Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад яг таван сар болж байна. Түүнийг анх танхимаа байгуулж, тамгаа гардаж авч байх үед нь л "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар удахгүй огцорно" гэх яриа гарсан. Бүтэн сар өнгөрч байхад энэ яриа түүнийг сүүдэр мэт дагасаар л. Нэгдүгээрт, цар тахалтай үр дүнтэй тэмцэж чадалгүй алдаж, хоногт 2000 давуулсан учраас хариуцлага тооцох, хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй, гавьяатай оролцсон Н.Энхбаярынханд сайдын сэнтийгээр "бэлэг" барих гэдэг хоёр шалтгаан "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар удахгүй огцорно" гэдэг яриаг "өрдөж" ирлээ. "Дайран дээр давс" гэгчээр цар тахлын дундуур цахим наадам зохион байгуулахаар шийдвэрлэж, энэ шийдвэртээ хатуу зогссон нь ч "огцор" гэж орилогсдыг олшруулж байна.
"Алдаа гаргасандаа хариуцлага хүлээж огцорно" гэдэг бол мөн чанартаа хариуцлага үүрч байгаа хэлбэр огт биш юм л даа. Харин ч хариуцлагаас зугтах шалгарсан арга. Жишээ нь, цар тахал анх дэгдэх үед Шадар сайд байсан Ө.Энхтүвшин ОХУ-д суух элчин сайдын эрхийн бичиг өвөртөллөө, цар тахалтай тэмцэж чадаагүйдээ хариуцлага хүлээнэ гэж өөрөө өргөдлөө бичээд зогсож байсан Шадар сайд асан Я.Содбаатар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга боллоо, Эрүүл мэндийн сайд байхдаа цар тахалтай тэмцэх бэлэн байдлыг хангах байтугай ганц ширхэг амьсгалын аппарат ч бэлдээгүй атлаа "Цар тахалтай тэмцэх бүх бэлтгэл хангагдсан" хэмээн "шоудаж" явсан нь илчлэгдээд байгаа "хатан эрдэнэ" Д.Сарангэрэл МАН-ын нарийн бичгийн дарга боллоо, хуучин яамаа одоог хүртэл найзаараа дамжуулан "удирддаг" гэх яриа ч бий. Дөнгөж төрсөн эх, нярайг дүн өвлийн хүйтнээр тавчиг, халадтай эмнэлгээс гаргасан эмч, сувилагч нарын алдааг өөр дээрээ хүлээж огцорсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгч боллоо. Алдаа гаргасандаа хариуцлага хүлээж Ерөнхий сайдаас огцроод Ерөнхийлөгч болсныг хариуцлага үүрсэн гэхгүй биз дээ.
Манай төрд "бугшсан" хамгийн "гаж" тогтолцоонуудын нэг нь энэ. Төрийн өндөр албан тушаалтнууд нь алдаа гаргавал хурдхан шиг огцорч, олны хэл амнаас бултаад ондоо албан тушаалд томилогдохыг илүүд үзнэ. Шоронд орох дайны ноцтой алдаа гаргаж огцорчихоод хоёрхон сарын дараа өмнөхөөсөө илүү өндөр албан тушаалд оччихсон, огт хариуцлага хүлээсэн шинжгүй "оодорч" явах бол байдаг л үзэгдэл болчихсон. Ард түмэн энэ гаж буруу тогтолцоог мэдсээр байж л "Огцор" гэж орилох. Албан тушаалтнууд нь ч ард түмнийг "Огцор" гэж орилохыг хүлээдэг юм шиг. Том албан тушаалд очиж, том тендер будлиулж, түрийвчээ овоо түнтийлгэж, санасандаа хүрсэн нөхдөд огцрох бол "бэлэг" л гэсэн үг.
Ийм учраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас "Хариуцлага хүлээж огцор" гэж шаардах арай л эрт байгаа юм. Нөгөөтээгүүр, Н.Энхбаярынхныг шагнахын тулд Засгийн газраараа оролдох нь бүр ч утгагүй асуудал. Харин ч түүний Засгийн газрын сайд нар юу чадахыг, алдаагаа яаж залруулахыг, цар тахалд үндэстнээрээ нэрвэгдсэн хүнд цаг үеийг хэрхэн даван туулахыг харах ёстой. Хариуцлага хүлээлгэмээр байгаа бол албан тушаалаас нь огцруулж биш албан тушаалд нь хэвээр үлдээж, "Алдаагаа өөрөө зас" гэж шаардах ёстой. Яах вэ, танхимаа илүү чадваржуулж, ганц, хоёрын зэрэг сайдыг илүү сайнаар солих бол байж болох асуудал. Хол замд холгодог гутал "лай" л болно. Тиймээс түргэхэн шиг хөлд эвтэйхнээр сольж өмсөөд цааш явах нь харин ч зөв байж болох. Өөрөөр бол, өнгөрсөн таван сарын хугацаанд Засгийн газрын "чих"-нээс үргэлж хонх уясан, хариуцлага алдсан, салбар удирдах чадамжгүй сайдыг чадварлаг, чамбай, нэр цэвэр салбарын хүмүүсээр нь солиод цааш явах нь Засгийн газрыг илүү урт настай болгож болох юм.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ эхэндээ Х.Хүрэлсүхийн "утсан хүүхэлдэй" гэгдэж байсан бол одоо тэр эрх баригч намын дарга. У.Хүрэлсүх түүнийг араас нь үргэлжлүүлэн удирдсаар байхыг үгүйсгэх аргагүй л дээ. Гэхдээ л тэр одоо эрх баригч намын дарга. Юу гэх гээд байна гэхлээр, хэрвээ Л.Оюун-Эрдэнэд удирдагч байх чадвар, оюуны чадамж байгаа бол түүнийг нь одоо л харах цаг. Хэн нэгний хараат бусаар гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд, эрх баригч намын даргын хувьд толгой мэдэн, бие даан шийдвэр гаргах чадамжтай эсэхийг нь харъя гэсэн үг шүү дээ. Хэрвээ тэр ном бичдэг шигээ шийдвэр гаргаж чаддаг бол түүний Засгийн газар урт хугацаанд засаглах боломж байж болох л юм. Харин тийм чадамжгүй нэгэн бол ард түмэн огцор гэж шаардсан шаардаагүй өөрөө "унах" болно.