ӨСВӨР НАСНЫ ОХИД, ХӨВГҮҮДТЭЙ БОЛ:
1. Тэдэнтэй ганцаарчлан ярилцах боломж гаргаж байгаарай. Тэгэхдээ тэдний сэтгэл санаа, үзэл бодолд хүндэтгэлтэй хандана. Тэр таны бодлыг биш та түүний бодлыг сонсох нь чухал гэсэн гол зорилгоо ердөө мартаж болохгүй тул санал нийлэхгүй зүйл байсан ч бага ярьж их сонс.
2. Охид хөвгүүд энэ насанд гэр бүлээс илүүтэй найз нөхдийн холбоог эрхэм үзнэ. Найзуудтай нь дотно харилцдаг байх нь охин, хүүтэйгээ ойлголцдог байхад тань дөхөм тул гэртээ урих, холбоотой байх г.м үед нь цааргалахгүй дэмжиж байх нь зүйтэй. Мөн найз нөхдийг сайн таньж мэддэг байхаас гадна тэдний утасны дугаар болон гэр бүлийнх нь талаар мэдээлэлтэй байгаарай.
3. Мөн энэ насандаа бидний "ингээрэй, тэгээрэй" гэсэн зүйлсийг "- заа" гэсэн хэрнээ хийгээгүй байдаг нь 1-рт сэтгэл хөдлөл байнгын тогтворгүй байх, 2-рт энэ насанд тархины ирээдүйн төлөвлөлт хийдэг хэсэг бүрэн гүйцэд хөгжөөгүй байгаатай холбоотой тул та охиноороо тогтмол сануулах хуудас наах эсвэл сэрүүлэг тавих, тэмдэглэлийн дэвтэр хөтлүүлж хэвшээрэй. Тэд сургамжлуулах, захируулахаас илүүтэй зөвлөлдсөн, ярилцсан харилцааг хүндэтгэдэг.
4. Охин, хүүгээ хэн нэгтэй адил байхыг, хэн нэгнээс өөр байхыг алийг нь ч бүү шаардаарай. "Би чам шиг байхдаа..", "Чиний энэ насан дээр.." гэх зэргээр өөртэйгөө, хэн нэгтэй жишсэн байдлаар их мэдэгчийн дүрд орж бүүр болохгүй шүү. Өөрөөр нь, байгаагаар нь хүлээн авч түүний дотоодод буй тэр ертөнцийг нээгээрэй.
5. Тэдний үнэт зүйлийг хүндэл. Үзэл бодлоо тулгалгүй өөрийнх нь сонирхолыг сонс, дэмж. Юуг хүсэж юунд сонирхолтой байгааг нь ОЙЛГОХ хэрэгтэй. Сонсдог хөгжим, өмсөх хувцас, үерхдэг найзыг нь үгүйсгэх нь тохиромжгүй.
6. Өсвөр насны охид хөвгүүд ялгаагүй аливаа эрсдэл бүхий зан үйл рүү амархан татагдаж орох магадлал маш өндөр. Үүнд найзуудаасаа ялгарахыг хүсэхгүй байх, сонихолтой зүйл туршиж үзэх хүсэл, ятгалгад автах гээд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Хамгийн чухал нь тэдэнд хатуу хандахгүй, дургүй хүсэхгүй байгаа зүйлдээ ҮГҮЙ гэж хэлэх эрх чөлөөг гэрийн нөхцөлд нь бий болго.
7. Өсвөр насны хүүхдийнхээ итгэлийг дааж сурах маш чухал. Танд л гэж ярьсан зүйлийг нь найздаа, багшид нь гэх зэрэг хэн нэгэнд дамжуулсныг мэдэх бүр танд нээлттэй байх нь багасна. Хүүхдийнхээ өмнө буруу зүйл хийсэн бол уучлал хүсэх зоригтой байгаарай. "Чи л тэгээгүй байсан бол.." гэх зэрэг шалтаг хэлж өөрийн буруугаа зөвтгөх бүр тэр танд итгэх нь багасах талтай.
Зааварлагч биш дэмжигч, шүүмжлэгч биш ойлгодог сонсогч нь байхыг хичээгээрэй.
Г.Төмөрзаяа
"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төв