Уул уурхайн салбарын ажлын байр хоёр дахин нэмэгдэнэ
22 жилийн өмнө батлагдаж 12 жилийн өмнөөс шинэчлэх асуудал яригдаж эхэлсэн ч өдийг хүртэл ахиц гараагүй хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн долоо хоногт батлагдсан юм. Тэр бол Хөдөлмөрийн тухай хууль. Шинэчлэн найруулсан хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Тэр болтол хуулийн сурталчилгааг сайтар хийх шаардлагатай байна гэж төслийн багийнхан онцолж байсан.
Учир нь шинэ хуулиар хөдөлмөрийн харилцаанд олон өөрчлөлт орж байгаа. Тэр дундаа хөдөлмөрийн харилцааны доод хэм хэмжээг тогтоож өгсөн, ажилтан, ажил олгогчийн харилцаанд дэвшил гаргасан хууль болсон гэж тодотгож байсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг “Энэ хуулийн онцлог нь олон талын яриа хэлэлцээ, зөвшилцөл явуулсны үр дүнд батлагддаг нийгмийн суурь харилцааг зохицуулсан. Тиймээс талууд урт хугацаанд хэлэлцэж, зөвшилцсөний үр дүнд батлагдаж байна. Хоёрдугаарт, ажилтан, ажил олгогчийн эрх ашгийг ч хамгаалдаг. Ийм хууль болж чадсан гэж харж байна. Хуулийн нэг онцлог нь хөдөлмөрийн харилцааны доод хэм хэмжээг тогтоож өгсөн. Доод хэм хэмжээнээс дээгүүр тогтоох ажлыг ажилтан, ажил олгогч харилцан ярилцаж, зөвшилцөх зарчмыг хуулиар тодорхойлж өгсөн” гэж ярьсан юм.
Тухайлбал, шинэчилсэн найруулгад өмнөх хуульд тусгагдаагүй байсан зайнаас ажиллах, туслах малчин, ажлын цаг, уурхайчдын жасаа зэрэг хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон харилцаануудыг нарийн зохицуулж өгснөөрөө онцлог болжээ.
Жишээлбэл, жасаа буюу уурхайчдын олон хоногоор байрлан ажиллах ээлжийн зохицуулалтыг шинээр батлагдсан хуульд анх удаагаа хатуу тогтоон өгч 14 хоног ажиллаж, 14 хоног амрахаар тусгасан байна. Өнөөдрийн байдлаар Монголын уул уурхайн компаниудын ээлж солилцох нийтлэг хугацаа нь 28-14, 20-10, 14-7 гэх мэт янз бүр байгаа. Тэгвэл үүнийг 14-14 болгон хатуу тогтоосон гэсэн үг. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр ихэнх уурхайд ахин нэг ээлж нэмэх шаардлагатай болж 50 мянга гаруй ажлын байр уул уурхайн салбарт шинээр бий болно гэсэн тооцоог гаргажээ. Одоогоор тус салбарт нийт 57 мянга орчим ажилтан ажиллаж байгаа юм.
Шинэчлэн найруулсан хууль нь 13 бүлэг 166 зүйл заалттай бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин