Монголын хамгийн нам дор газар Дорнод аймагт бус Говь-Алтайд байдаг
Говь-Алтай аймгийн Алтай сумын Номингийн говийн Элс хотгор нь далайн түвшнээс дээш 526.745 метрийн өндөр цэг, одоогийн Монгол орны хамгийн нам цэгээс даруй 34 метрээр нам юм байна.
Монгол орны хамгийн нам дор газрыг шинэчлэн тогтоож баталгаажуулах ажлыг 2019 оны тавдугаар сарын 9-20-нд хийж гүйцэтгэжээ. Цэгийг 24 цагийн турш тасралтгүй ажиллагаатай GNSS багажны иж бүрдэл /цаашид CORS гэх/ хоёр долгионы TRMBLE R8 model 4 GNSS-ийн иж бүрдэл хүлээн авагчийг ашиглан статик хэмжилт хийж Алтай сумын төвд орших Гравиметрийн цэг болох ГР077 цэгээс үндэслэн RTK горимоор хяналтын хэмжилт хийж тогтоосон байна.
"ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн 2019 оны есдүгээр сарын 1-ний өдрийн Эрдмийн зөвлөлийн хурлаар “Монгол орны хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоосон” ажлын багийн тайланг хэлэлцээд Монгол орны хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоосон судалгааны арга зүй, үр дүнг зөв зүйтэй гэж үзээд холбогдох дээд байгууллагад танилцуулж баталгаажуулахыг даалгасны дагуу БХБЯ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт асуудлыг оруулж танилцуулсан. БХБЯ өөрийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцээд Засгийн газрын хуралдаанд оруулж тогтоол гаргуулахаар болсон" хэмээн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газар зүйн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Э.Авирмэд онцолж байна
Ташрамд сонирхуулахад, Монгол орны хамгийн нам цэгийн талаарх газар зүйн оргил бүтээлүүд 1952 онд хэвлэгдэж байжээ. Э.М.Мурзаевын “БНМАУ” номд хамгийн нам дор цэгийг далайн түвшнээс дээш 532 метрт өргөгдсөн Хөх нуур гэсэн бол академич Ш.Цэгмидийн 1969 онд хэвлүүлсэн “Монгол орны физик газар зүй” номд 552 метр гэсэн байдаг. Харин 1980 онд СНЗ-ийн 149 дүгээр тогтоолоор хамгийн нам цэг нь Дорнод аймгийн Хөх нуурын түвшин 560 метр гэж баталгаажуулсан юм. Хөх нуурын түвшинг Х.Санзай, М.Саандар, Б.Өлзий нар 9 жил хэмжиж Б.Рагчаа удирдан өндрийг нь тогтоожээ. Харин Хөх нуурын түвшин Улзын гол үерлэх үед Тээлийн голын усны түвшин нэмэгдсэнээс Хөх нуурын түвшин байнга өөрчлөгдөж байснаас дунджаар 560 метр гэж авсан байна.