Үзэл сурталдаа мансуурсан МАН үгээгүй ядуучуудыг улам олшруулж байна
МАН бол коммунист угшилтай улс төрийн хүчин билзэ. Тиймээс ардчилал, хүний эрхийг дээдэлнэ гэж уран донгодовч ленинист үзэл суртлаасаа салаагүй, өнөөдөртэй золголоо. Түүний үзэл суртлын шавхруу сүүлийн жилүүдэд шавар шавхай болтлоо сэргэж буйг хэн ч анзаарна. Тухайлбал, намынхаа 100 жилийн ойг тэмдэглэж, гишүүд, дэмжигчдээ мянга мянгаар цуглуулж, хурал зохион байгуулж, жагсаал урамшууллын хур буулгаж, аадрын мөндөр мэт алга ташилтаар нийгмийг балмагдуулан цочоож, Ковид-19-ийг урин залж, улам гааруулж байна. МАН-ынханд ард иргэдийн ажилгүйдэл, ядуурал, өвчин зовлон бэрхшээл гачигдал падлийгүй болсон мэт үзэл суртлын сүржин давалгаагаа цалгиулсаар, үерлүүлсээр нийгмийг бүхэлд нь үзэл сурталжсан харгис бүлэглэлийн эрэг шураг болгосоор ирлээ.
Намынхаа 100 жилийн ойг Ардын хувьсгалын 100 жилийн ой нэрийн дор үргэлжлүүлж, “Улсын наадам, Ардын хувьсгалын ой хоёр чинь өөр зүйл юм шүү дээ” хэмээн үзэл суртлын ухуулгаа тоть мэт давтсаар байна. “Их тоонд бага тоо багтдаг, ижил тоо ихэрлэдэг” гэж үгтэй сэн. Урьд нь Улсын баяр наадам, Ардын хувьсгалын түүхт ойг хамтатган тэмдэглэдэг байсан. Зуун жилээр зураг төөргөө түүхэнд мөнхжүүлэх гэж эдүгээгийн эрх баригчид сэрүүндээ зүүдэлж, нойрондоо хар дарж буйгаас зайлахгүй. Ковидыг сааруулах, эдийн засаг аж ахуйн нэгжээ дэмжих нь хамгийн чухал байсаар байхад МАН-ынхан зуун жилийн ой тэмдэглэх солиорлоо дэвэргэж, нийгмийн шүүмжлэлийг хэрэгсэхгүй байна. “Цахимаар наадамдана” гэж зарлалаа.
Улсын төсвөөс гурван тэрбум гаруй төгрөг зарцуулах нь. Хүн ардын эрүүл мэндийг тэргүүн зэрэгт тавиач дээ. Наадамддаг мөнгөөрөө амьсгалын болон уушги орлуулах алпарат авч, эмнэлгүүдийг хамгаалбал буян болмоор сон.
Ардын хувьсгалын 100 жилийн ойд 10 тэрбум төгрөгөө зарцуулах нь өөрчлөгдөхгүй бололтой. Улсын төсвийн тодотгол хийж Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээний шалдар булдар төсвийн үртэс төдийхнийг Ковидыг бууруулахад хуваарилах болуужин гэж Сангийн сайд мэдэгдсэнийг доромжлол, басамжлал гэхэд даваадахгүй. Эрх баригчдын гажиг арга үйл ажиллагааны уршгаар Ковидын халдвар 100 гаруй хүнийг хамарч, хагас мянга гаруй хүний эрдэнэт амийг егүүтгэж, цаашид хочоогийн тоогоор, хэмжихүй ухааны дэвшлээр өсөх магадлалтай. Статистик мэдээгээр Монголын хүн амын 35 хувь ядуурлын хайчинд өртөж, ажилгүйдэл 40 хувьд дөхсөн байгаа. Гэр хороолол дундад зууны өнгө төрхөөсөө салаагүй, аж амьдралын доод түвшинд бор хоног, шар өдрийг өнгөрөөж, амь улжаж явна. Ипотек, НОСК гэхчлэн амаа аргатал яривч, иргэдийн орон сууцны асуудал шийдлээ хүлээж байгаа. Орон сууц хүссэн иргэдийн хүсэлт, ахмадын орон сууцны хөтөлбөр цаасан дээрээс амьдралд хэрэгжсэнгүй.
Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эрх баригчид цагдаагийн бороохойн хүчээр нам дарж байлаа. Үндэсний эмгэнэл илэрхийлэх гэсэн иргэдийн төлөөллийг Сүхбаатарын талбайгаас ташуурдан (бороохойдон) хөөгөөд зогссонгүй, С.Зоригийн хөшөөний бяцхан чөлөөнд хөл тавиулсангүй. Энэ бол дарангуйлал бус уу. У.Хүрэлсүхийн шударга ёсны сэлэм, Т.Занданшатарын хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үйл хэрэг, П.Оюун-Эрдэнийн Ковидгүй зун, маскгүй наадам "Далан худалчийн үлгэр” болоод өнгөрч байх шив.
Товчхон хэлэхэд, үзэл сурталжсан, коммунист намын сүнс сүүдэгнэсэн МАН улс орноо удирдаж чадахгүй Чингисийн монголыг XXI зуунд үгээгүй ядуучуудын орон болгож, соёлт ертөнцөд шившиглэж байна. Ичмээр юм даа, Яана ч гэх вэ дээ. МАН-д баясгалан, ард олонд нажид болсон Ковид-19-ийг шүлэглэж өгүүлбэл ийм байна. Болгооно уу.
Ковид-19
Аюулын харанга-Цар тахал
Ам, хамрыг минь гивлүүрдэж байна
Ардын нам-зор эзэрхийлэл
Ардчилал эрх чөлөөг боомжилж байна
Титэм нянгийн хориг
Амны хаалт хэврэг
Тэмцэл, дэвшлийн сөрөг
Авлигач засаг эмзэг Ковид-19
Хорвоод албин икс
СХД-ийн 29-р хорооны иргэн, Ардчилсан хувьсгалын партизан, эрх баригчдын буруу үйлдлийн уршгаар хохирогч Жамсрангийн Дарьханд