Брент төрлийн газрын тосны үнэ баррель тутамдаа 75.97 ам.доллар болж өсчээ
Манай улс газрын тосны бүтээгдэхүүний дотоодын эрэлт хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг. Тодруулбал, газрын тосны бүтээгдэхүүнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, хоёр хувийг БНСУ, нэг хувийг БНХАУ-аас, үлдсэн хоёр хувийг бусад улс орноос импортоор авч байна. Тэр дундаа ОХУ-аас шатахуунаа авахдаа Сингапурын биржийн 28 хоногийн дундаж үнээр тооцож, ам.доллароор худалдан авдаг билээ. Тэгэхээр дэлхийн зах зээл дээрх шокуудын нөлөө шууд тусдаг гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд газрын тосны ханш буурч байвал манай улсад ашигтай. Харин зах зээлд ханш нь нэмэгдсэн тохиолдолд манайд шатахууны ханш автоматаар нэмэгддэг хуультай.
Тэгвэл брент маркийн газрын тосны үнэ өчигдөр буюу долдугаар сарын 8-ны байдлаар нэг барелль тутамдаа 75.97 ам.доллар болж, өсөөд байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 75.19 ам.доллар байна.
Түүнчлэн “Голдман сакс” ирэх саруудад газрын тосны үнэ 70 ам.доллар, “JP Morgan”-ийн шинжээчид 2021 оны эцэст 100 ам.долларт хүрнэ гэж таамагласан билээ.
Ташрамд дурдахад, Шатахуун импортлогч компаниуд зургадугаар сарын 11-нд Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд шатахууны үнийг литр тутамд 600 төгрөгөөр нэмэх санал гаргаж байсан. Үүний дагуу АИ-92 автобензины үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдээд байгаа билээ. Тодруулбал, АИ-92 бензины үнэ литр нь 1450 төгрөгөөр худалдаалж байсан бол одоо 1750 төгрөг болж цар тахлын өмнөх ханшид хүрээд байгаа юм. Шатахууны үнэ өссөнтэй холбоотой тодорхой мэдээллийг АМГТГ-аас ирэх долоо хоногт өгнө.