Магтаал халимыг ч бүжиглүүлж чаддаг. Хүүхдээ Магтах уу? Урамшуулах уу?
Хүүхдийг урамшуулах нь магтахаас илүү чухал юм. Таны хүүхэд ямар нэгэн зүйлийг хийж гүйцэтгэснийг үнэлэхдээ “сайн байна, мундаг, онц” гэж хэлэх нь магтаал бол таны хүүхэд тухайн зүйлийг сайн, муу хийснээс үл хамааран сайн байсан, яг тэр хэсэг нь болж байна, ахиад жаахан засах гээд оролдвол сайн болох гэж байна гэж дэмжих нь урамшуулал юм.
Хүүхэд бүх зүйлийг хийж чаддаг байх албагүй, математиктаа байнга онц авах ч шаардлагагүй. Харин нэг, хоёр удаа алдаа гаргасан ч дахин оролдож үзэх итгэл найдварыг төрүүлэх нь урамшууллын хүч юм. Сүүлийн үеийн эцэг эхчүүд хүүхдээ хэт төгс байхыг шаарддаг болсноос, хүүхдийнхээ хүсээгүй зүйлсийг тулгадаг болсноос шалтгаалаад сэтгэл зүйн хувьд хямралтай, өчүүхэн жижиг зүйлд ч гутардаг, амь насаа егүүтгэх явдал газар авч байна. Иймд үр хүүхдийнхээ сул талыг харж зэмлэх бус давуу талыг үргэлж өөрт нь хэлж, урамшуулах хэрэгтэй. Түүний хүсэл, сонирхлыг сонсох хэрэгтэй. Сэтгэл судлаачид хүн өөрөө дурлан хийж байгаа ажил болон бусад хүн хийлгэхийг хүссэн учраас хийж байгаа ажил эсвэл ямар нэгэн ашиг олохын тулд хийж байгаа ажлын үр дүн тэнгэр газар шиг ялгаатай гэж үздэг. Тиймээс хүүхдийнхээ мэдэхгүй чадахгүй, алдаа гаргасан үед нь загнаж зандрах биш зааж сургах, чиглүүлэх хэрэгтэй шүү.
“Манай хүү нэг удаа хувцасаа маш муухай хааш яаш эвхсэн байлаа. Түүнийг нь харсан би шууд л загнасан. Гэтэл тэр өөдөөс та нэг ч удаа надад хувцас эвхэхийг зааж өгөөгүй шүү дээ” гэж хэлж билээ. Бид тэдэнд заагаагүй зүйлдээ дүн тавьж, тэднийг буруу үнэлдэг юм билээ. Бид хүүхэд байж үзсэн. Тэд харин том хүн байж үзээгүй. Бид түүнд үлгэрлэж, зааж чиглүүлэх ёстой. Тэднийг урамшуулж, дэмжих хэрэгтэй.
Аугаа эрдэмтэн Эйнштейн дунд сургууль хүртлээ муу сурдаг байсан. Ганцхан түүний ээж түүнд итгэж, зааж чиглүүлж, урамшуулснаар, сэтгэлээр унах үед нь “Чи бусдаас жаахан өөр, чамд гайхалтай авьяас чадвар бий” гэх үгээр урамшуулдаг байсан ба хүүгийнх нь математик чадвар гайхалтай сайжирч 20-р зууны шилдэг физикч болж чадсан. Тиймээс бидний бяцхан үрсэд урамшуулал, донж нь таарсан магтаал, дэмжлэг хэрэгтэй байдаг. Хичээнгүй бага багаар хийгээд л байвал нэг л өдөр хүссэн зүйлдээ хүрч чадна гэсэн итгэл найдварыг төрүүлж, хичээл зүтгэлийг нь урамшуулаарай.
МУНДАГ гэх үгийг бага тунгаар хэрэглэхийг зөвлөе. Учир нь Америкийн сэтгэл зүйч Альфа Кон “мундаг” гэж хүүхдийг магтсанаар хүүхэд магтаалд дасал болох, хүүхдийг хийж буй үйлдэлдээ сонирхолгүй болох, хүүхэд өөрийн амжилтаар бахархахаа болих, хүүхдийн сэдэл буурах муу үр дагавартай гэж тодорхойлсон байна. Монгол хэлний тайлбар тольд мундаг гэдэг нь мунхаг, мунаг гэх муу төрлийн үгстэй язгуур нэг байдаг шүү.
Тэгвэл бяцхан жаалуудыг хэрхэн зөв магтаж, урамшуулах вэ?
- Заримдаа зүгээр л хамт хажууд нь байх хэрэгтэй
- Юу харж байгаагаа хэлэх хэрэгтэй. Жишээлбэл “ямар олон гоё баатрууд зураа вэ?” гэх мэт
- Өөрийн сэтгэгдлээрээ магтаалаа илэрхийлэх хэрэгтэй. Жишээлбэл “чиний зурсан зураг ээжид нь маш их таалагдаж байна”, “өнөөдөр миний хүү маш цэвэрхэн бичих гэж оролдсон нь харагдаж байна” гэж хэлэх нь мундаг гэж хэлэхээс хавьгүй илүү сонсогдоно.
- Үр дүнг биш, чармайлтыг магтах хэрэгтэй. Жишээлбэл “найзтайгаа чихрээ хуваалцсан нь маш сайн байна. Чи өглөгч байлаа шүү” гэх мэт
Гагцхүү эцэг эх та өөрийн үр хүүхдээ хэт буруу магтахаас сэргийлээрэй. Байнгын оновчгүй магтаал тус биш ус болохыг санаарай. Та чадна. Бяцхан үрсийнхээ гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа хичээцгээе.
Цэлмэг технологийн бүрэн дунд сургууль