Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Н.Анхбаяр нарын хүмүүс ЭЛЧИН САЙДАД яригдаж эхэлжээ
Одоо л жинхэнэ улс төр өрнөх бөгөөд ялзартлаа дарагдсан Элчин сайдуудын томилгоог МАН урагшлуулахаар санал нэгдсэн бололтой.
Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын "шахааны" хүмүүсийг элчингээр явуулахгүй дангаараа томилох гэсэндээ элчингүүдийн томилгоог бүтэн жил гаруй хав дарсан. 2017 онд батлагдсан Дипломат албаны тухай хуулийн дагуу 4 жил улсаа төлөөлсөн нийт 10 гаруй Элчин сайдуудын хугацаа аль хэдийнээ дуусгавар болоод буй.
Одоо нэгэнт бүх зүйл шийдэгдсэн учир Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "толгойлж" өөр хүн, өөр намын оролцоогүйгээр Ардын нам дангаараа Элчин сайдуудын томилгоог намынхаа боловсон хүчний хүрээнд хийнэ.
Одоо тохирсон нэрсийг Засгийн газар нь өргөн бариад, УИХ дээр дэмжээд, Ерөнхийлөгч нь ёсчлоод л дуусгана.
Тиймээс Ардын намынхан дунд ойрын өдрүүдэд элчин сайдуудын томилгооны сураг дуулдаж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн асан, сүүлд Шадар сайдаар ажилласан Ө.Энхтүвшинг Франц руу, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвыг ХБНГУ руу, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүү, одоо Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Н.Анхбаярыг Австрали руу явуулахаар тохирсон гэх мэдээлэл байна.
Түүнчлэн парламентад ДӨРВӨН удаа сонгогдсон төдийгүй УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрчдийн нэг болох Д.Оюунхоролын нэр мөн элчин сайдад яригдаж эхэлжээ.