Шинэ үе, залуу үе хоёрын ялгаа юу вэ?
Хүмүүс шинэ үе, залуу үе хоёрыг ялгахгүй нь их. Шинэ үе гэж шинэ сэтгэлгээтэй үеийг хэлдэг. Харин залуу үе бол бие залуу ч хуучин сэтгэлгээтэй байж болно. Мөн хүний сэтгэлгээ гоё диплом, англи хэлний мэдлэг зэргээр бус, харин өөрийн харах өнцөг, түвшин, хүрээгээр тодорхойлогдоно.
Залуу хүнийг дэвшүүл, залуусаа гаргаж ир гэдгийг механикаар ойлговол хортой. Залуу хүн хуучин сэтгэлгээтэй байх нь элбэг. Бие залуу ч хуучин сэтгэлгээтэй бол хууччуудаасаа ч дор байж магадгүй. Тэгвэл хуучин дүрэм, гажуудлын насыг бүр л уртасгана. Шинэ сэтгэлгээ л шинийг авчирдаг.
Ер нь сэтгэлгээнд нас бараг хамаагүй. Цаг үеээсээ олон жилээр түрүүлсэн сэтгэгчид настай хүмүүс байх нь харин ч элбэг. Нийгмийн тогтсон хайрцагнаас гарч сэтгэх чадвар бол хүний онцлог болохоос насны онцлог биш.
Залууст хүсэл тэмүүлэл, эрч хүч гэж гарцаагүй нэг давуу тал бий. Түүнийг сэтгэлгээ, туршлага хоёртой хослуулбал хүчтэй. Аль аль нь дангаараа хангалттай биш учир ухаантай улс үндэстнүүд тэдгээрийг үргэлж зөв хослуулж явдаг. Түүнээс, манайх шиг бие биенийх нь эсрэг сурталчилж биш.
Дангаасүрэнгийн Энхбат