Малчдын малыг өндөр үнэ хэлж, бэлчээрээс нь “шүүрч” байна
“Махны үнэ сайн байна. Удахгүй үнэ буулаа гэнэ. Хэдэн мал хурдхан шиг борлуулъя. Намар дахиад үнэ өсөө ч үгүй үү. Хэзээ бид малынхаа бэлчээрт шахуу хонины махыг нэг килограммыг нь 8-10 мянган төгрөгөөр борлуулж байлаа” гэсээр энэ хаваржин л малчид малаа зөөж, борлуулжээ. Хятадууд малчдын малыг бэлчээрээс нь шахуу “шүүрч” өндөр үнэ хэлж, 21 аймагт өөрийн гар, хөлөө суурьшуулсан гэх. Тухайлбал, зүүн гурван аймагт 10 гаруй газарт мал мах авч байна.
Бид зүүн аймгийн малчид болон ченжүүдтэй холбогдож махны үнэ ханш асуулаа.
Хэнтий аймагт үхрийн мах килограмм нь 9000, хонь 8500 төгрөгийн үнэтэй байна
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчны хэлж буйгаар “Манай суманд мал мах авдаг хоёр ченж бий. Тэд чухам махаа хятад руу гаргадаг эсэхийг мэдэхгүй. Бодоход цаанаасаа санхүүжүүлэгчтэй л байлгүй. Ойрын хэдэн долоо хоногт махны үнэ сайн байлаа. Малчид малаа ачаад ирж байна. Өглөө эрт ирээд бойнд оруулдаг. Тухайлбал, тав хоногийн өмнө үхрийн мах нэг килограммыг нь 8-10 мянган төгрөгөөр авч байсан. Харин хонины мах нэг килограмм нь 8000-10000, ямаа нэг килограмм нь 7500-8500 төгрөгөөр авч байсан. Одоо чухам үнэ хэд болсныг мэдэхгүй. Хүмүүсийн яриагаар үнэ бууж байгаа сурагтай байна лээ. Сумандаа мал махаа өндөр үнээр өгч байгаа учраас бидэнд Улаанбаатар хот явах шаардлага алга” гэв.
Харин бид Өмөндэлгэр суманд мал мах авдаг ченж Н-тэй холбогдоход “Хонины мах килограмм нь 7000-8500, үхэр 9000, ямаа 7000 төгрөгөөр авч байна. Харин тарган адууны мах килограмм нь 8000, туранхай бол 6500 төгрөгөөр авна. Гурав хоногийн өмнө хонь, үхрийн мах килограмм нь 10 мянган төгрөгөөр авч байсан” гэлээ.
Хэнтий аймагт Өмөндэлгэр сумаас гадна Хурх тосгонд мал мах авдаг газар бий болжээ. Мөн аймгийн төвд мал мах авах 2-3 газар тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Сүхбаатар аймагт хонины мах килограмм нь 9000, үхэр 10000 мянган төгрөгийн үнэтэй
Сүхбаатар аймгийн төв болон Мөнххаан суманд мал мах авдаг таван газар байдаг аж. Малчдын хэлж буйгаар махны үнэ сайн байгаа гэнэ. Бид Мөнххаан сумын ченжтэй холбогдож, үнэ ханшийн талаар тодрууллаа. Тэрбээр биднийг хоёр хоногийн өмнө залгахад “Мах авах үнэ байхгүй байна. Өнөөдрийн байдлаар үнэ байхгүй учраас мах авахгүй байгаа. Хоёр хоногийн дараа залгаарай” гэж байсан юм. Харин биднийг өнөөдөр залгахад “Хонины мах килограмм нь 9000 төгрөгөөр авч байна. Тарган, сайн хонь байх хэрэгтэй шүү. Үхрийн мах килограмм нь 10000 төгрөгийн үнэтэй байна. Харин ямааны мах 7500, адууны мах 8000 мянган төгрөгөөр авч байна” гэлээ.
Аймгийн төвд ч ялгаагүй ийм үнээр мах авч байгаа аж. Малчид малынхаа бэлчээрээс холгүйхэн махаа өндөр үнээр өгч байгаа нь сайн хэрэг гэж байлаа. Дорнод аймагт болон Халх голын суманд мах адваг аж. Харин өчигдрийн байдлаар үнэ байхгүй гэх шалтгаанаар мах авахгүй байлаа.
Хүчит шонхор захад үхрийн мах килограмм нь 11-16 мянган төгрөгөөр зарагдаж байна
“Хүчит шонхор” худалдааны төвийн лангууны худалдагчийн хэлж буйгаар “Аймгуудад, Улаанбаатар хотын хоёр талд хятадууд мах авч байгаа. Тийм учраас махны нийлүүлэлт бага, үнэ өндөр байгаа юм. Долдугаар сар гарч байхад нийлүүлэлт маш бага байна. Уг нь өдийд малын тарга тэвээр сайн, нийлүүлэлт сайн байдаг цаг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт мах олдохгүй байлаа. Харин ойрын ганц, хоёр хоногт нийлүүлэлт нэмэгдэж байна. Нийлүүлэлт нэмэгдэнэ гэдэг нь махны үнэ буурна гэсэн үг. Наадам болоход одоогийн үнэнээс 2000-3000 төгрөгөөр буурах байх” гэлээ.
Тус захад өчигдрийн байдлаар:
- Үхрийн мах килограмм нь 11000-13500 төгрөг, цул нь 14500-16000 төгрөг,
- Ямааны мах килограмм нь 10000 төгрөг, цул нь 11 -12 мянган төгрөг,
- Хонины мах килограмм нь 11000 төгрөг, цул мах 12 мянган төгрөг,
- Адууны мах ястай нь 9-10 мянган төгрөг, цул нь 11 мянган төгрөгөөр зарагдаж байлаа.
Харин худалдагч нарын хэлж буйгаар “Махны үнэ бууж байгаа. Харин худалдан авалт маш муу байна. Хүмүүс ихээр нь мах авч чадахаа больсон. Нэг хүн хамгийн ихдээ гэхэд л таван килограмм мах авч байна” гэлээ.
“Эмээлт” захад мах авах газар алга
Баруун аймгийн малчдын мал махыг авдаг гол төвлөрсөн цэг нь “Эмээлт” зах. Бид тус захаас махны үнэ хэд байгаа талаар лавлах гэтэл мал мах авч байаа ченж ховор байлаа. Эх сурвалжийн хэлж буйгаар “БНХАУ руу тээвэрлэсэн махнаас нь коронавирус илэрч, мах их хэмжээгээр авахгүй байгаа гэсэн. Зарим компани ажилтнуудаа тодорхойгүй хугацаагаар амраасан. Харин дотоодод нийлүүлдэг компани ажиллаж байгаа” гэлээ.
Бид хэд хэдэн газраас махны үнэ асуухад “Одоогийн байдлаар мах авахгүй байна. Ханшгүй болчихсон байгаа” гэв. Мөн зарим нь “Хангалттай нөөцтэй учраас өнөөдөртөө мах авахгүй” гэж байлаа.