УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр авто спортын тэмцээнд оролцохоор ОХУ-ыг зорьжээ
ОХУ-ын Эрхүү хотод зохиогдох Олон улсын хэт бартаат замын авто спортын тэмцээнд Монголын Бартаат замын авто спортын холбооны зургаан багийн 30 гаруй тамирчин оролцохоор эх орноосоо хөдөлжээ. Тус тэмцээн нь 16 даваатай ба шавар, ус, уулын оргил гэх мэт байгалийн бүхий л бартааг туулдагаараа онцлог аж. Мөн байгаль орчныг сэвтээхгүйн тулд шинэ зам хийхгүй, өвөлдөө ашиглагддаг, уулын замаар уралддаг байна.
Олон улсын бартаат замын авто спортын тэмцээнд оролцох Монгол Улсын зургаан багийн нэгийг нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр ахлан оролцож байгаа аж. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд хорих ангиас суллагдсан даруйдаа тэмцээний бэлтгэлдээ орсон байна.
Тэрбээр Монголын Бартаат замын авто спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн юм.