсөж профайл зургаа нэг өдөр сольсноор үндэсний дархлаатай болох уу эсвэл ... Бүхнийг ярих утгагүй ч үндэсний дархлаа гэж яривал би дурын нэг профайлаа сольж худлаа хөх толбо гэж цамнасан гарт элдвээр хэлүүлээд байхааргүй үүнийг мэддэг, үүний төлөө тодорхой хэмжээнд амьдралаараа хичээж ирсэн хүнлдээ гэхдээ зөвхөн Монголд биш. Цаг үе нөхцөл байдлаа л хармаар байгаа юм !
Эцэст нь хэлэхэд хэрвээ учир мэдэх хүн уншиж таарвал уул нь хэн ч үндэсний өв соёл, Монгол наадам, эрийн гурван наадмын эсрэг байр суурьтай байгаагүй юм шүү. Буруу хайвал анхнаас нь бодлогогүй байсан засгийн газраасаа л бурууг хайгаарай. Хэдэн гахай илүү эрхтэй, амьсгалын аппаратанд орж чадахгүй нүдээ аньж буй хүмүүсийн амины золиосоор наадаж доромжлох гээд байсанд зэвүү хүрсэн тэгш эрхийн төлөө хөдөлгөөн байсан. Монгол хүн талийгачаа нэг өрөөндөө тавьчихаад нөгөө өрөөнд нь байрны найр хийдэггүй билээ. Бидний хувьд жишээ нь хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар засгийн газрыг шүүхэд өгөөд эхний хурал нь болчихсон дараагийн шат руугаа шилжсэн. Цаашдаа бид тэмцлийг үргэлж талбай дээр хийхгүй, 13-настай охин зочид буудалд хүчиндүүлж үхсэн байлаа ч зул өргөж жагсаж л байдаг энэ өрөвдөлтэй хэлбэрээс салахыг хүссэн, энэ улс хууль журамтай юм бол бид буруу шийдвэрт гаргасан засагт нь хариуцлага тооцуулж чаддаг тийм жишиг тогтоох болно.
Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй тэр олон мянган Монголчууд бол үндэсний дархлааг хамгийн ихээр тээж, нүүр тулж байгаа хүмүүс юм шүү. Монгол хүмүүс омогшлоор биш оролцоогоороо дархлаагаа хамгаалдаг цаг ирэх болтугай!
Ч.Ганжавхлан