ШИНЭ нам: АН-ыг хагалж, буталсан хүмүүс нь Л.Болд, Ж.Батзандан биш С.Эрдэнэ...
Шинэ нам мэдэгдэл гаргажээ. Тэд уг мэдэгдэлдээ: "Сүүлийн үед С.Эрдэнэ, О.Баасанхүү, М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Х.Тэмүүжин тэргүүтэй хүмүүс 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг ялагдуулсан шалтгааныг өөрсдөөсөө хайхын оронд зөвхөн ШИНЭ нам, Ж.Батзандан, Л.Болд нараас болсон мэтээр увайгүй мушгин дайрах боллоо.
Ардчилсан намыг хагалж, буталсан хүмүүс нь Л.Болд, Ж.Батзандан биш Ардчилсан намыг удирдаж ирсэн С.Эрдэнэ тэргүүтэй цөөн хэсэг нөхдийн буруутай үйл ажиллагаа болохыг цаг хугацаа улам бүр нотлон харуулсаар байна.
Хоёр жилийн өмнө С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан намын удирдлага нам дамжсан гэмт бүлэглэлийн эрх ашгийг хамгаалан, МАНАН бүлэглэлтэй тэмцсэн гэдгээр шалтаглан Л.Болд, Ж.Батзандан нарыг намаасаа, бүлгээсээ дүрмийн бусаар хөөсөн билээ.
Хэрэв ардчилсан нам үнэхээр намдаа шинэчлэл хийж чадсан бол..., намын эв нэгдэл, дотоод ардчиллыг үгүй хийгээгүй бол..., нам дотроо ганц хүний дарангуйллыг бий болгоогүй бол..., ардчиллыг дэмжиж ирсэн олон мянган хүнийг намаасаа түлхээгүй бол..., ард түмний төлөөлөл байх чадамжаа алдаагүй бол сонгуульд ялалт байгуулах байлаа.
Ардчилсан нам алдаагаа ухаараагүй, шинэчлэгдээгүй гэдгийг дөнгөж сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ ардчиллын 30 жилийн түүхэнд байгаагүй гутамшигтайгаар ялагдаж, нийт сонгогчдын дөнгөж 5% саналыг авч нотоллоо.
Иймд цаашид улс төрийн намуудыг өөрсдийн дотоод асуудлаа нам дотроо шийдэхийн оронд бурууг бусдад нялзаан бусад намын үйл ажиллагаа, гишүүд, дэмжигчдийн нэр хүндэд халдахгүй байхыг уриалж байна.
Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам бол хоёрхон хүний нам биш Монголд шударга нийгмийг бий болгохын төлөө нам үл харгалзан тэмцэхээр нэгдсэн олон мянган хүний нэгдэл юм. УИХ-ын сонгуульд “ШИНЭ ЭВСЭЛ” оролцсон үр дүнгээс хамаарч Ж.Батзандан, Л.Болд нар хариуцлагаа ухамсарлан эвслийн удирдлага, намын удирдлагаас чөлөөлөгдөхөө мэдэгдэж улс төрд шинэ жишиг тогтоосон болно.
Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам," гэжээ.