Д.Монголхүү: Бид хамгийн сүүлийн ардчилсан сонгуулиа сая Ерөнхийлөгчийн сонгуулиар хийлээ...
АН-ын гишүүн Д.Монголхүүтэй ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр таныг цагдаа нар албадан саатуулж буй бичлэг, зураг сошиал орчинд цацагдсан. Тэр өдөр яг юу болсон юм бэ?
Би тэр өдөр парад болон наадам тэмдэглэх гэж байгааг эсэргүүцэх гэж очсон.
Гэтэл цагдаа нар бидний эсэргүүцэл илэрхийлэх боломжийг хааж, хязгаарлаад эхэлсэн юм. Тодруулбал С.Зоригийн хөшөөний бургастай тойрог дотор биднийг хашчихаад гаргахгүй байсан юм.
Тэр тойрог дотроос лоозонгоо дээш нь өргөөд харуулья гэхээр боломж хязгаарлагдмал, удаан өргөхөөр гар чилнэ.
Гэтэл аль болох тэрүүгээр явж байгаа олон хүнд л лоозонгоо харуулчихмаар байдаг. Ингээд би тэр тойргоос нь гараад, явган хүний зам дээр зогсоод лоозонгоо барих гэсэн чинь гаргахгүй, хориод байсан юм. Би тэр цагдаа нарт: “Монгол Улсын Үндсэн хууль болон, Жагсаал цуглаан хийх тухай хуулинд байршил зааж үзэл бодлоо илэрхийл гэсэн хуулийн заалт байхгүй. Та нар надад хууль бус шаардлага тавиад байна.” гэж хэлж, эсэргүүцсэний улмаас баривчлагдаж байгаа царай нь тэр. Чааваас даа...
Баривчилсны дараагаар эрүүдэх ч юм уу, дарамт үзүүлсэн үү?
Эрүүдээгүй ээ. Харин намайг хууль зөрчсөн гэж ойлгуулах гэдэг ч юм уу, дарамтлах гэсэн өнгө аяс байсан. “Яг ямар хуулийн заалтыг би зөрчсөн юм бэ?” гээд асуухаар нөгөө нөхдүүдэд хариулт байхгүй. Тэгээд нэг байцаалт авсан болоод л намайг сулласан. Манай өмгөөлөгч н.Пүрэвдулам бас тухайн эсэргүүцлийг дэмжиж очсон...
Тэр үед цагдаа нар өөрсдөө хууль зөрчиж баривчилгаа хийсэн гэдгийг нь хэлсэн чинь л яаж ч чадахгүй намайг суллачихсан.
Та АН-ын гишүүн юм билээ? Хэзээ АН-д элссэн юм бэ? Намдаа ямар нэгэн сонгуульт алба хашдаг уу?
Яг намын гишүүн болсон цаг хугацаа гэвэл 1999 он. Намайг 16 нас хүрэх үед ээж маань намд элсүүлчихсэн байсан. Гэхдээ би улс төрөөс нилээн холуур спортоор явж байгаад 2017 оноос улс төр рүү орох нэг том шалтгаан гарч ирсэн юм. Тэр шалтгааныг ярихаар хэтэрхий дэлгэрэнгүй юм болчих байх.Манай хоёр настай охиныг нохой зуугаад, улмаар би хууль шүүхийн байгууллагад хандсан юм. Гэтэл хуулийн байгууллагынхан миний охины эрхийг юу ч биш болгосон .Тэр үед би прокурорынх нь ширээг өшиглөөд гарахдаа: “Наад хуулийг чинь зохиодог хүн нь болж байгаад би та нар шиг хулгайчуудыг салбараас чинь цэвэрлэнэ” гээд тэр дороо шахуу МУИС-ийн Улс Төр Судлалын ангид элссэн. Улмаар улс төр, намын үйл ажиллагаанд орж эхэлсэн. Түүнээс өмнө намын гишүүн гэдэг бүртгэлтэй л байсан болохоос биш, огт улс төр сонирхдоггүй байсан.
АН О.Цогтгэрэлийн, М.Тулгатын гэж хоёр хэсэг болоод байгаа. Та аль хэсэгт нь байгаа вэ?
Би М.Тулгат юм уу? О.Цогтгэрэл гэдэг хүний аль нэг талд нь байдаггүй. Би Ардчилсан Нам гэдэг үнэт зүйл, зарчмын талд л байгаа. Тэгээд өнөөдрийн нөхцөл байдалд хуулийн этгээдийнхээ хүрээнд албан ёсны данс, тамга нь хэн дээр байгаа юм, би тэр талд байна гэсэн үг. Нэг ёсондоо чиний байрны ордер чинь хоёр ширхэг байхгүй шүү дээ. Нэг л байгаа. Тэр нь хэний нэр дээр байдаг юм? О.Цогтгэрэл тэргүүтний хувьд бол : “Би танай гэрт 5-10 жил амьдарсан, одоо энэ чинь минийх” гээд булаацалдаад байгаатай л адилхан асуудал.
Ер нь "Ковид-19"-тэй холбоотой нөхцөл байдал ихээхэн хүндэрч байна. Энэ бүхний гол буруутан нь хэн байв? алдаа нь яг хаанаа гарав гэж та дүгнэж байна?
Манайхан заавал нэг юмнаас буруутан хайх гээд байдаг юм. Хэрэв үнэхээр буруутан хайя гэвэл бид нарт хариуцлага ярих ёстой ганцхан субъект байгаа. Тэр нь манай Засгийн Газар. Яагаад Засгийн газар вэ? гэхээр Үндсэн Хуулинд: “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, Монгол Улсын төр иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй.” гэж байдаг. Үүрэгтэй гэхээр манай Засгийн Газар түүнийг биелүүлэх ёстой болж таарна биз? Тэгэхээр бид нар буруутан хайж хариуцлага тооцъё гэвэл Засгийн Газартайгаа л ярина.
МАН төр, засгийн бүхий л эрх мэдлийг авчихлаа. АН маань гэтэл хоёр хуваагдсан байдалтай. Нэг нам бүх эрх мэдлийг атгасан ирэх 3 жилийг ямар байна гэж төсөөлж байна?
Бид нар хамгийн сүүлийн ардчилсан сонгуулиа хийгээд дууслаа. Одоо 2024 оноос хойш өнгөрсөн 30 жилд явсан сонгууль шиг иргэд нь нөлөөлж болдог сонгуулийг бид дахиж үзэхгүй.Хэзээ үзэх нь цаг хугацааны асуудал гэж би харж байна. Дараа дараагийн сонгууль бол хэлбэр төдий л явна. Одооны Казакстан, ОХУ-ын Путин шиг зүгээр сонгууль нь явдаг. Гэхдээ сонгогчид нь нөлөөлж чаддаггүй, дүн нь тодорхой ийм сонгууль байна гэсэн үг.
Бид хамгийн сүүлийн ардчилсан сонгуулиа сая Ерөнхийлөгчийн сонгуулиар хийлээ. Үр дүн нь яг тэр дарангуйлалтай орны сонгууль шиг болчихсон. Сонгуулийн дүнг өмнө нь гаргаад бэлдчихсэн. Одоо та бид нэг хэсэгтээ л өөдөө нар харахгүй. Ардчилсан нам хоёр салсан гэж харагдаад байгаа боловч гишүүдийн хувьд салсан юм байхгүй.
Ер нь намд хоёр төрлийн хүмүүс л нэгддэг. Нэг нь үнэт зүйл, үзэл санаагаа хамгаалах гэж. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр би эрх чөлөөгөө хамгаалахын тулд ганцаараа орилоод байхаар миний хүч хүрэхгүй. Тэгэхээр надтай адилхан өөрийнхөө эрх чөлөөг хамгаалах гэж байгаа хүмүүс нийлээд, түүнийгээ хамгаалаад, хүчээ нэгтгээд явдаг ийм нэг хэсэг байна. Нөгөө хэсэг нь улс төрийн намыг ажлын байр гэж хардаг хүмүүс байна. Ийм хүмүүсийн гол зорилго нь ажлын байраа л хамгаалах асуудал байдаг. Тэгэхээр Ардчилсан нам хоёр хуваагдаад байгаа шалтгаан нь ийм контрасттай байгаа юм. Нэг хэсэг нь үзэл санаагаа, нөгөө хэсэг нь ажлын байраа хамгаалах гэж оролдож байна. Ажлын байраа хамгаалах гэж байгаа хүмүүст үзэл санаа чухал биш. Э.Бат-Үүл баатар зөв оноод хэлчихсэн шүү дээ. “Социалистууд нэг талдаа гарчихлаа. Энэ бол үзэл санааны зөрчил яваад байна” гэж зөв оношилсон.
Та сая “нар үзэхэд багагүй хугацаа орно” гэж хэллээ. Тэгвэл Монголчууд дараагийн ардчилсан сонгуулийг хийхийн тулд хэр хугацаа шаардлагатай вэ? Хэдэн жилийн дараа “нар үзсэн” сонгуулийг харах юм?
Бид нар эрх чөлөөгүй нийгэмд төрөөд, эрх чөлөөтэй нийгэм рүү шилжиж орсон хүмүүс. Тэгэхээр манай үеийнхний сэтгэлгээнд өөрийн гэсэн нэг онцлог бий. 1990 оноос хойш төрсөн хүүхдүүд төрөхдөө л эрх чөлөөтэй төрчихсөн. Тэгэхээр биднээс маш өөр сэтгэлгээтэй. 1990, 2000, 2010 онд төрсөн хүүхдүүд хөдөлмөрийн зах зээл дээр гол тоглогч болоод, нийгмийн гол цөм хүч болох үед л “өөдөө нар харах” байх гэж найдаж байна. Яагаад гэвэл тэд өөрсдийнхөө эрх чөлөөг ингэж боомилуулахгүй. Бидний үеийнхэн болохоор угаасаа эрх чөлөөгүй нийгэмд төрчихөөд, эрх чөлөөтэй болсон. Тэр бий болсон эрх чөлөөгөө яаж эдлэхийг ч мэдэхгүй, ухамсарлахгүй барьц алдсан зүйлүүд зөндөө бий.Эрх чөлөөгүй байгаад сурчихсан, эрх мэдэлтнүүд дарамтлахаар нь: “-Аа, тийм, тийм. Зөв. Монголчуудад чанга гар хэрэгтэй” гээд байдаг. 1990 оноос хойш төрсөн хүүхдүүд тэгэхгүй. “Юун чанга гар. Юу солиороод байгаа юм. Би өөрөө хоолоо олж идмээр байна шүү дээ.” л гэнэ. Ийм хүүхдүүд дарангуйллыг тэвчихгүй. Тэгэхээр хамгийн багадаа л 30 жил шаардлагатай. 1990 оны хүүхдүүд одоо хөдөлмөрийн зах зээл дээр орж ирж байна. 2000 онд төрсөн хүүхдүүд удахгүй орж ирнэ. Араас нь 2010 он гээд ийм гурван үеийнхэн нийгмийн гол хүч болоод ирэхээр л “Та нар бид нарыг дарамтлахгүй шүү” гэдгийг л ярьж эхлэх байх. Манай үеийнхэн бол чадахгүй ээ. Аймхай.
Эргээд гол үйл явдлынхаа тухай ярилцья. Иргэд наадмыг эсэргүүцсэн ч хийхээр болчихлоо шүү дээ?
Төр нь иргэнийхээ амиар төлбөр тооцоо хийдэг ганцхан л юм байдаг юм. Тэр нь газар нутгийн бүрэн бүтэн байдал. Гадныхан халдаад ирвэл цэргүүдээ явуулдаг. Бас иргэн хүн өөрийнхөө амиар төлбөр хийдэг ганцхан л юм байдаг. Тэр нь эрх чөлөө. Эрх чөлөө яг ус шиг. Байгаа үедээ үнэгүй. Байхгүй болохоороо ус шиг үнэтэй.Юугаар ч хамаагүй сольж байж түүнийг авдаг. Тэгэхээр хүний амиар сольж авдаг ийм хоёрхон л зүйл байхад манай төрийнхөн өнөөдөр иргэдийнхээ амиар бооцоо тавьж байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр хүндэтгэлийн парад хийхийн тулд тэр цэргүүдийг эрсдэлд оруулсан. Цэргүүдийн ард байгаа гэр бүлийнхнийг эрсдэлд оруулсан. Наадам хийнэ гэж байна. Бөхчүүд, харваачид, уяачид, морь унаж байгаа хүүхдүүдийг эрсдэлд оруулна. Иргэдийнхээ амиар бооцоо тавьж баярлах гээд байгаа байхгүй юу. Үүнийг л хэлэх гэж очсон. Тэгсэн чинь хууль хэрэгжүүлэх ёстой субъект маань намайг хууль бусаар баривчилсан. Уг нь Монголд хууль засаглах ёстой. Харин хуулийг ашиглаж, хэн нэгэн засаглах ёсгүй. Хуулийн засаглалтай орон, хуулиар засагладаг орон гэдэг чинь ялгаатай. Хууль нь бүгдийг засагладаг орон бол манай Улс.
Хуулийг ашиглаж бусдыг засагладаг орон гэдэг чинь дарангуйлалтай орон байхгүй юу. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал : “Монгол Улсыг нэг айл гэж үзвэл, У.Хүрэлсүх энэ айлын аав нь юм” гэж хэлж байсан. Би үүнийг үгүйсгэнэ. Монгол Улс үнэхээр нэг айл гэр юм бол У.Хүрэлсүх энэ айлын цэвэрлэгч, үйлчлэгч нь юм аа. Гэтэл өөрийгөө би энэ гэрийн аав гэдэг өнцгөөс харж байгаа бол биднийг загнаж, зандраад байх нь аргагүй шүү дээ.
Уг нь У.Хүрэлсүхийг цалинжуулаад байгаа хүмүүс чинь бид шүү дээ. Тэгээд яагаад манай гэрийн үйлчлэгч намайг загнаад, даргалаад байгаа юм. Тэр хүн чинь намайг сайхан амьдруулах ёстой биз дээ?
Бид эрх мэдэлтнүүдийг энэ ажлыг хий гэж эрхийг нь өгөөд явуулсан. Тэр эрхийг авснаар биднийг дарамтлах биш, сайхан амьдруулахын тулд бүрдүүлсэн баг .Засгийн газрын ХЭГ-ийн ажилчид, УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын Газар гэх мэт тухайн байгууллагын ажилчдынхаа л дарга болохоос биш иргэдийнхээ дарга бол биш шүү. Улс төрийн үйлчилгээний ажилчид чинь огт бид нарын дарга биш. Тэд бол бидний үйлчлэгч шүү. Н.Учрал гишүүний ярьдаг юм та нарт гоё сонсогдоод байвал үгүй шүү. Үзэл санааны хувьд асар зөрүүтэй зүйл. Тэгээд асуудлыг тэр өнцгөөр нь харж байгаарай гэж иргэддээ хэлмээр байна.
Та дахиад эсэргүүцлийн үйл ажиллагаа хийх үү?
Хийнэ. Тухайн үед би сэтгэлийнхээ дуудлагаар оччихсон. Сошиал дээр наадмыг эсэргүүцье гээд залуучууд давалгаалаад эхлэхээр нь л шууд очсон. Одоо бол зохион байгуулалттайгаар орно. Хүмүүсийн анхааралд орчихлоо. Дэмжих хүмүүс нэмэгдэж байна. Үүнийг сонсож байгаа хүн байвал бүгдээрээ нэгдээд зохион байгуулалтанд ороод хүчээ зузаатгаад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулцгаая. Цагдаа нар 100 хүнийг баривчилна. Магадгүй 300 хүнийг баривчилна.
1000 хүнийг баривчилж чадахгүй л байхгүй юу. Тэгэхээр бүгдээрээ олуулаа болоод талбай руу гарцгаая.
Баярлалаа. Эцэст нь энэ сэдвийн хүрээнд миний асуугаагүй, таны ярихыг хүссэн зүйл байгаа байх?
“No Naadam”. Цар тахлаар амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн гашуудаж байгаа, энэ аюул цаашаагаа нэмэгдэх гээд байна. Тахлын нэг аймар зүйл нь геометр прогрессоор өсөөд явчихдаг. Өнөөдөр 500 хүн амь насаа алдаад, хэдэн мянган хүн халдвар авчихсан байна гэдэг чинь дахиад үржээд л өсчихдөг. Ийм аюултай байхад энэ наадмыг болиулья л даа. Төр нь хүмүүс бөөгнөрүүлж болоод иргэд нь бөөгнөрүүлж болдоггүй ийм давхар стандартыг зогсооё. Нэг л хуулийнхаа дор нэг л эрхтэй байцгаая. Манай үеийнхэн дүү нар, үр хүүхдүүдээ хамгаалья. Дүү нараа, та нар өөрсдийнхөө ирээдүйг хамгаал.