Энэ эрх баригчдыг ажиллуулахын төлөө гэр бүл юутай хээтэйгээ санал өгсөн ч гэлээ бүх шийдвэрийг хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрөмгүй. Юу гэвэл Боловсролын Ерөнхий хуулийн төсөл гэгчийг УИХ-аар хэлэлцэж эхлэв үү дээ. Тэнд Үндсэн гадаад хэл англи хэл байна гэсэн төслийн заалт оруулж буй ажээ. Үүнийг чинь эсэргүүцэж байна. Ёстой уулын буга хараад унасан морио тавьж хөөнө гэгч болох нь ээ. Энэ чинь орос хэлнээс хууль ёсоор татгалзаж хийрхэж эхлэхийн дохио биш үү.
Орос хэлний ач гавъяагаар манай үндэсний шинэ үеийн сэхээтэн ХХ зуунд бий болсон шүү. Тэдний удам угсгаа тасраагүй байна. Орос хэлний ач холбогдол түүнийг сурахын чухал сэжүүр одоо ч буураагүй. Харин ч тэр орны шинжлэх ухааны хөгжилтийн нөлөөгөөр улам ахиу сурч мэдэх хэрэгтэй боллоо. Яагаад орос хэлийг гадуурхаж эхэлдэг билээ. Бид Орос оронтой хил хязгаараа хаагаад хаашаа ч зайлахгүй. Тэнд очиж суралцах хэрэгцээ хэзээ ч буурахгүй. Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнот аймаг ОХУ-тай хиллэдэг. ОХУ-тай харилцах шаардлага зөндөө гарна.
Эрхэм гишүүд өөрсдийнхөө мэдлэгийн хэмжээгээр эх орны ирээдүйн залуусын мэдэж суралцахыг хязгаарлаж боомилж таарахгүй. НҮБ-ын хэрэглээний таван хэлний нэг орос хэл хэвээрээ биз дээ. Орос хэлээр дөрөөлж англи, франц, герман, испани хэл сурахад илүү хялбар. Иймд уламжлалт сургалт орос хэлийг ЕБС-ийн сургалтаас албан хүчээр шахаж таарахгүй. Орос хэлний сургалтын бүхэл бүтэн боловсон хүчин, сургалтын заах арга зүйн тогтолцоо бүрэлдэн тогтсон шүү. Монгол, орос, орос монгол хэлний харьцуулсан судалгааны ном, үгүүлэл арвин бий. Орос хэлээр унших ном сонин сэтгүүл хангалттай. Оюутан сурагчид дадлагаар яваад суралцахад ч нутаг залгаа, зардал бага орно.
Англи хэл сурахыг эсэргүүцэж байгаа юм биш. ЕБС-иудад англи хэл үзэж байгаа биз дээ. Түүнийг үндсэн гадаад хэл гэж дээш татан хуулиндаа зааж туйлшруулахын хэрэгцээ ердөө байхгүй. Үндсэн гадаад хэл мэл гэж дугаарлалгүй, заримыг гадуурхалгүй заадаг хэлээ хөтөлбөртөө оруулаад явбал яасан юм бэ. Хэт туйлширч ОРОС ХЭЛийг гадуурхахаа болиорой.
Самбуугийн Товуудорж