Та бүхэнд Монгол Улсын 6 дахь ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэргий болох шинэхэн тэргүүн хатагтай Л.Болорцэцэгийн тухай таны тэр бүр сонсож байгаагүй баримтуудыг хүргэж байна.
Тэд гэр бүл болоод 30 жил болж буй бөгөөд хоёр охинтой. Л.Болорцэцэг нь Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй ажээ.
У.Хүрэлсүх эхнэртэйгээ танилцсан талаар өөрийн цахим хуудастаа “Тэр үед би цэргийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн нэг оюутныг дундаа суулгачхаад “Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” гэж байцааж байгаа нь сонсогдсон юм. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. “Утасны дугаарыг нь мэдэх үү" гэсэн нөгөө нөхөр 322234 гэж байна.
Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23.00 цагт өнөөх дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу намайг Хүрэлсүх гэдэг, өөртэй чинь танилцъя" гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад 5 сарын дараа нэгэн сайхан бороотой өдөр анх уулзсан юм. Болзоонд явахын өмнөх өдөр би түүнийг яаж баярлуулах вэ гэж өдөржин бодож догдолж билээ” хэмээсэн байдаг.
Тэд 1990 онд өрх тусгаалаж айлын хажуу өрөө хөлслөн сууж байжээ. Хүрэлсүх нэг телевиз, гурван тольтой мебель ширээ, харин Болорцэцэг гэрээсээ унтах ор, диваанаа аваад хоёр талаас нийлсэн аж.
Хүрэлсүх ангийнхаа хоёр найз болон Болорцэцэгийн ангийн хоёр залуутай хамтран “Андууд” нэртэй амьд хөгжмийн хамтлаг байгуулж байсан.